Төрийн албаны сонгон шалгаруулалтын эзэд тодорхой байдаг уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

Төрийн албаны сонгон шалгаруулалтын эзэд тодорхой байдаг уу?

Төрийн албаны сонгон шалгаруулалтын эзэд тодорхой байдаг уу?

У.Хүрэлсүхийн Засгийн газар нийт дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлсөн билээ. Тухайлбал, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаас Ж.Болормааг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Б.Нямааг, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Л.Баяртулга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт хийж, С.Наранцогтыг шалгаруулсан юм. Засгийн газрын хуралдаанаас өчигдөр түүнийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд сонгон шалгаруулалтыг түүнд зориулж хийсэн гэх хардлага байна.

Гэхдээ МАН дотор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар өөрийн хүнээ томилуулах гэсэн марафон Б.Нямааг чөлөөлснөөс хойш эхэлсэн гэж хэлж болно. Иймээс өөрийн хүнээ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж чадаагүйдээ шаралхсан МАН-ын хэсэг бүлэг нь  дээрх үгийг чулуудаж байх тал бас бий. 

Чөлөөлөгдсөн Төрийн нарийнуудаас сураг ажиг сонсоход Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч С.Мөнхбатыг,  Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын  байцаагч Д.Энхбат нарыг томилно гэсэн “бор шувуу” саарал ордонд нисээд удаж байна.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг одоогоор зарлачихсан байгаа бөгөөд үлдсэн яамдын хувьд сонгон шалгаруулалтын тов гараагүй байна. 

Т.НОМИН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж