“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд 92 орны 9250 тамирчин оролцож байна. Олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна.
Өнөөдөр Альпениса цанын төвд гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын зайн уралдаан болох бөгөөд Монгол улсын тамирчин ОУХМ Батмөнхийн Ачбадрах хурд хүчээ сорино. Энэ зайнд нийт 119 тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна. Тэмцээн Улаанбаатарын цагаар 14.00-с эхэлнэ.
ОУХМ Б.Ачбадрах нь Олон улсын цанын холбооны албан ёсны тэмцээнд оролцсон 2017/2018 улирлын онооны дунджаар 100 дугаарт эрэмбэлэгджээ.
Өвлийн олимпийн наадамд анх удаа оролцож байгаа Б.Ачбадрах 2017 онд “В” ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монгол улсын цанын спортын түүхэнд анхдагч амжилтын эзэн болсон юм. Тэрбээр анх удаа олимпийн наадамд өрсөлдөх гэж байна.
Өчигдөр болсон гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Чинбатын Отонцэцэг уралдаж, 90 тамирчнаас 84-р байрт орсон. Түүний хувьд хоёр дахь олимпийн наадамд эрхээ аван оролцлоо.
Монгол улсын цанын тамирчдын дасгалжуулагчаар Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байна.
Альпениса цанын төвд монголчууд олноор очин баг тамирчдаа дэмжиж байна.