БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд 10 өдрийн тэмцээн уралдаан үлдээд байна. Одоогоор 46 багц медалийн эзэд тодроод байна.
Өнөөдөр уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр болж, маргааш болох чөлөөт үзүүлбэрт оролцох тамирчид тодорлоо. Нийт 30 тамирчин оролцсоноос 24 нь чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг авсан байна.
“Сочи 2014” өвлийн олимп, ДАШТ-ий хошой аварга Японы Ю.Ханюү 111.68 оноогоор тэргүүлсэн бол дэлхийн хошой аварга Канадын Фернандес /107.58/, Японы залуу уран гулгагч Шома Юно нар хоёр, гуравдугаар байрт бичигдлээ.
ОХУ-ын Дмитри Алев, Михаил Колёада богино үзүүлбэрт 5, 8-р байрыг эзэлсэн байна. Наадмыг зохион байгуулагч эзэн орны 16 настай тамирчин Ча Жүн Хван 83,43 онооны үнэлгээг авч 15-р байрт орсноор чөлөөт үзүүлбэрт оролцох эрхийг авчээ.
Маргааш чөлөөт үзүүлбэр болсноор медальтнууд тодорно.