Пёнчан-2018 өвлийн олимпод Монголын хоёр тамирчин оролцож байгаа. Өнөөдөр гүйлтийн цанын тамирчин Чинбатын Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд уралдаж, 32:52.1 амжилтаар (Түрүүлсэн тамирчнаас 7:51.6 хоцорогдолтой) 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарлаа.
Ч.Отгонцэцэг Македони, Турк, Аргентин, Монтенегро, БНАСАУ, Чилийн цаначдыг ардаа орхижээ.
14 дэх удаагаа өвлийн олимпод оролцож буй монголчууд ийнхүү дэлхийн спортын дээд баяр цэнгэл наадамд мөрөө гаргалаа.
“Сочи 2014” олимпийн наадамд уралдаж байсан Ч.Отгонцэцэг өнгөрсөн онд “В” зэрэглэлийн ДАШТ-д шагналт IV байр эзэлсэн бөгөөд Финландын Лахти, Контилахти, Рука, Иматра, Сарисэлка хотуудад болсон олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд уралдаж, Пёнчаны олимпийн эрхээ баталгаажуулсан юм. Тэрбээр Монгол улсын аваргаар 29 удаа шалгарсан. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна.
Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд уралдах, ОУХМ Б.Ачбадрах маргааш тэмцээнтэй.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ /БНСУ, Пёнчан/
Б.ЭНХ
Холбоотой мэдээ