Сар шинийн баярын уламжлал ёсоор өнөөдөр /2018.02.16/ 09.00 цагт Төрийн гурван өндөрлөг золгож, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн хүндэтгэл ёслолын өргөөнд золголт хийсний дараа 80-аас дээш настай ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр төрийн гурван өндөрлөг Монголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
–Ирж буй шороон нохой жилдээ иргэд маань аж амьдрал нь сайхан болсон тийм жил болоосой. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд:
-Монгол төрийн сүлд оршсон есөн хөлт Их цагаан тугны өлмий дороос Монголын ард түмэнд XVII жарны тийн унжлагат шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн мэндчилгээг өргөн дэвшүүлж байна. Хаврын тэргүүн сарын Цагаан сарын баяр нь монголчуудын уламжлалт үндэсний их баяр юм. Өвлийг өнтэй давж, урин хаврын цагтаа мэнд сайн золгосон малчид, тариаланчиддаа баяр хүргэе. Сар шинийн баяраар монголчууд өндөрлөж байгаа оныхоо ажлыг дүгнэж, ирж байгаа ажлынхаа талаарх зорилт, бодлогоо хэлэлцэн дүгнэж ярьдаг сайхан уламжлалтай. Алтан унжлагат тахиа жил монголчууд бидний хувьд улс төрийн талцал, хуваагдал, ээдрээтэй хэдий байсан ч эдийн засгийн хувьд багагүй, ололт амжилт олж, муудсан эдийн засгаа өөд нь татаж, олон улсын байгууллага, хөрш, зэргэлдээ хамтын ажиллагаатай улс орнуудтай хамтран эдийн засагт багагүй амжилт гаргаж чадсан. Энэ бий болсон амжилтаа тогтворжуулах, ард иргэдийн амьдралд, айл өрх бүрийн аз жаргалд хувь нэмэр болсон буянтай сайхан үйл болгох нь шинэ гарч байгаа жилийн хамгийн гол зорилт байна. XVII жарны шороон нохой жил монголчуудад ээлтэй, сайхан жил болно байх. Нохой хүнд ээлтэй амьтан. Нохой жил монголчуудад ээлтэй байсан. 1934 онд хөхөхгчин нохой жил эрчим хүчний анхны комбинат, аж үйлдвэрийн анхны комбинатын үндэс суурийг тавьсан. 1958 оны шороон нохой жил Налайхын ил уурхайг ашиглалтад оруулж, үндэсний үйлдвэрлэл болсон цагаан идээг орчин үеийн үйлдвэрлэх үйлдвэртэй болж, саван, шил гэх мэт хүний хэрэгцээг хангасан олон томоохон үйлдвэрүүдийг нээж байсан. 1982 оны усан нохой жил монголчууд Сүлжмэлийн үйлдвэрийг байгуулж, өнөө цагийн монголчууд дэлхийд брэнд болон ноос, ноолуурын бүтээгдэхүүнээрээ гайхамшгийн эхлэлийг тавьж байсан. Тэгвэл XVII жарны тийн унжлагат шороон нохой жилд монголчууд гацаанд орсон олон том төслүүдээ урагшлуулан хөдөлгөж, эдийн засгийн их ололт амжилтыг олж, улс орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан жил болох болтугай. Төр их бат, ёс их хүнд, төр засаг тогтвортой, түмэн олон амгалан сайхан жил болох болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Сар шинийн баярын мэнд хүргэе. Элэг нэгт монголчууд, эх орон нэгт ах дүүс та бүхэндээ XVII жарны тийн унжлагат шороон нохой жилийн Сар шинийн баярын мэнд хүргэж, Монголчууд та бүхэндээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, мэндчилж байна. Өнгөрөн одож байгаа тахиа жилдээ амжилт, ололт, алдаа оноотой нэгэн жилийн үдэж байна. Гэхдээ өнгөрч байгаа жил монголчууд бидний, улс орны хувьд эдийн засгийн хувьд өсөж, дэвжсэн, уналт нь зогссон он байсан. Ирж байгаа нохой жил монголчууд бидний хувьд их бүтээн байгуулалтын он жил байх ёстой. Улс орны эдийн засгийн хөгжил дэвшилд бодит үр дүн гарсан он байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. 2018 он шинэ гарч буй нохой жил төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага бэхжсэн, улс орны эдийн засгийн уналт зогссон, сэргэлт дэвжсэн он байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард иргэддээ хэлэхэд таатай байна. гарч байгаа жилдээ монголчууд бүгдээрээ элгээрээ энх бүтэн, эв эетэй, өмнөө дэвшигдэн тавьсан зорилтоо Монгол улсын бүх иргэд ханган хэрэгжүүлсэн, төр засаг ард иргэдийн холбоо хэлхээ улам бэхжсэн ийм сайхан он болж улс орныхоо өмнө тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлийг ард түмнээрээ даван гарах он болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Монголынхоо нийт ард түмэнд, хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа гарч байгаа нохой жилдээ эрүүл энх, аз жаргалтай, өнөр өтгөн байж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.