Пёнчан-2018 өвлийн олимпийн долоо дахь өдөр Улаанбаатарын цагаар 14:30 цагаас гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10км-ын сонгодог төрлийн уралдаан эхэлсэн. Зохион байгуулах хороонд ирсэн мэдүүлэгт нийт 90 цаначин уралдахаар болсны нэг нь ‘Алдар’ спорт хорооны тамирчин, хоёр дахь олимподоо оролцож буй ОУХМ Ч. Отгонцэцэг байлаа. Монголын тамирчин Ч.Отгонцэцэг FIS буюу Олон улсын цанын холбооны албан ёсны тэмцээнд оролцсон 2017-2018 оны улирлын онооны дунджаар 82-рт эрэмблэгдсэн юм.
Пёнчаны Альпензи цанын баазад тамирчнаа уухайлан дэмжихээр 100 гаруй монголчууд хүрэлцэн ирсэн олны анхаарлыг татаж байв. Ч.Отгонцэцэгийн хувьд Сочи-2014 өвлийн олимпод уралдаж, 68-р байрт шалгаран, өнгөрөгч онд цанын ‘Б’ зэрэглэлийн ДАШТ-нд шагналт 4-р байр эзэлж байсан юм. Тэрбээр Финландын Лахти, Контилахти, Рука, Имартра, Сарисэлка хотуудад болсон олимпийн эрх олгох цуврал тэмцээнд амжилттай оролцон, оноо цуглуулж, Пёнчанд оролцох эрхээ баталгаажуулан, Өмнөд Солонгосыг зорьсон билээ.
Манай тамирчин олимпийн замд гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын сонгодог төрөлд 32 минут 52.1 секундын амжилтаар нийт 90 тамирчнаас 84-р байрт шалгарсан бөгөөд энэ зайд түрүүлсэн Норвегийн тамирчин Рагниль Хагагаас 7 минут 51.6 секундын хоцролттой барианд оржээ.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
ОУХМ Ч.Отгонцэцэг
- Төрсөн он сар : 1991.04.30
- Нас: 26
- Хобби: Сагсан бөмбөг.
- Боловсрол: Мон-Алтиус дээд сургууль, Биеийн тамирийн багш.
- Клуб: "Алдар" спорт хороо.
- Дасгалжуулагч: Х.Хаш-Эрдэнэ (2010 оноос хойш)
- Анхны тэмцээн: 2008 он Финланд Куусамо дэлхийн цом.
- Анхны медаль 2011 онд Казахстаны Алма-Ата хотод болсон Азийн өвлийн наадамд цанын төрөлд хүрэл медаль хүртсэн.
- Шүтдэг тамирчин: Польшийн цаначин Юстина Ковальчик.
Ю.ЧИНБАЯР
Холбоотой мэдээ