“Монгол мах бонд” 30 тэрбумыг татна

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

“Монгол мах бонд” 30 тэрбумыг татна

Монголын хөрөнгийн зах дээр Засгийн газар болон дотоодын компаниуд үнэт цаас гаргаж, хөрөнгө татаж эхэллээ. Тун удахгүй мах боловсруулах үндэсний үйлдвэр болох “Жаст Агро” компани “Монгол мах бонд” нэртэй бонд гаргаж, 30 тэрбум төгрөг татахаар төлөвлөжээ. Энэхүү бонд нь 12 сарын хугацаатай бөгөөд хүү нь жилийн 16,2, сарын 1,35 хувийн хүүтэй байх юм байна. Хүүг улирал тутам төлөх бөгөөд бондыг хугацаа бүрийн эцэст нэрлэсэн үнээр эргүүлэн авах нөхцөлтэй. Бондоор “боссон” 30 тэрбум төгрөгийг мах бэлтгэлийн ажлыг санхүүжүүлэх зорилготой бөгөөд бонд нь үл хөдлөх хөрөнгөөр баталгаажих ажээ. Компанийн бондын арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр болох юм. Одоогийн байдлаар хэзээнээс арилжаанд оролцох нь хараахан тодроогүй байна. “Жаст агро” нь Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээл дээр бонд гаргаж байгаа хоёр дахь компани юм. Өмнө нь “Монинжбар” компани хөрөнгийн бирж дээр бонд гаргаж байжээ.

Энэ дашрамд арилжааны банкуудын хадгаламж, зээлийн хүү ямар байгааг сонирхуулъя. Монголбанкнаас гаргасан хагас жилийн мэдээгээр арилжааны банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү 10,3 хувь байна. Тэгвэл зээлийн хүү жилийн 16,2 хувь байна. Бондыг худалдан авснаар хөрөнгө оруулагчид арилжааны банкны хадгаламжийн хүүнээс илүү, зээлийн хүүгийн төвшинд хүү тооцуулна гэсэн үг юм.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж