Улаан асрын зүүд (53-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.16-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (53-р бүлэг)

Улаан асрын зүүд (53-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.


Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э                                                                                                                           Тавин гуравдугаар бүлэг

БИТҮҮНИЙ ШӨНӨ НИН ГУО ФҮ ӨВӨГ ДЭЭДЭС ЮҮГЭЭ ТАХИЖ, БИЛИГТ УЛИРАЛД РУН ГУО ФҮ ҮДШИЙН ХУРИМ ХИЙВ

Өгүүлэх нь: Чинь Вэнь тогосон нөмрөгийг сэлбэж дуусгах гэж хүч чадлаа шавхсаныг Бао Юй үзээд сандарч нэг бяцхан шивэгчнийг дуудаж ирүүлэн түүнийг асруулж байтал үүр цайсанд бушуухан явж “Эмч залж ир” гэв. Төдөлгүй Ван эмч ирээд Чин Вэний судсыг бариад гайхаж “Өчигдөр бузгай болж байснаа өнөөдөр яагаад гэнэтхэн тамиргүй болчихов. Хоол нь хэтэрсэн үү, эсвэл их ядарчихав уу. Харин хямрах нь гайгүй байна. Хөлөрсний дараа сайн сувилахгүй бол болохгүй” гэсээр эм бичив. Бао Юй үзвэл хямралыг засах эмийг засаад нарсны шим, хуруувч цэцэг зэрэг тамир сэлбэх, цус нөхөх эм нэмж бичжээ. Бао Юй, эмийг яаравчлан чануулж байхдаа “Яавал зохих юм бэ” гээд шүүрс алдсанаа, хэрэв иймээ тиймээ болоход хүрвэл цөм л миний нүгэл болно доо” гэсэнд орон дээр хэвтэж байгаа Чин Вэнь “За чи минь, явах юмандаа яв даа. Юун тийм амархан уушигны өвчин болов гэж дээ” гэв.

Бао Юй тэр дороо явснаа үд өнгөрмөгц буцаад ирэв. Чин Вэний өвчин хэдий хүнд боловч завшаанаар тэр бол угаас биеэ ядраана уу гэхээс сэтгэлээ чилээдэггүй хүн бөгөөд бас идээ ундааг тохируулдаг тул хоолноос гэм болох ёсгүй ажээ. Энэ Жя овогтны бас нэг нууц арга гэвэл бага сага ханиад хагшуур олмогц дээд доод ялгалгүй өлсгөн сойж байж дараа нь эмээр засдаг заншилтай юм. Тийнхүү тэр өдөр өвчин тусмагц хоёр гурван өдөр өлсгөөд хичээн эмнэсэн тул одоо хэдий баахан ядарсан боловч сайтар сувилсны дараа илааршив. Хүрээлэнгийн доторх эгч дүүс цөм ойрмогхоноос гэр гэртээ хоол иддэг болсон учир хоол цайн хэрэг хялбар болж, энэ үед Бао Юй ч шөл усыг тохируулан Чин Вэнийг асарчээ.

Ши Рэнь ээжийгээ хөдөөлүүлчихээд буцаж ирмэгц Ши Юэ, зүгт элийн явдал, Чин Вэнь түүнийг яаж хөөсөн, Бао Юйд мөн хэлсэн зэргийг нэгд нэгэнгүй тоочсонд Ши Рэнь: “Юун ч их яарсан юм бэ дээ” гэснээс өөр үг хэлсэнгүй.

Ли Ваний бие хямарч, Шин Фүрэний нүд өвдсөн учир Ин Чүнь, Шин Шянь нар очиж өглөө үзэшгүй асарч сувилав. Энэ үед Ши Рэнь ээжийгээ мөрөөдөн гуниглаж, Чин Вэний өвчин эдгэрээгүй учир Бао Юй шүлэгчдийн цуглаан хийх сонирхолгүй байсан тул ойрд цуглаанаа хийсэнгүй.

Энэ үед цагаан сар ойртсон тул Ван Фүрэнь, Фөн Же хоёр л сар шинэд бэлтгэж байлаа. Ван Зы Төн есөн мужийн байцаагчийн тушаалд дэвшиж Жя Юй цүнь их түшмэл болж цэргийн хэрэгт туслан захирч, төрийн хэрэгт оролцох болсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Жэнь өвгөдийн сүмээ нээж, шүүрдэж цэвэрлүүлэн тахилга тайллагын сав саалийг бэлтгэж онгон сахиусаа залав. Бас дээд өргөөгөө цэвэрлүүлж, дээдсийн гэрээслэл болох хөрөг зургийг дэлгэн тахихад бэлтгэхэд Нин, Рун хоёр хүрээнд дээр доргүй яарцгаав. Энэ өдөр Ёу хатан босмогц, Жя Руний гэргийн хамт Жя Мүд барих үйл утасны бэлгийг бэлтгэж байтал шивэгчид цайн тавагт нас буяны тойг тавьж орж ирээд” Шин Эр найнайд мэдүүлэхдээ, тэр өдрийн нэг боодол цайр мөнгө нийтдээ нэг зуун тавин гурван лан, зургаан цэн, долоон фүн байсныг сайн муугаар нь ялгалгүй хольж хайлахад хоёр зуун хорин тойг болсон гэнээ гэж хэлээд өргөн барьсныг үзвэл, гүйлсэн цэцэг болон хайтан цэцгийн хэлбэртэй байх бөгөөд бас “Бичгийн гэрийн чандмань”, “Хаврын найман эрдэнэ” зэрэгтэй төстэй зүйл ч байна. Ёу хатан: “Үүнийг хурдан хурааж тавь. Шин Эрийг тойгоо хурдан авчирч тушаа гэж хэл” гээд гарч одов. Төдөлгүй Жя Жэнь хоолоо идэхээр ирсэнд Жя Руний гэргий зөрж гарав.

-Хаврын тайллагаар хүртээх юмсаа авсан уу.
-Өнөөдөр би Рун Эрийг явуулсан
-Манайх тэр хэдэн лан мөнгөөр дутахгүй ч гэсэн тэр чинь хаан эзний хишиг шүү дээ. Эртхэн авчраад дээдсийн тахилгад бэлтгүүлчих. Дээдэд эзний хишиг хүртэж, доодост дээдсийн буян түгэх ёстой. Бид хэдий түмэн лан мөнгөөр дээдсээ тахивч үүнд хүрэхгүй. Бас ч хишгийг хүртэн, буян арвижна. Манай энэ хоёр айлаас өөр тэдгээр сурвалжит ядуу түшмэдийн хэн нь ч үүгээр цагаан сарын өнгөрөөхгүй биз. Хаан эзний бодлого үнэхээр мэргэн. Буян ивээл нь цаглашгүй билээ.

Нөхрийгээ ийн ярихад нь Ёу хатан: “Тэгэлгүй яахав” гэж зөвшөөрөв. Тэднийг ийн ярилцаж суутал хүн ирж: “Агь ирлээ” гэж хэлэв. Жя Жэнь: “Оруул” гэв. Жя Рун бяцхан шар даавуун уут барьсаар орж ирэв. Жя Жэнь: “Яасан их удав аа” гэсэнд цаадах нь инээмсэглэн: “Энэ жил ёслолын Зурган өгөхгүй, хишиг ивгээлт яамны1 сангаас өгөх болжээ. Тийнхүү тэр яаманд очоод сая олж ирлээ. Хишиг ивгээлт яамны түшмэлүүд цөм эцэг таны амрыг асууж, ойрд уулзаагүй учир санан мөрөөдөж байна гэж байна лээ” гэв. Эцэг нь инээж:

-Тэд яагаад намайг санах болсон юм бол. Одоо цагаан сар ойртсон тул миний эд агуурсыг л санаагүй бол яахав. Харин миний жүжиг наадам, архи дарсыг санаж байгаа биз гээд өнөөх шар уутыг ажиглавал “Эзний хишгийг үүрд хүртээнэ” гэсэн том үсгүүд харагдана. Хажууд нь бас ёслолын Зурганы тайллагын хэлтсийн тамгыг даржээ. “Төр төвшитгэгч Нин Гө гун, төр бадруулагч Рун Гө гунд эзнээс шагнасан үүрдийн хүртээл хаврын тайллагын мөнгө нийт хоёр хувь, өдий төдий лан, тэр жилийн тэр сарын тэр өдөр дэд зэргийн Лүнгийн Юй түшмэл Жя Рун гардан авав. Яаманд жишээлэгч хэн, хэн” хэмээх нэгэн мөр үсгүүдийн дор улаан шунхаар гарын үсэг зуржээ. Жя Жэнь үзээд, Жя Рунд мөнгийг бариулан дагуулж, Жя Мү, Ван Фүрэнь нарт айлтгасны дараа Жя Шэ, Шин Фүрэньд бас хэлэв. Тэгээд эргэн ирж мөнгийг гаргаж аваад уутыг нь өвгөдийн сүмийн их зуухнаа хийж шатаав. Жя Жэнь: “Чи яваад, цагаан сарын найрын өдрийг тогтоосон уу гэж хоёрдугаар авга бэргэнээсээ асуу. Тогтсон бол бичгийн гэрт очиж тодорхой бичүүлж авчир. Бид залахад давхардахгүй болно. Ноднин хэд хэдэн айлыг давхардуулсан шүү. Хүмүүс биднийг хуумгайтлаа гэхгүй, харин санаатайгаар зөвлөлдөөд яршиг төвгөөс бэрхшээж, хоосон тал засаж байна гэнэ шүү” гэж Жя Рунд сайн захив. Хүү нь санд мэнд л “За” гэж хэлээд гарч, зочин залах, найр хийх өдөр сарыг бичүүлж авчрав. Жя Жэнь үзээд: “Лай Шэн өдөр үзүүлж хүн залахдаа, энд бичсэнтэй битгий давхардуулаарай” гэж сануулав. Тийнхүү бага зарц нар ташаалавч дамнан, ширээ сандал, алт мөнгөн сав сааль зүлгэж арчихыг танхим дээрээс үзэж байтал нэг боол нэг эвхмэл ба нэг хуудас данс барьж ирээд: “Хөү Шан Цүн гацааны Үа Юаньтэү ирлээ” гэсэнд Жя Жэнь: “Энэ хөгшин золиг өнөөдөр ирээ юү” гэв. Жя Рун эвхмэл ба дансыг авч яаран дэлгэж барьсанд Жя Жэнь нуруугаа үүрэн дөхөж очоод уншив. Түүнд: “Харъяат Юантэү үгийн Шяо би Лао е найнай нарын алтан өвдөг дор түмэн амгаланг айлтган мөргөхийн ялдамд аги, авхай нарын хашийн цогцын амрыг айлтгав. Буян ивгээл хослон бүрдсэн билигт шинэ жилийн баярт сайн өдөр та бүхнийг жил ирэх тутам зэрэг нэмж, зэрэг дундаа жинс нэмж, он ирэх тутам отго нэмж отгон дундаа нүд нэмж санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийг мөргөж сөгдөн ерөөсүгэй” гэж бичжээ. Жя Жэнь хөхөрч: “Тариачин хүн энэ хэр байж болноо” гэв. Жя Рун инээд алдаад: “Утга уянга нь яахав. Өлзий бэлгийг эрвэл барав” гэсээр дансыг задлан үзвэл, дайр буга гуч, арт буга тавь, зүр тавь, бодон хорь, гахайн зумаа хорь, тураг гахай хорь, зэрлэг гахай хорь, үүцэлсэн гахай хорь, угалз хорь, ямаан гөрөөс хорь, хонин зумаа хорь, үүцэлсэн хонь хорь, том загас хоёр зуу, төрөл бүрийн загас хоёр зуун жин, амьд тахиа, нугас, галуу тус бүр хоёр зуу, үүцэлсэн тахиа, нугас, галуу тус бүр хоёр зуу. Гургуул, туулай тус бүр хоёр зуун хос, баавгайн тавхай хорин хос, бугын шандас хорин жин, далайн хижим таван жин, бугын хэл тавь, үхрийн хэл тавь, шид нарс, тоор, гүйлсний цөм тус бүр хоёр уут, том сам хорхой тавин хос, хатаамал сам хоёр зуун жин, сонгомол дээд модон нүүрс мянган жин, дундын нүүрс хоёр мянган жин, түлшний модон нүүрс гурван түмэн жин, эзний тарианы тослог тутарга хоёр дан, төрөл бүрийн тариа будаа тус бүр тавин дан, ердийн тутарга мянган дан, төрөл бүрийн хатаасан ногоо нэг тэрэг, будаа тариа, унаа мал төрөл бүрийн зүйлийг худалдсан мөнгө хоёр мянга таван зуун лан. Үүнээс гадна агь нарын ачлалд нийлүүлэн наадуулах зүйлс амьд буга хоёр хос, чандага дөрвөн хос, хар туулай дөрвөн хос, алтлаг ногоон өдтэй хэмэрлэг гургуул хоёр хос, орос нугас хоёр хос…
Энэ бүхнийг уншаад Жя Жэнь: “оруулагтун” гэтэл Үагийн Шяо орж ирээд сөгдөн амрыг эрж мөргөв. Жя Жэнь түүнийг татаж босгоод инээн: “Чи бас чанга байна” гэсэнд цаадах нь мөн инээж:

-Лао егаас нуух юү байхав. Манай доодост хүн дандаа ирсээр байгаад сурчихсан юм. Харин ирэхгүй бол уйдаад болдоггүй юм. Тэдний хэн нь ч тэнгэрийн хөвгүүний өлмий доор ирж нүд нээнэ гэж санахгүй ажээ. Тэд мөн залуу байсаар тул зам зуур алдаа гаргах вэ гэж бэрхшээнэ. Хэдэн жилээс санаа амар болно гэж хэлэв. Жя Жэнь: “Чи замдаа хэд хонож ирэв дээ” гэж асуув. Цаадах нь:

-Лао ед мэдүүлэх нь, энэ жил цас маш их. Нийтдээ дөрөв таван тохой зузаан шүү. Тэгтэл сая гэнэтхэн дулаараад цас хайлсанд зам маш муу болов. Тэгээд хэд хоног саатлаа. Хэдий сараас гадна хоёр хоносон боловч хугацсан өдрөөс хэтэрвэл лууяа сандруузай гэж бодоод чармайсаар арай гэж өнөөдөр л завдаж ирлээ гэв. Жя Жэнь:

-Яагаад өнөөдөр ирэв гэж би гайхсан. Сая би чиний тэр бичгийг үзлээ. Хөгшин толгой бас нэг үзэлцэх гэж иржээ янз нь… гэсэнд цаадах нь урагш дөхөөд:

-Лууяад айлтгая. Энэ жилийн тариа их муу, гурван сараас найман сар хүртэл тасралтгүй бороо ороод ядаж тав зургаан өдөр ч гэсэн нар үзсэнгүй. Есөн сард бас нэг удаа аяган чинээ мөндөр буугаад эргэн тойрны хоёр гурван зуун газарт хүн хар, гэр тэрэг, мал сүрэг, тариа будаа тоймгүй их сүйтгэлээ. Тэгээд л иймд хүрлээ. Өчүүхэн би аймшиггүйгээр худал хэлэхгүй гэв. Жя Жэнь хөмсгөө зангидаад:

-Би чамайг дор хаяад таван мянган лан мөнгөтэй ирнэ гэж санасан. Хэрэв тэгсэн ч гэсэн түүгээр би юү хийж базаах вэ. Одоо нийтдээ, найм есхөн гацаа үлдсэн. Энэ жил хоёр нь гангийн гамшиг мэдүүлж байна. Чи бас ирж ийм юм яриад шинэлэхийн аргагүй болголоо гэсэнд мөнөөх Шяо:

-Лууяагийн эндэх бас ч зүгээр байна. Миний дүү надаас зуу илүүхэн газар зайтай байвч үүнд хүрэхгүй. Одоо тэр, тэртээ ордны найман гацааг харьяалж байх бөгөөд танай эндэхээс хэд дахин илүү байх боловч энэ жил мөн эдгээр зүйлийг тушаагаад хоёр гурван мянган лангаас хэтэрч чадсангүй. Мөн л ган гачгаас болжээ гэж хэлэв. Жя Жэнь:

-Тийм л юмаа. Манай энд төдий их зардалгүй. Нэг жилийн орлого төдий тул гайгүй. Байвал илүүхэн зараад илүү бол арвижуулна. Цагаан сарын үеэр хүн залах, бэлэг өгөхөд жаахан гар татуу байвал дүүрсэн хэргээ. Тэртээх ордон бол ийм биш. Зайлшгүй зарах сүйтгэл энэ хэдэн жил их нэмэгдээд, мөнгөний орлого нь ахисангүй. Энэ хэдэн жил багагүй алджээ. Үүнийг танаас авахгүй, хэнээс авах вэ гэж асуув. Тариачин Шяо инээж:

-Тэртээ ордны зарлага нэмэгдсэн боловч орлого нь ахисан байна. Эх дагина ба түмэн настаас бас шагнах байлгүй гэсэнд Жя Жэнь инээгээд Жя Рунд, за та нар сонсоцгоо. Үүний яриа хичнээн инээдтэй байна вэ гэсэнд Жя Рун инээж:

-Булан газар, буйд нутагт суугаа та яаж эндэхийн ёсыг мэдэх вэ. Эх дагина манайд хааны сангаас юм өгч болох уу? Түүнд санаа байлаа гэхэд дур мэдэж чадахгүй. Шан хишиг хайрлавч цагаан сарыг тохиолдуулан торго дурдан, наадмын зүйл шагнах төдий л юм. Мөнгөөр шагналаа гэхэд зуун лан алтнаас хэтрэхгүй. Энэ нь мянган лан мөнгө төдий тул юунд хүрэлцэх вэ. Сүүлийн хоёр жилийн туршид хичнээн мянган лан мөнгө алдлаа. Түрүү жил нь хатан төрхөмчилж ирэх үеэр цэцгийн хүрээлэн байгуулсантай нийлээд хичнээн мөнгө гарсныг бодоод үзвэл ойлгогдоно. Ойрын хоёр жилд дахиад төрхөмчлөх юм болбол юу болох вэ гэв. Жя Жэнь инээж:

-Тиймийн тул хөдөөгийн номхон тариачин хүн: “Гадар өнгийг нь хараад дотроо шаралсаныг нь мэдэхгүй байна”, “Майлс модоор туурганы дохиур хийвэл гаднаа сайхан боловч дотроо муухай” гэгчийг мэдэхгүй гэгч л болж байна гэв. Жя Рун инээж Жя Жэньд хандан:

-Тэртээ ордон үнэхээр үгүйрчээ. Тэр өдөр хоёрдугаар авга бэргэн, Юань Ян хоёр Лао тайтайгийн юмыг гулгуулж барьцаанд тавихаар зөвлөлдөж байхыг би сонслоо гэсэнд, эцэг нь инээж:

-Арай ч тиймдээ хүрэхгүй байхаа. Тэр чинь цөмөөрөө Фэн охины өв юм. Зардал нь ихсэж, алдагдалтай болж байгаа болохоор аль нэг зардлыг нь хасах гэж ийм арга хэрэглэн улсад ийм хэмжээнд тулжээ гэдгийг ойлгуулах гэсэн санаа байхаа. Би дотроо бас багцаатай байна. Одоо арай ч энэ байдалд хүрээгүй гэсээр босоод энэ Шяог аваачиж сайн дайлагтун гэснийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Жэнь дээрх олон юмнаас дээдсийн дайллагад хэрэглэхийг үлдээгээд төрөл бүрээс нь Рун Гуофүд Жя Рунээр хүргүүлэв. Дараа нь гэртээ хэрэглэхээс бусдыг нь ойр төрлийнхөндөө түгээн хүргүүлэв. Рун Гуофү ч тахилгын маш их юмыг Жя Жэньд хүргэж ирэв. Дайллагын сав хэрэгсэл бэлтгэснийг үзээд Жя Жэнь шаахайгаа өмсөөд шилүүсэн дотортой цувцаа нөмөрч, танхимын тулгуур доорх чулуун гишгүүр дээр чонын арьс дэвсүүлж суугаад хүүхэд дүү нарынхаа сар шинийн юм авахыг харна. Жя Чинийг юм авахаар ирсэнд Жя Жэнь дуудаж: “Чи юү гэж ирэв. Хэн чамайг дуудав” гэсэнд цаадах нь гараа унжуулан зогсоод: “Даяагийн энд, бидэнд юм өгөх гэнэ гэж сонсоод, дуудахыг нь хүлээлгүй хүрээд ирлээ” гэж өчив. Жя Жэнь: “Би энэ юмыг хийх ажилгүй, олох олзгүй авга нар ба ах дүү нарт чинь өгөх гэсэн юмаа. Тэр хоёр жил чи бас ажилгүй байсан юм, яахав өгчихье. Одоо чи тэртээ ордны хэргийг мэдэлцэж, гэрийн сүмийн бумба, хуушаангуудыг захирч, сарын мөнгөө олохоос гадна бас эдгээр хуврагийн пог, жид ч чиний гараар өнгөрч байтал бас үүнээс авахаар ирнэ. Хүмүүс жигтэйхэн ховдог болжээ. Чи өөрийгөө хар! Өмсөж зүүсэн чинь, мөнгө атгаж, хэрэг мэдэж байх хүний янз байна уу. Урьд бол чи, орлогогүй гэх байх. Одоо юү гэх вэ. Хуучиндаа хүрэхгүй юү” гэж асуусанд цаадах нь: “Манайх олуулаа болохоор зардал ихээ” гэж хариулав. Жя Жэнь хүйтнээр инээмсэглээд “Чи бас намайг мэхлэх санаатай юү. Гэрийн сүмд үйлдсэн хэргээ намайг мэдэхгүй гэж санаж байна уу. Тэнд очвол чи даруй ноён болой. Хэн хүн, чамаас айлгүй өрсөлдөх вэ? Гартаа зоостой болоод, бас биднээс нүд далд болов гэж чи эзэрхийлэн аашилж, шөнө болгон дээрэмчин, хулгайч нарыг цуглуулж мөрийтэй тоглож, эмс охид тэжээдэг. Мөнгө зоосоо сүйтгэсээр энэ хэмжээнд хүрээд бас ичихгүй ирж юм авна гэнэ. Чамд юм өгөхгүй. Харин бэрээ, мунын амт үзүүлбэл таарна. Жил гараад хоёрдугаар авгатай чинь ярьж байгаад чамайг солино гэсэнд Жя Чинь царайгаа улайлган, үг дуугүй зогсоно. Энэ үед хүн ирж “Хойт ордны ван ноён хос уянга хавтага боодол хүргэж иржээ” гэсэнд Жя Жэнь яаран: “Очиж хүндэтгэн дайлагтун. Намайг гэртээ байхгүй гэж хэл” гээд Жя Рунийг явуулав.

Жя Жэнь энд Жя Чинийг хөөж явуулаад, юмаа тарааж дууссаны дараа гэртээ харьж Ю хатны хамт хоолоо идээд унтсан боловч маргааш их ажилд яарцгаасныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Хөхөө сарын хорин есөн боллоо. Хамаг ажлаа бэлтгэж дууслаа. Хоёр ордон, үүдний бурхад, хос уянга, эвхмэл пайзыг шинэтгэж цоо шинэ болгов. Нин Гуофү их хаалганаас гол танхим хүртэл, ёслолын хаалга, их танхим, дулаан асар, дотоод танхим, дотор гурван хаалга, дотоод ёслолын хаалга, дотоод орхиул хаалгануудыг цэлийтэл нээж, хоёр хажуугаар нь зузаан улаан лав асгасан нь гал луу мэт гэрэлтэн харагдана. Дараа өдөр нь Жя Мү тэргүүтэй зэрэг, өргөмжлөл бүхий хүмүүс төрийн хувцас өмсөн дэс дараагаар найман хүний сүйхэнд сууж, ордонд орж ирж ёслол гүйцэтгэв. Дараа нь Нин Гөфүд очиж дулаан асарт орцгоов. Тэднийг ордонд дагаж очоогүй үр ач нар нь өвгөдийн сүмд очив. Бао Чинь, Жя овогтны өвгөдийн сүмд анх удаа орж байгаа тул уг сүмийг сэтгэл тавин ажиглав. Тэгсэн чинь, Нин Гуофүгийн баруун захад байх нэг хүрээ нь хар ширтэй хашлага дотор таван тасалгаа их хаалгатай, дээр нь “Жя овогтны дээдсийн сүм” гэсэн үгтэй илэрхийлэл өлгөж, хажууд нь “Бичгийн утгачийн хэргийг эрхлэгч онцгойлон тэмдэглэсэн Тайбао ванши бичиглэн өргөв” гэж бичээд хоёр талд нь хос уянга өлгөжээ. Түүнд:

Уушиг зүрхээ улаан тоосгонд бялтан, түмэн иргэн асран ивээсэн энэрэлд шүтнэ
Угийн гавьяа агаар тэнгэрт тулан, зуун үе тахилга тайллагаар бадран мандана
гэсэн ажээ. Үүнийг мөнөөх Ванши бичжээ. Хүрээнд ороход цагаан чулуун зөргийн хоёр хажуугаар хөх нарс, ногоон майлс жигдэрч довжоон дээр хүрэл зэсэн гүлийс шанлу тавьжээ. Их харшийн өмнө нэгэн “Үүрийн цолмон гэрэл гэгээгээ нэмэрлэнэ” гэсэн бичигтэй. Мөн луут алтан илэрхийлэл өлгөсөн нь дээд эзний мутрын бичиглэл ажгуу. Хоёр талын хос уянгад

Алдар гавьяат нь наран сарнаа тэнцэж
Ажил зүтгэл нь ач үрсдээ уламжилна
гэж бичсэн нь хаан эдний мутрын бичиглэл ажээ. Таван тасалгаа төв харшийн өмнө өлгөсөн цэнгэг уснаа луу бүжиглэсэн илэрхийлэлд, “Өвөг дээдсээ хүндэтгэн тахина” хэмээн бичиж хос уянга сийрүүлжээ. Үүнд

Эртнээс үр ач нар нь эрхэм буяныг залгамжилж
Эдүгээ болтол эгэл түмэн, Рун, Нинг мөрөөдсөөр гэсэн нь цөм хаан эзний мутрын бичиглэл ажээ. Дотор нь дэн зул гэрэлтэж, хоргой торгон хатгамал, орхиул солонгорон, олон бурхан шүтээний зураг хөргийг өдий төдийгөөр жагсаан тавьсан боловч төдий л тод харагдахгүй байв.

Рун, Нин ордны хүмүүс хоёр эгнээ болон дэс дараагаар зогсчээ. Тахилгыг Жя Жөн голлон удирдаж Жя Шө түүнтэй хавсран Жя Жэнь хундага өргөж Жя Лянь, Жя Жун өмсгөл хив барин, Бао Юй хүж өргөж Жя Цан, Жя Лин олбог дэлгэн, тахилгын онгоцыг сахина. Шавнан хөгжим дуугарч гурвантаа хэм өргөхөд, ёслон мөргөж дуусаад өмсгөл шатаан сэржим өргөв. Ёслол дуусмагц хөгжим зогсож бүгдээр ухран гарав. Хүмүүс Жя Мүг хүрээлэн аваад түүнийг дагаж гол танхимд орж ирэхэд хөргийн өмнөх хоргой орхиулыг өргөн хатгамалт хөшгийг дэлгэхэд хүч зул гэрэлтэн харагдана. Төв дунд нь Рун, Нин хоёр дээдсийн магнаг дээл, хаш бүст зурмал хөргийг өлгөөд хоёр хажууд нь бас хэдэн өвгөний хөргийг жагсаажээ. Жя Шин, Же Хи нар дотоод ёслолын хаалганаас гол танхимын саравч хүртэл дэс дараагаар жагсан морилж Жя Жэн, Жя Шө нар үүдэн дээр зогсоход үүдний дотор бүсгүйчүүд байв. Боол зарц нар ёслолын хаалганы гадна зогсжээ. Тайллагын зуушийг урьдаар ёслолын хаалганд хүргэж Жя Шин, Жя Хэ хоёр гардан авч дэс дараалан уламжилсаар Жя Жэнд барив. Жя Рун бол гол угсааны ахмад ач болох тул тэрбээр ганцаар бүсгүйчүүдийн хамт хатавчны дотор байх учир зууш ирэх бүр Жя Жэн, Жя Рунд өгнө. Жя Рун гэргийдээ өгч цааш нь Фөн Жэ, Ёу хатан нарт дамжуулан шууд тахилгын ширээнд хүргэж Ван Фүрэньд барина. Ван Фүрэнь түүнийг Жя Мүд барихад тэрбээр сая тахилгын ширээнд тавина. Шин Фүрэнь тахилгын ширээний баруун талд зүүн тийш харж зогсоод Жя Мүтай элбэн тахилгын зүйлсийг ширээнд тавина. Тахилгын бүх идээ будааг оруулж тавьсаны дараа Жя Рун сая ухран гарч Жя Чинь нарын дээд талд зогсоно. Дээр нэг үеийг Жя Жэн тэргүүлж, дараах нэг үеийг Жя Жэнь тэргүүлэн байснаа сүүлчийн үе нь Жя Рунд ирж байгаа ажээ. Тэрбээр зүүн баруун зогсогсдыг ялгаж зогсооход бүсгүйчүүд нь зүүн талд, бүстэйчүүд нь баруун талд байрлав. Жя Мү тэргүүлэн очиж хүж өргөн ёсолсонд бүгд сөгдөв. Таван тасалгаа их танхим, гурван тасалгаа эргэмэл харш, дотор гаднах саравч гудамж, яндар товчооны үе гишгүүр, хоёр хажуугийн хашлагад хүртэл магнаг хатгамал торгоор дүүрч хуруу орох зайгүй болжээ. Алтан хонх, хаш зүүдлийн харилцан дуугарах ба босож сөгдөх хөлийн чимээнээс өөр чимээ анир өгтүгэй. Төдөлгүй ёслол дуусав. Жя Жэн, Жя Ше нар яаран Рун Гуофүд очиж Жя Мү очиж ёслохыг хүлээв. Ёу хатан дээд өргөөний шал дээр улаан эсгий битүү дэвсээд тэг дунд нь зааны хамрын хөлтэй паалан гүйлгэсэн алтан хоовонд цог хийж тавьжээ. Гол ханзан дээр цоо шинэ хар минжин эсгий дэвсээд “Царвах луу насан хутаг заяажээ” гэсэн хээтэй улаан магнаг олбог түшмэг ор дэр тавьж бас дээгүүр нь хар үнэгээр бүтээж,цагаан үнэг дэвсжээ. Жя Мүг залж суудалд суулгасны дараа хоёр хажуугаар нь бас арьсан дэвсгэр дэвсэж Жя Мүгийн нэг үеийн хоёр гурван авьсан ажинг /ах дүүсийн эхнэр биесээ дуудах нэр/ суулгаж, энэтээ этгээдийн халхавчийн арын бяцхан ханзан дээр арьсан дэвсгэр дэвсэж, Шин Фүрэнь нарыг суулгав. Тэртээ доор хоёр зэрэгцүүлэн тавьсан арьсан бүрээст исэр дээр хар хэрмэн олбог дэвсээд Бао Чинь мэтийн эгч дүүсийг суулгав. Ёу хатан цайн таваг өргөн Жя Мүд барьсны дараа Шин Фүрэнь нарт цай өгөв. Жя Руний гэргий бусад настан эмгэд авхай нарт цай барив. Харин Фөн Же, Ли Шэнь нар доор зогсож хүмүүст үйлчилнэ. Шин Фүрэнь босож цай барин Жя Мү нарыг цайлав. Жя Мүбусад настан авьсан нартай хэдэн үг солиод, сүйхээ үзүүлсэнд Фөн Жеяаран очиж түшин авав. Ёу хатан инээмсэглэсээр: “Лао тайтайгийн оройн хоол бэлэн болжээ. Та явж хоолоо зоогло доо” гэсэнд Фөн Же сугадан: “Та нар өвөг дээдсээ тахиж байхад би энэ түйвээнд байж юу хийнэ вэ. Би тахилгын идээнээс амсахгүй явахад та нар хүргээд өгөх юм чинь. Хичнээн ахиу очвол сайн шүү дээ” гэсэнд цаадуул нь хөхрөлдөв. Жя Мү явахдаа “Шөнө зул тасалж болохгүй. Олигтой хүнд хариуцуулаарай” гэж захив. Ёу хатан “За” гэж хүлээн авав. Тэгээд Жя Мүг сүйхэнд нь суулгаад их хаалгаар гаран гартал нь үдэв. Дараа нь Ёу хатан, Шин Фүрэнь нар Рун Гуофү рүү явав. Тэднийг явахад замын хоёр талд жагссан Нин, Рун хоёр гүнгийн хөгжимчид нааш цааш холхих хүмүүсийн замыг хаажээ. Хатдыг явсаар Рун Гуофүд ирэхэд их хаалганы гол үүдийг цэлийтэл нээжээ. Тэд дулаан асрын тэнд сүйхнээсээ буулгүй явсаар их танхимыг өнгөрч баруун тийш эргээд шууд явж Жя Мү өргөөний тэнд хүрээд сүйхнээсээ бууцгаав. Тэднийг Жя Мүгийн өрөөнд ороход бас цоо шинэ магнаг хоргой халхавч өлгөсөн байв. Тасалгааны голд тавьсан галын хувинд нарс майлсан хүж, элдэв үнэртэн шатаажээ. Настай мөөмөө ирж “Лао тайтайд ёслон золгохоор тайтай нар ирлээ” гэж мэдүүлсэнд Жя Мү сандран босож угтах гэтэл хэдэн авьсан ажин ороод ирэв. Тэд гар гараасаа барилцан инээж, найрсгаар мэндлэн сууж цай уугаад явах болов. Жя Мү тэднийг дотоод ёслолын хаалга хүртэл үдээд буцаж ирэв. Түүнийг гол суудалд очиж суутал Жя Жэн, Жя Шэ нар хүүхэд дүү нараа дагуулан орж ирсэнд Жя Мү инээж: “Та нар жилдээ их ажилтай болохоор ёслохыг байтугай” гэв. Энэ үед бүстэй, бүсгүй цөм мөргөж ёслов. Дараа нь ах захын дарааллаар сандалд суулгаж ёслолыг гүйцэтгэв. Хоёр ордны боол зарц, инж, шивэгчин, алба ажлынхан их багын ялгалгүй ёслон мөргөв. Дараа нь, нас нэмсний мөнгө хавтага боодол алт мөнгөн тойг мэтийн бэлгийг түгээв. Энэ бүхний дараа хотол төгссөн хуримын ширээ засаж бүстэй, бүсгүйгээрээ зүүн баруун талаар ялгаран сууж рашаан, нанчид, баярт шөл өлзийт жимс, ивгээлт боорцгийг хүртэцгээв. Жя Мүг дотор тасалгаанд орж хувцсаа солихоор явмагц бүгд тарцгаав.

Орой нь, эндэхийн тахилгын гэрт хүж асаан зул өргөж, галын бурхан тахив. Ван Фүрэний гол гэрийн хүрээлэнд цаасан бурхан дэлгэж цаасан хийморь хийсгэн хүж зул асааж мөргөцгөөв. Да Гуань Юань хүрээлэнгийн гол хаалганд хоёр талд нь эвэр дэнлүү өлгөж зам гудамж бүхэнд зул асаав. Гэр хотлоороо, дээр доргүй цөм цэцэг хуар хоргой тажаар засаж, шөнийн турш дуу шуугиан таслалгүй инээлдэн наадаж, цаасан пуужин тавьж хөгжилдөв.

Маргааш нь үүрийн таван жингээр Жя Мү нар зэрэг өргөмжлөлийн хувцсаа өмсөж, ёслолын хиа, бараа бологсод цөмөөр ордонд очиж бараалхан ёслоод Юань Цүний насан хутгийг даатган залбирав. Дараа нь Нин Гуофүд очиж өвгөд дээдсээ тахив. Энэ их ёслолын дараа Жя Мүхувцсаа сольж амран шинэлэн золгохоор ирсэн садан төрлийнхнөө ч хүлээж авалгүй Шюэ Има, Ли Шинь хоёртой энэ тэрийг ярилцан хэсэг сууснаа Бао Юй, Бао Чай болон бусад эгч дүүстэй шатар тоглож, даалуу тавьж баахан наадав.

Харин Ван Фүрэнь, Фөн Же хоёр бол өдрийн турш залагдаж ирсэн хүмүүст цай, идээ барьж, тэртээ танхим болон хүрээлэнг дүүртэл найрын ширээ засаж байв. Энэ үед ах дүүс садан төрлийнхөн нь тасралтгүй цувж байв. Энэ мэтээр долоо найм хоног өнгөрөөв. Үүний хажуугаар арван тавны ёслолд хоёр ордон, чимэглэл хийж, дэн, зулаа асаав. Арван нэгний өдөр Жя Шө, Жя Мү нарыг залж, маргааш нь Жя Жэнь бас Жя Мүг залж байхад тэдний хажуугаар Ван Фүрэнь, Фөн Же нар найр хуримд залагдаж байлаа. Арван тавны орой Жя Мү цэцэгт их танхимд найр бэлтгүүлж, янз бүрийн цэцэгт дэнлүүг өлгүүлж Нин, Рун хоёр ордны үр хүүхэд, бэр, авхай нар, охидыг залж гэрийн найр хийв. Жя Жэнг хэзээнээс архи дарс уудаггүй, бор идээг амсдаггүй тул найрт залсангүй. Хоёр хоногийн дараа дээдсийн тахилга дууссан тул хүмүүс хотоос гарч бясалгалд явсан учир Жя Мү хэдэн өдөр гэртээ иймээ тиймээ юмгүй, бясалгал үйлдэн нам гүм залбирч суув. Энэ үед Жя Шэ л ирж Жя Мүгийн шагналыг гардаад хариу ёслон явав. Тэрбээр гэртээ хариад, олон зочин залж архи дарс ууж, дуу хуур болж нижигнэн бужигнаж, хоргой торго гялалзуулан жарган цэнгэх нь эндэхтэй адилгүй. Харин Жя Мү цэцэгт танхимд арваад найрын ширээ засуулж, ширээ бүрийн дэргэд жижиг аяганы ширээ тавиад дээр нь гүлийсийн гурван эдлэлийг өрж, эзний хайрласан хүж асаажээ. Бас найман ямх урт, дөрөв таван ямх өргөн, хоёр гурван ямх өндөр уул усны гайхамшиг үзэмжийг урлан хураангуйлсан гоё гадрыг тавьсан нь үнэхээрийн шинэ сонин харагдана. Бас цайны шармал пэнсэнд эртний төрөл бүрийн бяцхан цом тавиад, торгон дээр хуар цэцэг, шүлэг дууллыг нэвтгэлзэн хатгаж хүрэн зандан сийлбэрээр хөвөөлөн чимсэн хүзүүний сондор тавьжээ. Бас эртний бяцхан лонхонд “Хүйтэн цагийн гурван найз”, “Хаш ордны баян эрхэм” мэтийн сайхан цэцгийг хийжээ. Дээд хоёр ширээнд Ли Шэнь, Шюэ Има хоёр сууж зүүн талд өвсөн лууны сийлбэрт өнгөн халхавчтай бяцхан нам орны ширээнд түшлэг, дэр, арьсан дэвсгэр тавьжээ. Орны дээр алтан хуартай шармал бяцхан аяганы ширээ тавьж дээр нь цом, нулимах сав, алчуур зэргийг тавьснаас гадна бас нэг жижиг дурангийн хайрцаг тавьсан байна. Жя Мү ор дээр хажуулсхийгээд, хүмүүстэй ярилцан инээж, хааяа дуран авч шийний тайзыг дурандаад “Хөгшин миний яс шөрмөс хөшсөн тул тааваараа хажуулдан байхыг уучлах биз ээ” гэсээр Хупог ор дээр гаргаж “Гоо охины нударгаар”2 орны дэргэд ширээ зассангүй. Ганцхан өндөр ширээ тавьж дээр нь цэцгийн лонх, хүжний гүлийс өрөөд бас нэг ширээнд хундага, савх тавьжээ. Дэргэдэх явган ширээнд нь Бао Чинь, Шян Юнь, Дай Юй, Бао Юй дөрвийг суулгажээ. Жимс зууш орж ирэх бүрд урьдаар Жя Мүд үзүүлж амсуулаад, таалалд нь нийцсэн бол ширээнд тавиулна. Бао Чинь нарын ширээний зэргэлдээ ширээнд Шин Фүрэнь, Ван Фүрэнь, цаашлаад Ёу хатан, Ли Шэнь, Фөн Жэ, Жя Руний гэргий, тэдний хажууд Бао Чай, Ли Шэнь, Ли Чи, Шю Янь, Ин Чүнь нарын эгч дүүс суужээ. Хоёр талын гол нуруунаас тав гурваар хэлхэн нийлүүлсэн болор шилэн дэн өлгөж, ширээ бүр дээр лянхуан навч унжуулжээ. Энэ лянхуан навч бол дотор талдаа цагаан паалан гүйлгэсэн эргүүлэгтэй тул гадагш эргүүлж, гэрлийг нь шийний тайзанд тусгавал их л тодорхой харагдана. Цонхны саравч, үүдний самбарыг авч цацаг унжуулсан олон янзын ордны дэн өлгөжээ. Гудам саравчны гаднах дотнох тал, пин халхавч бүхэнд эвэр, шил, хив торго зурмал, хатгамал, цаасан, мяндсан дэнг дүүртэл өлгөжээ. Саравчны хэдэн ширээн дээр Жя Жэнь, Жя Лянь, Жя Хуань, Жя Цун, Жя Рун, Жя Чинь, Жя Юнь, Жя Чан, Жя Линь нар суужээ. Жя Мү хүн явуулж овог төрлийн олон хүнийг залсан боловч зарим нь нас агширч наадам цэнгээнд дуралаа больсон, зарим нь өвчтэй учир ирье гэвч ирж чадаагүй ажээ. Зарим нь бусдадаа атаархаж, ядуудаа зовоод ирсэнгүй. Бүр нэр бүхий зарим нэг нь, Фөн Жэгийн ааш авирыг жигшээд ирсэнгүй. Бас зарим нэг нь олны дунд орохоос айж ширвээд ирж чадсангүй. Тийнхүү эдний овог төрлийнхөн хэдий олон боловч бүсгүй төрлийн дотроос Жя Ланий эх Лэү овогт хүүгээ дагуулан ирээд Фөн Жэгийн мэдэлд ажил алба хийж байгаа Жя Чинь, Жя Юнь, Жя Чан, Жя Линь дөрвүүлээ иржээ. Эдүгээ залсан бүх хүн ирээгүй ч энэ гэр зуурын найр хурим бас ч хөгжилтэй болжээ. Бас Линь Жйшяогийн гэргий, зургаан бүсгүйн хамт гурван ханзан ширээ дамнан орж ирэв. Ширээ бүр дээр улаан эсгий дэвсээд, дээр нь сая цутгасан гуулин зоосыг улаан оосроор хэлхжээ. Линь Жйшяогийн гэргий, хоёрыг нь Шюэ Има, Ли Шэнь хоёрын орны хажууд тавиулж, нэгийг нь Жя Мугийн орны дэргэд тавиулав. Жя Мү: “Дунд нь тавьчих” гэв. Мөнөөх авгай ёс мэдэх хүн тул, ширээгээ тавиад, зоосны хэлхээ оосрыг нь шувт татаад дээр нь овоолчихов.

Энэ хэрд яг “Баруун асрын уулзалт”3-ыг бараг дуулж дуусах шахаад Юй Шуе уурлаад явж одсонд тэрхүү Вэнь Бао дэмий л шоглож “Чи уурлаад явжээ. Энэ өдөр яг цагаан сарын арван таван. Рун Гуофүгийн буурай эмээгийн гэрийн найр тохиолдсон тул би энэ морийг унаж гүйцэж очоод боов жимс олж ирэх нь юунаас ч чухал болой” гэтэл Жя Мү нар бүгдээр хөхрөлдөв. Шюэ Има “Сүрхий ч шулмастай хүү байна. Хөөрхийдээ” гэж дуу алдав. Фөн Же“Энэ хүүхэд есөн настай шүү” гэсэнд Жя Мү инээж: “Амаргүй хоншоортой эр байна. Шагнатугай” гэв. Бяцхан сийрсэн сав барьж байсан гурван эхнэр “Шагна” гэсэн ганц үгийг анхааран урагш ухасхийж, овоолоотой байсан зоосноос нэг нэг атгаж аваад шийний тайз өөд “Буурай эмээ, И тайтай, Вэнь Бао тайтайд жимс авч идэх зоос шагнажээ” гэсээр тайзан дээр гарч мөнөөх зоосыг харжигнатал асгав. Жя Жэнь, Жя Лянь нар бага зарцад хэлээд сийрсэн саваар зоос бэлтгүүлэв. Хэрхэн шагнасныг мэдсүгэй хэмээвээс дараах бүлгийг үзтүгэй.

Тайлбар:
1.Хишиг ивгээлт яам-Ордны хоол хүнс, алив энгийн хэргийг хариуцдаг яам
2.Гоо охины нударга-Хуучин нийгэмд, хөл гарын чилээг гаргахын тулд түншдэг, арьс буюу модоор хийсэн зүйл
3.Баруун асрын уулзалт-Юань Юйлингийн зохиосон “Баруун асрын цадиг” жүжгийн нэг үзэгдэл. Энэ жүжигт, Ю Шуеэ ба нэг янхан хүүхний явдлыг үзүүлжээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж