“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ
ГАО Э
Тавин дөрөвдүгээр бүлэг
ХӨГШИН ХАТАН ӨНГӨРСНИЙГ ЭВДЭН ЮУГААН ҮР АЧАА СУРГАЖ, ХӨНГӨН БЭР ЭРЭЭН МЯРААНЫГ ӨМСӨЖ ЁСЧЛОЛЫГ ГҮЙЦЭТГЭВ
Өгүүлэх нь: Жя Жэнь, Жя Лянь хоёр сэмхэн том сийрсэн саванд зоос бэлдүүлээд, Жя Мүгийн шагна гэснийг сонсуут бага зарцаар мөнөөх зоосыг асгуулсанд тайзаар л нэг зоосны дуун гарсанд буурай эмээ ихэд баярлав. Жя Жэнь, Жя Лянь хоёрыг бостол зарц нар нэг шинэ мөнгөн хувин авчирч гардуулав. Тэд дотогш оров. Жя Жэнь урьдаар Ли Шэний ширээнд очиж бөхийн хундагыг аваад эргэсэнд Жя Лянь архи хийж өгөв. Дараа нь Шюэ Имад очиж хундага өргөв. Цаадуул нь “Хоёр бага ноён сууж байхгүй, элдэв ёс гүйцэтгэж юу хийнэ дээ” гэв. Тэгтэл Ван, Шин хоёр Фүрэнээс бусад нь суудлаас босож гар тавин ёслов. Жя Жэнь нар Жя Мүгийн дэргэд очиж өвдөг нугалан сөгдөөд, ах нь урьд нь хундага, дүү нь ард нь хувин барив. Тэгтэл Жя Цун нэг үеийн ах дүү нар яаран ирж сөгдөцгөөв. Бао Юй бас ирж сөгдөв. Шян Юнь түүнийг зөөлхөн түлхэж “Чи бас хүн дууриаж сөгдөх нь юүчив дээ. Түүний оронд нэг дугараа архи барьсан дээр биш үү” гэв. Бао Юй инээгээд: “Мөд очиж барина аа” гэтэл нөгөө хоёр ах нь Шин, Ван хоёр Фүрэньд архи барив. Жя Жэнь инээж: “Яавал сайн бэ дүү охидоо” гэсэнд Жя Мү нар “Та нар явбал харин тэдэнд тустай биш үү” гэв. Жя Жэнь нар ч хурдхан шиг гарав.
Энэ үед “Зулын баярын найман журамтан”1 ший дуулж яг сайхан хөгжөөн дээрээ байв. Бао Юй босож явах гэтэл Жя Мү: “Хаачихна вэ. Гадаа пуужин пижигнээд байна шүү. Дээрээс чинь галтай цаас ойчвол шатаана гэж мэдээрэй” гэсэнд Бао Юй: “Хол явахгүй, дөнгөж гараад л ирнээ” гэв. Жя Мү эмгэдэд “Наадахыгаа дагаад гар” гэж тушаангаа “Ши Рэнь яагаад харагдахгүй байна вэ. тэр бас ихэрхээд жаахан охидыг л явуулдаг болоо юу” гэсэнд Ван Фүрэнь яаран босож инээн” Эх нь үгүй болоод удаагүй. Бодвол цагаатай болоод ирж амжаагүй байхаа” гэсэнд Жя Мү толгой дохин,
-Эднийг дагахад цагаа магаа хамаагүй шүү. Тэрбээр бас намайг дагаж байсан бол өдийд энд л байгаа шүү дээ. Энэ бол зуршил болсон зүйл юмаа гэсэнд Фөн Же тэндээс яаран хүрч ирээд:
-Энэ орой цагаагүй ээ. Тэр хүрээлэнд ч дэн зул, пуужин, хуарыг үзэж харж байхгүй бол болохгүй. Тун аюултай шүү. Энд ший дуулмагц хүрээлэнгийнхэн хүрээд ирнэ. Тийм болохоор тэрбээр эзгүй хүрээлэнг харж байгаа. Ший дуусаад Бао Юйг харьж унтахад юм бүхэн бэлэн байх ёстой. Хэрэв тэр Ши Рэнь энд ирээд бүгдээр санаа амар сууцгаах юм бол ядаж л Бао дүүгийн ор нь хүйтэн, цай ус ч үгүй, юм бүхэн бэлэн биш байвал ямар вэ. Тэгээд би, түүнийг тэнд бай гэсэн юмаа. Буурай эмээ та түүнийг энд авчир гэвэл би явж дуудъя гэж хэлэв. Жя Мү:
-Чи тун зүйтэй юм хэллээ. Сайхан тохируулжээ чи. Түүнийг дуудаж хэрэггүй. Гүй ээ байз, түүний эх нь хэзээ үгүй болов оо? Би яагаад мэдэхгүй байна вэ гэсэнд Фөн Же инээж:
-Урждар Ши Рэнь, биеэр ирж мэдүүлсэн байтал би хэлэхээ мартчихжээ гэсэнд, Жя Мү:
-Та нарыг хэлсэн ч, би мартчих болсон юмдаа гэсэнд бүгд хөхрөлдөв. Тэгээд: “Лао тайтай, ийм мэтийн юмыг мэдлээ ч мартахад яахав даа” гэв. Жя Мү санаа алдан:
-Тэрбээр багаасаа намайг асарч, түүний хажуугаар Юнь Элийг асраад… сүүлээр нь нэг эрлэгт өгч хэдэн жил тамлуулсан юм. Тэрбээр манай гэрт төрж өссөн боол биш л дээ. Тэгээд ч манай энэрэл хайрыг нэг их хүртээ ч үгүй. Эхийн нь буяны нэмэрт хэдэн лан мөнгө өгөх юмсан… гэсэнд Фөн Же: “Тайтай, дөчин лан мөнгө шагнасан” гэв. Жя Мү толгой дохиод:
-За тийм бол ч яахав. Уржигдар Юань Янгийн эх нь бас үхжээ. Тэдний эцэг эх нь өмнө газар байх тул би ч түүнийг явуулж цагаа хийлгэсэнгүй. Одоо тэр хоёр чинь цагаатай болсон юм байна. Тэд ханьтай сууж байг” гээд жимс, боов боорцог зэргийг тэдэнд эмгэдээр илгээв. Хуба инээж: “Өдий болтол хүлээнэ гэж үү. Ийм юм хэзээний очоо биз” гэв.
Бао Юй шууд хүрээлэндээ очсонд, дагасан эмгэд тийш оролгүй, үүдний усны гэрт цай ууж, мэдээчин бүсгүйтэй даалуу тавьж, архи балгацгаав. Бао Юйг хүрээндээ орж ирэхэд дэн зул гэрэлтэж байсан ч хүн амьтны чимээгүй байв. Шө Юэ: “Тэд цөм унтжээ. Сэмхэн очиж айлгая” гэсээр цөм гэтэн явсаар тольт туурганд орж үзвэл, Ши Рэнь нэг хүнтэй ханзан дээр өөд өөдөөсөө харан хэвтэх бөгөөд тэртээ талд хоёр хөгшин мөөмөө үүрэглэн сууна. Бао Юй тэр хоёр унтаж байна гэж бодоод, орж завдтал Юань Ян гэнэт ханиаж:
-Дэлхий дахины учрыг мэдэхгүй. Харин манай нэг ёс байдгийг хэлбэл, ухаа нь чи энд ганцаараа байхад эцэг эх чинь хаана нэг газар, ийш тийш явж байдаг болохоор чи яаж ёсыг нь дагах вэ. Гэхдээ, ээж чинь үгүй болоход чи ойр байсандаа ясыг нь барилаа шүү дээ гэсэнд Ши Рэнь:
-Би эцэг эхийнхээ ясыг барина чинээ санаж яваагүй юм. Тайтайд хэлсэнд, дөчин лан мөнгө шагнав. Энэ чинь намайг өсгөн, тэжээсний энэрэл хайр юм. Би үүнээс илүүг горьдохгүй гэж ярихыг сонсоод Бао Юй түргэн эргэж, Шө Юэд шивнэн:
-Тэр Юань Яны энд ирснийг би мэдсэнгүй. Бид ороод очвол тэр уурлаад гарч гүйнээ. Бид одоо явъя. Тэр хоёр тавтай ярьж хөөрөг. Би уг нь Ши Рэнийг ганцаараа уйтгарлан байгаа гэж бодоод наашаа яарсан юм. Тэгтэл ашгүй, тэр ирээд хань болж байна гээд ухран гарч ирэв. Бао Юй яаран чулууны араар орж хормойгоо сөхтөл Шө Юэ, Чи Вэнь хоёр нүүр буруулан зогсоод “Гэдэс нь жигнэж дээ янз нь. Доошоо суугаад өмдөө яагаач дээ” гэв. Ард явсан хоёр бяцхан инж шээхийг нь мэдээд, усны гэрээс ус авчрахаар гүйв. Энэ үед хоёр залуу хүүхэн хүрч ирээд: “Тэнд хэн байна” гэсэнд Чи Вэнь “Бао Юй байна. Битгий бархираад цочоочих” гэв. Цаадуул нь: “Бид мэдсэнгүй. Охидууд та нар их зүдэрч байгаа юм байна даа” гээд дөхөн ирэхэд нь Шө Юэ: “Юу барьж яваа юм бэ” гэж асуув. Тэд “Үүнийг Лао тайтай Хуа, хоёр охинд шагнажээ” гэв. Чи Вэнь инээж:
– гадаа “Зулын баярын найман журамтан”-г дуулж, “Хүэнь Юань Хэи”-г дуулаагүй атлаа бас юуны Жинь Хуа охин2 гараад ирэв гэж асуув. Бао Юй: “Наадахаа нээ, би үзье” гэсэнд Шэ Юэ, Чи Вэнь хоёр хоёр багварын тагийг сөхөв. Хоёр хүүхэн ч доош суув. Мөнөөх хоёр багварт нь, найрын ширээний дээд зэргийн жимс боов, цас, чихэр байсныг Бао Юй харчихаад явсанд, Шө Юэ багварыг таглаад араас нь дагав. Бао Юй инээж: “Энэ хоёр бүсгүй чинь эв найртай үг хэлдэг аятайхан улс байна. Өөрсдөө ядарч байж, та нарыг бас зүдэрч байна гэж зовж байх нь. Эд нар бол гавьяархдаг хүмүүс биш юм” гэсэнд Шө Юэ: “Энэ хоёр ёс мэдэхгүй л болохоос сайн улс юм” гэсэнд Бао Юй: “Өрөвдмөөр бүдүүлэг ч гэлээ ухаантай хүмүүс юмаа” гэсээр явж одов. Түрүүнд, Бао Юйгийн араас ирсэн хэдэн эмгэн архи ууж, тоглож байсан ч чимээ чагнаж байсан болохоор түүнийг харуут хойноос нь явав. Бао Юйг цэцэгт танхимын гудамд хүртэл хоёр жаахан охин угтан зогсож байв. Нэг нь бяцхан гадар, нөгөөх нь алчуур, бяцхан савтай бал бариад удаан зогсожээ. Чиү Вэнь эхлээд гадарт гараа дүрж үзээд: “Чи том болох тусмаа салан болж байна. Хаанаас ийм хүйтэн ус олж ирэв” гэсэнд охин инээж: “Та үзтүгэй. Энэ хүйтэнд буцалсан ус авчирахад л хөрчихжээ” гэх зуур нэг эмгэн савтай халуун ус аваад ирэв. Бяцхан охин “Найнай, миний саванд жаахан хийгээрэй” гэсэнд цаадах нь: “Чамд өгөх гэж авчирсан юм уу, Лао тайтайд цай хийх гэж явна. Ус хэрэгтэй бол чи өөрөө явж авчрахгүй юү. Хэд илүү алхчихвал хөл чинь томорчих гээд байна уу” гэсэнд Чиү Вэнь эмгэнд хандан: “Хэнийх байх нь ямар хамаатай юм бэ. Чи ус өгөхгүй бол Лао тайтайгийн цайны усаар угаалаа шүү” гэж айлгав. Хөгшин Чиү Вэнийг хараад сандарч ус хийж өгөв. Чиү Вэнь: “За болно. Та өдий насалтлаа юм мэдэхгүй байна. Энэ юм чинь цөмөөрөө Лао тайтайгийнх гэдгийг мэдэхгүй яах юм” гэсэнд эмгэн: “Миний нүд муудаад охиныг таньсангүй” гэв. Бао Юйг гараа угаасны дараа өнөөх бяцхан охин гар дээр нь бал дусааж өгсөнд хоёр гараа бялтав. Энэ далимд Чиү Вэнь, Шө Юэ хоёр ч халуун усаар гараа угааж авав. Бао Юй, нэг хувин халуун архи аваад бас Ли Шэнь бага эхнэрээс эхлээд хундагалан барив. Жя Мү: “Энэ хүүхдийн хундагыг бүгдээр ууя” гээд хөнтөрч орхив. Түүнийг хараад Ван Фүрэнь, Шин Фүрэнь, Шюэ Има цөмөөр дууриав. Тэгтэл Жя Мү: “Чи эгч дүү нартаа бас хундага барьтугай. Чи зүгээр нэг хундага барих биш, цөмд нь заавал уулга” гэж Бао Юйд хэлэв. Түүний хэлсэн ёсоор Бао Юй эгч дүүсийг дэс дараалан хундага барьсанд Дай Юй л уухгүй байснаа, сүүлдээ Бао Юйгийн аманд барьсанд цаадах нь балгачихав. Фөн Же инээж: “Бао Юй чи хүйтэн архи битгий уугаарай. Гар чинь салга болно. Тэгвэл бичиж зурах, харваж намнахад муу шүү” гэсэнд цаадах нь: “Хүйтэн уугаагүй” гэж товч хариулав. Фөн Же“Уухгүйг чинь мэдэх боловч зүгээр л сануулж байгаа юм” гэв. Бао Юй ширээд хэсэж хундага өргөсөөр яваад саравчин доор очиж Жя Жэньд архи барив. Харин Жя Руний гэргийд инж нараар архи бариулав. Энэ үед шөл, өлзийт боов мэтийг авчрав. Жя Мү: “Шийг түр зогсоож, хөөрхий тэр хүүхдүүдэд шөл, боов, зууш баахныг аваачиж идүүл” гэж хэлэв.
Ший ч зогсов. Нэг эмгэн, дандаа ирдэг хоёр бүсгүй хуурчийг дагуулж ирээд сандал тавьж суулгасанд, Жя Мү шанз, пиба авч өгөөд Шюэ Има, Ли Шэнь хоёроос “За ямар үлгэр сонсох вэ” гэсэнд цаадуул нь: “Ямар нь ч яахав” гэцгээв. Жя Мү: “Ойрд ямар шинэ үлгэр гарав” гэж асуусанд хуурчид: “Нэг л шинэ үлгэр бий дээ. Тан улсын сүүлчийн таван төрийн үеийн үлгэр юмаа” гэсэнд Жя Мү: “Нэр нь юү гэдэг юм бэ” гэсэнд хуурч “Үүнийг гарди, галбингаа хоёр гэдэг юмаа” гэж хариулав.
-Энэ чинь харин болох нэр байна. Яагаад ингэж нэрэлсэн юм бол. Чи урьдаар утгыг нь ярь. Сонсоод байдлыг нь мэдье гэж Жя Мүг хэлэхэд хуурч:
-Энэ үлгэрт Тан улсын сүүлчийн явдал гарна. Жинь Лин газрын ван Зүн гэгч хоёр төрийн зайфү түшмэл байгаад албанаас чөлөөлөгдөн нутагтаа буцах үед түүний өвдөг дор Ван Шифэн /гарди/ гэгч нэг агь байжээ гэсэнд цөм хөхрөлдөв. Жя Мү инээж тоглоомоор:
-Манай Фэн охинтой адилхан нэртэй байжээ гэсэнд нэг бүсгүй ууртайгаар босон харайж хуурчийг нудраад:
-Эл найнайгийн нэр байна. Битгий дэмий чалч гэсэнд Жя Мү хуурчид:
-Чи хэлэхээрээ хэлтүгэй гэв. Хуурч босоод:
-Найнаагийн нэрийг цээрлэсэнгүй, бид үхлээ эржээ гэв. Фөн Же инээж:
-Ямар хамаа байна вэ. Үлгэрээ хэл, хэл. Адил нэр овогтой хүн аль олон бий шүү гэв. Хуурч яриагаа үргэлжлүүлэв.
-Тэр жил ван Лао е, ван агийг шалгалтад оруулахаар нийслэл рүү мордуулсанд замд нь их бороо орж нэг тосгонд очив. Энэ тосгонд бас нэг Ли овогтон, Ван Лао е-тай олон жил сайхан үерхсэн, нутгийн нь хашир томоотой хүн байсан учир мөнөөх агийг гэртээ авчирч бичгийн гэртээ суулгажээ. Тэр Ли Лао е хүүгүй хүн байжээ. Харин алт сувд мэт цэвэрхэн охинтой юм гэнэ. Тэр охин нь олонд дуурсан, алдартай, бичих, зурах авьяастай, нөхөрлөх найзлахдаа ч уриалгахан хүн юм гэнээ гэж хуурч ярив. Жя Мү:
-Гарди, галбингаа гэсэн нь ийм учиртай юм уу. Цааш ярихгүй байсан ч би багцааг нь мэдлээ. Ван Шифөн агь, тэр уран галбингаа охиныг буулган авсан байлгүй гэсэнд хуурч инээж: “Эмээ та энэ үлгэрийг урьд нь сонссон байхаа” гэсэнд цаадуул нь: “Лао тайтай юү эсийг сонсох вэ. Сонсоогүй боловч жишээд мэдчихнэ” гэтэл Жя Мү:
-Эртний үлгэрүүд баргаараа адилхандаа. Сайхан охин, цэцэн нуганаас нэг их холдохгүй. Зарим нь ч бүр олиггүй. Хүний охиныг ингэтлээ муулаад бас “Сайхан охин” гэнэ. Зохиосоор байгаад зулбадас болгочихдог юм. Ам ангайвал л цөм язгууртан, томоотны гэр орон, эцэг нь шаншу биш бол зайсан түшмэл, нэг гэгээ нь, эрхбиш тана мэт хайртай охин, энэ охин нь мэдэхгүй юмгүй, бичиг судар, ёс номд нэвтэрсэн ёстой нэг “цолгорсон сайхан охин”, нэг хээнцэр хөвгүүн, тэр нь юу хамаагүй “Нэг насныхаа явдлыг” санаад эцэг эхээ ч мартана. Эрдэм судраа ч хаяна. Согтуу хөлчүү мэт иш мухаргүй аашлах нь юуны сайхан хүн бэ. Цээж дүүрэн эрдэм ном бясалгаад ч ингэж аашилбал юуны сайхан байх вэ. Нэг эр хүнээр авч үзсэн ч эрдэм номыг нэвтэртэл сураад дараа нь хулгай хийж, худал хэлбэл түүнийг хууль цааз аваачихгүй цэцэн нуган гэх үү. Үүгээр үзвэл тэр үлгэр зохиогч, өөрийнхөө амыг өөрөө л алгадаж байгаа юм. Бас тэгээд цааш нь яривал үе улиран түшмэл суусан их айлын охин нь, бичиг эрдэмтэй, авхай хатад нь хүртэл ёс номд нэвтэрсэн гэнэ. Албанаас чөлөөлөгдөөд, нутаг усандаа очсон ч тэдний эгч дүүсийг асран сувилах хөхүүл мөөмөө, инж шивэгчин дутахгүй байтал тэр тухай үлгэрт, иймэрхүү явдал тохиолдох бүр, яаж тэр эгч дүүсийг салшгүй дагасан ганц инж нь мэдэх юм бэ. Та нар бодоод үз. Тэр хүмүүс чухам юу хийж байна вэ. Хүзүү сээр нь нийлэхгүй бишүү гэж хэлэв. Бүгд хөхрөлдөж: “Лао тайтайгийн хэлснээр худал хуумгай зүйлийг цөмийг нь толилон айлтгажээ” гэцгээв. Жя Мү:
-Энд бас нэг учир байна. Ийм үлгэрийг зохиогчид хүний баян эрхэмд атаархах буюу эсвэл санаж хүссэндээ хүрч чадахгүй зүйл байх тул ийм юм зохиож хүний ач үрийг үгүйсгэж байна. Бас нэг баахан хүн, эдгээр үлгэрийг сонсоод гажуу замд орж ийм нэг сайхан охин олъё гэсэн горьдлогоор ийнхүү зохиож сэтгэлээ хуурч байна. Тэр яаж үе улиран түшмэл суусан бичгийн айлын учрыг мэдэх вэ. тэр үлгэрт гарч байгаа их айлуудыг байтугай одоогийн манай мэтийн дунд зэргийн айлаар аваад үзсэн ч тийм учир хаана байна вэ. Битгий тэр үлгэрт хууртаж, бэтгээ хагалчих. Тиймийн тул бид ерөөсөө ийм үлгэрийг яриулдаггүй. Инж, шивэгчид хүртэл ийм үгийг ер мэддэггүй юм. Энэ хэдэн жил би өтлөөд, эдгээр охид бас алс зайдуу сууж байх тул хааяа уйдвал хэдэн үг хэлүүлж сонсдог боловч тэднийг ирсэн даруй би хэлж зогсоодог байлаа гэв. Шүэ, Ли хоёр хөхөрч, ам нийлүүлэн:
-Энэ бол даруй их гэрийн ёсоо. Манай мэтийн айл хүртэл ийм солиу чалчаа зүйлийг хүүхдэд ерөөсөө сонсгодоггүй гэцгээв.
Фөн Же ирж, архи хөрчихжээ, халаая. Буурай эмээ нэг балгаж, хоолойгоо зөөллөөд шударга бус гажуу явдлыг тунгаатугай. Энэ яриаг “Шударга, шударга бишийг тунгаасан тэмдэглэл” гэж нэрлэе. Тэр даруй энэ төрд, энэ газар, энэ жил, энэ сар, энэ өдөр, энэ цагт гарчээ.
Зулынхаа бадмыг засаад, жүжгээ үзэцгээе. Буурай эмээ харин, энэ хоёр худгайд нэг нэг хундага уулгаж, ший дууллаас хэдийг сонсоод, төр засгийн шударга, шударга бусыг ялган хэлэлцвэл дээр бишүү гэсээр инээв. Түүний үгийг сонсоод элгээ хөштөл хөхрөлдөв. Хоёр хуурч ч хөхрөв. Тэд: “Найнаагийн үг үнэхээр хурц байна. Таны үг олонд хүрвэл бид үлгэр хэлж будаа олж идэхэд хэцүү болно” гэв. Шюэ Има инээж: “Эй чи аядаарай, гадна хүн байна шүү” гэсэнд Фөн Же“Гадна ганцхан Жэнь ах л байна. Бид хар багаасаа биенээ ах дүүгээр дуудаж ижий ахай болсон юмаа. Алиалан наадсаар энэ хүрч ирэхдээ, цөм том болцгоожээ. Энэ хэдэн жилд би энэ айлын бэр болоод, олон ёс журмыг нь сурлаа. Багын явдлыг яриад яахав, харин хадам ах, дүү бэрийн ёсыг яривал, хорин дөрвөн ачлалд “Эрээн цоохрыг өмсөж” байтал тэд ирж буурай эмээг баясган инээлгэхгүй болохоор би л энд чадан ядан инээлгэж хөхрүүлж, хоол унд ахиухан зооглуулж бүгд баясалдаж байхад, надад талархахгүй мөртөө намайг шоолох ёс байж болох уу” гэсэнд Жя Мү инээж:
-Би энэ хоёр өдөр харин цээжээ уужиртал инээгээгүй шүү. Энэ сая л намайг нэг хөхрүүлснээр дотор баахан онгойлоо. Тэгэхээр нэг хундага уучих уу гээд Бао Юйд хандаж: “Эгчдээ нэг хундага барьтугай” гэв. Фөн Же: “Тэр над барих хэрэггүй. Буурай эмээгийн хишгийг би өөрөө авч хүртсүгэй” гээд Жя Мүгийн хундагыг авч үлдсэн архийг нь уув. Тэгээд хоосон хундагыг шивэгчинд өгч, савтай бүлээн усанд байгаа хундаганаас нэгийг авч архи хийж Жя Мүгийн өмнө тавиад суудалдаа очив. Бүсгүй хуурч, Жя Мүд хандаж: “Та энэ үлгэр сонсох дургүй бол би өөр үлгэр хэлье” гэсэнд, Та хоёр “Жанжны зарлигийг” хуурдаж болно гэв. Тэд ч санд мэнд хөг тааруулж эхлэв. Энэ зуур Жя Мү: “Одоо цаг юү болж байна вэ” гэсэнд эгчмэд нь “Гурван жин болж байна” гэв. Жя Мү: “Тийм байхаа тэр, даанч жихүүн санагдаад байсан юм” гэсэнд инж нар аль хэдийн авчирч зэхсэн дулаан хувцсаа харуулав. Ван ФүРэнь: “Лао тайтайдулаан асрын ханзан дээр суувал дээр бишүү. Энэ хоёр худгуйг бид энд нь зочилъё” гэсэнд Жя Мү: “Цөмөөрөө л тэр дулаан газар чинь очиж сууя л даа” гэв. Ван Фүрэнь: “Энд арай багтахгүй байхаа” гэтэл Жя Мү: “Тэнд олон ширээний хэрэггүй. Гурван ширээ нийлүүлж тавиад л шахцалдан сууя. Дулаанд ч нэмэртэй” гэв. Ийн ярилцаад тэднийг босмогц гурван ширээ нийлүүлж тавиад идээ будаа өрж бусад ширээг хураав. Жя Мү, ёсорхоод байлгүй шахаад шахаад сууцгаа гэсэнд Шюэ, Ли хоёрыг голлуулж суулгаад бусад нь баруун зүүн талаар нь шахалдан суув. Бао Чинь, Дай Юй, Шян Юнь гурвыг нэг дор, Бао Юйг ээжийнхээ дэргэд суу. Бао Чай нар баруун талд Лэй овогт, Жя Ланий хамт, Ёу хатан Ли Шэнь хоёр нэг дор болж, ширээний буланд Жя Руний гэргий суув. Жя Мү, Жэнь агь чи, цаад ах дүү нартайгаа яв. Би ингэсгээд унтана” гэсэнд цаадах нь нөгөөдүүлтэйгээ хүрээд ирсэнд Жя Мү:
-Хурдан явцгаа. Нааш ирэх хэрэг байхгүй. Та нар явж амарцгаа. Маргаашийн ажил их шүү гээд цааш дохив. Жя Жэнь “За” гэснээ: “Рун Эрийг үлдээж архи аягалуулахгүй юм уу” гэсэнд Жя Мү, “Уухайс, би түүнийг мартчихаж уу” гэв. Жя Жэнь хэлэх үггүй болоод Жя Лянь нарыг дагуулан гарсанаа, Жя Цүн, Жя Хуан хоёрыг гэр гэрт нь хүргүүлээд жарган цэнгэхээр явж одов. Жя Мү:
-Би ингэж бодлоо. Биднийг ингэж цэнгэлдэхэд хоёр хүн суудал зэрэгцэн суух эрхтэй юм. Тэгэхээр Рун Эл, гэргийтэйгээ хамт энд суувал сайн байна гэв.
Энэ үед хэдэн бүсгүй шийний нэр бариад ирэв. Жя Мү инээж:
-Бид бол баяртай байна л даа. Тэгэхдээ, энэ хүйтэнд тэр хүүхдүүдийг шөнөжин бархируулж юү хийх вэ. Эднийг одоо амруулаад, манай тэр охидыг авчраад, энэ тайзан дээр хэд дуулуулаад хая. Эд нар ч бас тэднийг үзэг гэсэнд, түүний хэлснээр болгов. Төдөлгүй Да Гуань Юанийг дуудуулж, бусад дуучин хүүхдийн багыг нь үлдээж, томчуулыг нь авчрав. Ли Шян Юаний шийн багш, Вэнь Гуань нарын арван хоёр хүнийг дагуулж саравчин гудмын захын үүдээр орж ирсэнд, эмгэд хэдэн боодол хувцас авчирав. Тэд гол нь Жя Мүгийн сонсох дуртай шийн хувцсыг нь авчирсан ажээ. Тэднийг ирээд номхон зогсоход нь Жя Мү:
-Энэ цагаан сарын өдрүүдэд багш чинь, та нарыг гадуур гаргаж тоглож наадуулсан уу. Одоо та нар юу дуулж байна вэ гэж асуугаад, сая “Зулын баярын найман журамтныг” дуулж миний толгойг үнэхээр өвтгөсөн шүү. Одоо та нар хөгжим их дуугаргах хэрэггүй. Та нар харцгаа. Шюэ И тайтай… энэ Ли худгуй нар бол гэртээ шийтэй. Сайхан ший олныг сонссон улс. Та нарын дуулдгаас илүү олон сайхныг үзсэн, сайхан ая ч олныг сонссон. Энд шийд их дуртай айлын дуучид ч байгаа. Нас нь бага боловч томчуулаас дутахгүй шүү. Юу ч атугай бид хүний хойно орж болохгүй. Шинэ сониноосоо дуулцгаа. Фан Гуаниар “Зүүд манасаныг3” дуулуул. Хөгжмийн хувьд бол лимбэ, шоо байхад бараг болно доо гэсэнд Вэнь Гуань инээж:
-Та тун зүйтэй юм хэллээ. Бидний ший, И тайтай, бусад авхай нарын сэтгэлийг татаж чадахгүй л дээ. Харин хэл яриа, хоолойны өнгийг сонсох төдий л байхдаа гэсэнд Жя Мү: “Тиймээ тийм” гэв. Ли Шэнь Нян Шюэ Има хоёр инээж: “Сүрхий хурц хүүхэд байна. Лао тайтайг дууриагаад биднийг хөөрхөн шоглож байгааг нь харав уу” гэсэнд Жя Мү
-Маний яриа бол тоглоом наргиан шүү. Гарч наймаа хийхгүй болохоор цагийн өнгөнд ч нийцэхгүй гэснээ, Күй Гуаниар “Хуй Мин захидал хүргэснийг4” нэг дуулуулаарай даа. Нүүр амаа будах хэрэг байхгүй. Энэ хоёрыг дуулахад хоёр тайтайгийн уйтгар эрх биш сэргэх байгаа даа. Харин алдаа гаргавал би хүлээхгүй шүү” гэв.
Энэ үгийг сонсоод Вэнь Гуань нар санд мэнд хувцаслаад тайзан дээр гарч эхлээд “Зүүд манасныг” дуулснаа дараа нь “Захидал хүргэснийг” дуулав. Бүгд нам гүм. Шюэ Има инээж:
-Шийг хичнээн удаа үзсэн боловч шийг бараг хөгжимгүй шахуу дуулахыг үзсэнгүй гэсэнд Жя Мү
-Байдаг юмаа. Саяын “Баруун асар” мэтийн дуулалд хөвгүүд шоогоор нийлүүлдэг юм. Том шийд бол ингэх нь ховор шүү. Энэ ч мөн хүний санааны л зүйл юм. Юуны нь гайхалтай байх вэ гэснээ Шян Юньийг зааж, “Намайг энэ охины хэр байхад, энүүний өвөг эцэг нь нэг бяцхан шийтэй байсан юм. Нэг ятгачны “Ши Шянзын “Ятга сонсох”, “Хаш хатгуурын үлгэрийн” ятга няслах, “Бипагийн залгамжийн” зэгсэн шүглийн арван найман аяыг” үнэхээр үхсэнийг бостол чавхдана. Одоогийн энэ мэттэй харьцуулах аргагүй гэв. Бүгдээр “Мөн ч гайхалтай байжээ” гэцгээсэнд Жя Мү бүсгүйчүүдийг дуудаж Вэнь Гуань нарт “Тэргэл сарны зулыг” хөгжимдтүгэй гэж хэлүүлэв. Энэ хэр, Жя Рун, гэргийн хамт нэг дугараа хундага сэргээв. Жя Мү их баяртай байхыг хараад Фөн Же инээн:
-Бүсгүй хуурч энд байгаа тул бид тэргүүлэгч цэцэг барьж “Шинэ шинэ шилэн дээр, шилэн хундага аман дээр” гэх дүрмийг явуулбал ямар вэ гэсэнд Жя Мү инээж: “Сайн дүрэм байна. Энэ цагтайгаа яг тохирчээ” гэж сайшаав. Тэгээд хар ширийг нь гуулин хадаасаар хадсан дүрмийн эрээн хэнгэргийг авчруулж бүсгүй хуурчид өгөөд, нэг улаан тэргүүлэгч цэцэг авчирсанд Жя Мү: “Хэний гарт хүрээд хэнгэрэг зогсвол тэр хүн нэг хундага ууна. Бас ямар нэгэн зүйл яривал сайн” гэв. Фөн Же инээж:
-Бидний дунд Лао тайтай шиг юм бүхэн нь бүрэн төгс хүн хэн байна вэ. Мэдэхгүй, чадахгүй бид арга алдран сууснаас, нарийн бүдүүнийг хамт сонирхон чадвал сая сайн болно. Хэний гарт тогтвол тэр хүн нэг инээлгэвэл дээр бишүү гэсэнд бүгдээр л, түүний инээд наргианд гарамгай, цээжид нь барагдашгүй олон инээдтэй үлгэр байхыг мэдэх учир дэмжив. Тэнд байгсад их багагүй л баярлаж, бага инж нар ч эгч дүүсээ дуудаж: “Эл найнай инээдтэй юм ярих гэж байна. Хурдан ирцгээ” гэв. Төдөлгүй инж шивэгчин өчнөөн хүн пиг дүүрэв.
Энэ зуур дуу хөгжим дууссан тул Жя Мү, тэдэнд боов, чихэр жимс өгч явуулаад хэнгэрэг дэлдтүгэй гэв. Бүсгүй хуурчид үүнийг хэдийнээс сайн мэдэх тул, гэнэт удаан, гэнэт түргэн байснаа шиврээ бороо дуслуулж, төдөлгүй ширүүн мөндөр буулгаж, гэнэт догшин морь эмээлээ хөглүүлж, дахиад л аянга цахилгаан нижигнүүлсээр байснаа гэнэт хэнгэргийн дуун намжиж, тэргүүлэгч цэцэг Жя Мүгийн гарт хүрмэгч хэнгэрэг таг зогсоход хүмүүс түрхэртэл хөхрөлдөв. Жя Рун сандран хундага дүүргэтэл, хүмүүс “Лао тайтайд хамгийн түрүүний баяр тохиосон тул бид даган баяссугай” гэв. Жя Мү: “Энэ архи ч яахав. Харин тэр инээдтэй юм ярих нь төвөгтэй юм” гэсэнд цаадуул нь “Лао тайтай, Фөн Жэгээс дутахгүй сайхан юм ярьдгаа. Нэг сайхан юм хайрлавал бид цөм баясна” гэцгээв. Жя Мү
–За даа шинэ сэргэг инээдтэй юм ч үгүй л байна. За яахав, нэг хөгшин нүүрээ ширэлсэн тухай л ярихаас даа гэснээ, нэг айл арван хөвгүүнтэй юм гэнэ. Тэд нар нь гэрлэж арван бэр буулгасан чинь, арав дахь бэр нь гойд цовоо юм гэнэ. Биеэр жижиг мөртөө үг хэл хурц, ажилсаг болохоор хадам аав ээж нь их хайрлана гэнэ. Бусад бэрүүдээ ачлалгүй гэж дор үзнэ. Ингэж үзэгдсэндээ есөн бэр нь гомджээ. Тэд өөр хоорондоо, бид ачлах сэтгэлтэй боловч тэр нэг шөвөгнөсөн өлөгчинд нь хүрэхгүй юм. Аав ээж түүнийгээ магтах юм. Бид гомдлоо хэнд хэлэх вэ гэцгээн зөвлөлджээ. Нэг ухаалаг нь, бид маргааш эрлэгийн сүмд очоод зул хүж асааж, гомдлоо эрлэгт мэдүүлье. Бидэнд хүний төрлийг олгохдоо, битүү мухарт хаяж, ганцхан тэр өлөгчинд яагаад, хурц хэл ам хайрлав гэж асууя гэсэнд бусад найм нь баярлаж: “Энэ асуулт зүйтэй” гэж зөвшөөрөв. Тэгээд маргааш нь цөм эрлэгийн сүмд очиж мөргөжээ. Есүүл бүгдээрээ тахилын ширээн дор нь унтаад есөн сүнс нь эрлэгийнх рүү явцгаав. Хүлээгээд л байж, хүлээгээд л байж, сүнс нь ирдэггүй гэнэ. Сүүлдээ бүр сандарч гэнэ. Тэгтэл бичин багш тохмын чинээ үүл хөлөглөн мөнөөх есөн хүүхэнтэй уулзахаар алтан бэрээгээ далайсаар хүрч иржээ. Нөгөөх ес айж сөгдөн мөргөв. Бичин багш, учир явдлыг асуувал нөгөө хэд санд мэнд л айлтгаж гарч дээ. Бичин багш сонсож байснаа санаа алдан хөлөө дэвсэж “Энэ явдал золоор надад таарчээ. Эрлэг номын хаан энд биеэр хүрч ирсэн ч энүүний учрыг олохгүй” гэв. Энэ үгийг сонсоод мөнөөх ес “Их сахиулсан та биднийг өршөөвөл бидний хүсэл биелнэ” гэсэнд бичин багш инээж: “Энэ ч нэг их хэцүү биш. Та нарын авьсан ажинг хүний төрөл олоход би яг эрлэгийн ордонд хүрээд гадаа нэг шээсэн юм. Түүнийг тэр бага бэр аваад уучихсан юм байжээ. Та нар одоо хэлэмгий болъё гэвэл шээс л уу. Би энд шээж та нарт ханатал чинь уулгая гэжээ… гэтэл бүгдээр тачигнатал хөхрөлдөв. Фөн Же инээдээ барьж ядан:
-Сайхан үлгэр байна. Бид харин энд бүгдээрээ хэл ам ядуу улс таарчихжээ. Хэрэв тийм биш байсан бол самж бичний шээс уусан болох байж гэсэнд Ёу хатан, Люй авгай нар хөхөрч Ли Ваний зүг “Бидний дотор хэн бичний шээс уусан бэ. Битгий үл мэдэгч болж мэхлэх гээд байгаарай” гэсэнд Шюэ Има “Инээдэмтэй явдлыг хэн нэгэнд тааруулах гэвэл улам инээдтэй болно шүү” гэв.
Ийн ярилцаж байтал хэнгэрэг дэлдэв. Бяцхан инж нар Фөн Жегийн яриаг сонсохоор бүсгүй хуурчид хэлж ханиах дохио өгөхөөр болжээ. Цэцэг хоёр тойроод Фөн Жегийн гарт ортол бяцхан инж ханиамагц хуурч зогсов. Бүгд хөхрөлдөж: “Онож барьжээ. Архиа хурдан уугтун. Тэгээд сайхан юм ярь. Дэндүү инээдтэй юм яриад элэг хөшөөчихөв гэцгээв. Фөн Же жаахан бодоод:
-Нэг айл цагаан сарын арван таванд найрлаж, гэр хотлоороо дэн зулаа асаагаад хөгжилдөн архи ууцгааж байжээ. Элэнц хуланц эмгэд, бэр, ач бэр, жич бэр, хөвгүүн ач, жич, жичинцэр, гуч гучинцар, зээ зээнцэр, бүл бүлэнцэр, үеэл хаяал… бүгд л цуглаж үнэхээр сайхан найрлажээ… гэтэл цаадуул нь хөхрөлдөж: “Далан үг дэлгээд, хэн нэгэн рүү хэлээ билүүдэж байх вэ” гэцгээнэ. Ёу хатан инээж: “Чи намайг хадарвал уруул чинь хагарна шүү” гэв. Фөн Же босож алгаа ташаад:
-Хүн энд, энэ мэт хүчээ шавхаж байхад та нар тэнд ам хамхилгүй явигнаад байх юм бол би юм ярихгүй шүү гэсэнд Жя Мү инээж:
-Чи хэлэх гэснээ хэлтүгэй. Цааш нь юу болов гэсэнд Фөн Же бодолхийлж:
-Цааш нь яахав даа, гэрээр дүүрэн сууцгааж, нэг шөнөжин архи уугаад таржээ гэв. Түүний яг үнэн мэт гэнэгүй царайлан хэлснийг сонсоод, цааш залган хэлэхийг нь хүлээж байтал тэрбээр гэнэт хүйтэн царайлж юм ярихаа больчихов. Шян Юнь тас ширтэн байхыг хараад Фөн Же инээж:
-За бас нэг арван тавны үлгэрийг хэлсүгэй. Хэдэн хүн, гэрийн чинээ том пуужин аваад хотын гадна аваачииж тавихаар явсанд тэднийг сонирхон түм шахам хүн даган явжээ. Яаруу нэгэн хүлээж ядаад хүж асаан сэмхэн хүргээтэхэж. Тэгтэл пэсхийж дуугараад чимээгүй болов. Хүмүүс жаахан хөхрөлдөж байгаад тарав. Пуужингийн эзэн, худалдагчид очоод: “Чанга сайн ороосонгүйгээс болж тавихаас өмнө задарчихлаа гэж түүнийг зэмлэв…” гэсэнд Шян Юнь:
-Өөрөө сонсоогүй юү гэж асуув. Фөн Же:
-Чих нь дүлий хүн байсан гэнэлээ гэсэнд цөм хөхрөлдөв. Тэгээд түрүүнд ярьснаа дутуу орхисныг нь санацгааж:
-Тэгээд юу болов? Нэгэнт ярьснаа гүйцээж байл даа гэцгээсэнд Фөн Же ширээгээ нэг алгадаад:
-Яасан яршигтай юм бэ дээ. Маргааш нь арван зургаан. Сар шинэ ч өнгөрөв. Баяр ч дуусав. Улс юмаа янзлаад, бас завдахгүй байхад цаашаа яасныг хэн мэддэг юм бэ гэсэнд бүгдээр хөхрөлдөв. Фөн Же инээж:
-Гадаа нэгэнт дөрвөн жин өнгөрчээ. Бодвол, буурай эмээ ядарч байгаа даа. Бид ч “Дүлий хүн пуужин тавиад тарсугай” гэсэнд Ёу хатан алчуураар амаа дарж, хүгдэгнэн хөхөрсөөр, Фөн Жэг зааж:
-Энэ гайхлын хошуу хоншоор гэж үнэхээр хазааргүй юмаа гэсэнд Жя Мү инээж:
-Фэн охины хоншоор улам хурц болжээ гэснээ, энэ сая пуужин гэж ярьсан. Одоо бид хуар пуужин юугаа тавьж архиа сэргээсүгэй гэв.
Жя Рун сонсоод гарч зарц нартай хамжин, жааз босгоод хуар цэцгэн пуужинг өлгөн бэлтгэж тавив. Энэ пуужингууд бол цөм энэ газрын алба барьж ирсэн эд болох бөгөөд төдий том биш боловч их нарийн хийцтэй, янз бүрийн учир ухаан, зүйл бүрийн өнгө үзэмж бүрджээ. Дай Юй бол нажигнан шижигнэхийг сонсож чаддаггүй, аймтгай цочимтгой гэмтэй тул Жя Мү элгэндээ тэврэв. Шюэ Има, Шян Юнийг тэвэрсэнд цаадах нь инээж: “Би айхгүй” гэв. Бао Чай инээж: “Энэ өөрөө том пуужин тавих дуртай хүн, энэ жаахнаас юүг нь айхав” гэв. Ван Фүрэнь хүүгээ татан тэврэв. Фөн Же инээж: “Биднийг ч өрөвдөх хүн алга шиг байна” гэв. Ёу хатан: “Алив, би чамайг тэвэрье. Бас яагаад эрхлэх болов. Пуужингийн дуу сонсвол “Бал долоосон” мэт сандардаг байгаад, бас гэнэт ааш алдахдаа… гэтэл Фөн Же: “Манай хүрээнд очиж тавья л даа. Би энэ хүүхдээс илүү тавьж чадна” гэв.
Тэднийг ийн ярилцаж байтал гадаа өнгө өнгийн цэцгэн пуужинг хойно хойноос нь тавьж байлаа. Энэ нь “Огторгуй дүүрэн од”, “Үүлэнд шумбагч есөн луу” “Тэнэг улаан”, “Арван дуут” мэтийн жижиг пуужин байв. Тэд пуужингаа тавьчихаад дуучдаар “Лянь Хуа Луо “хөгжимдүүлж тайз дүүрэн зоос цацсанд хүүхдүүд тайзан дээгүүр гүйлдэн зоос булаалдан наадав.
Энэ үед халуун шөл авчрав. Жя Мү: “Шөнө урт тул санаандгүй баахан өлсжээ” гэсэнд Фөн Же: “Нугасны махтай тутарга бэлэн байгаа” гэсэнд Жя Мү: “За тэр ч надад хурцадна” гэв. Фөн Же: “Тайтай нарын мацагт бэлтгэсэн чавгатай тутарга бэлэн байгаа” гэсэнд Жя Мү: “Тэр чинь болноо” гэв. Бусад хүмүүс нарийн шанцай мэтийг идэж ариун цайгаар амаа булхаад сая тарцгаав.
Арван долооны өглөө Нин Гуофүд очиж ёслон мөргөөд, гонир сүмийнхээ үүдийг хааж, хөрөг зургуудыг хураан тавьсны дараа буцацгаав. Энэ өдөр Шюэ Има хүмүүсийг залж шинийн цай уулгав. Жя Мү өдөр дараалан наргиж, цайлсан учир их ядарсан учир тэнд баахан тухалж сууж байгаад буцаж ирэв. Арван наймнаас хойш, ах дүү, садны урилга заллага, ширээ будаа, найр наадамд Жя Мү явсангүй. Харин Шин Фүрэнь, Ван Фүрэнь, Фөн Же нар л тэр бүхэнд ёсчлон оролцов. Бао Юй хүртэл Ван Зытөнгийнд л нэг очсоноос өөр юманд явсангүй. Жя Мүг саатуулах нэрээр гадагш гарсангүй. Цагаан сарын арван таван өнгөрмөгц Фөн Же гэнэт хүүхдээ зулбуулсанд бүгдээр цочин гайхав. Юунаас болсныг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй.
Тайлбар:
1.Зулын баярын найман журамтан-Мин улсын үеийн Шүй Юаний зохиосон “Найман журамтаны шаштир” гэдэг жүжгийн нэр. Эх нутаг, овог отгийнхоо төлөө зүтгэсэн найман хүнээр сэдэв болгон бичжээ
2.Жинь Хуа охин-Мин, Чингийн үеийн домог үлгэрийн жүжиг. Тус жүжигт ийм нэртэй охин бий. Хүэнь Юань Хэ гэдэг нь эрдэнийн нэр.
3.Зүүд манасан-Мо Даньтингийн 12 дугаар бүлэг
4.Хүэй Мин захидал хүргэсэн-Ши Шияньзи бичгийн нэг бүлэг. Хүэй Мин хуушаан, До Чюай жанжинд захидал бичиж сүмийг аврахыг гуйжээ.
Холбоотой мэдээ