Нидерландын тэшүүрчдийн амжилтыг Иорен тер Морс үргэлжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Нидерландын тэшүүрчдийн амжилтыг Иорен тер Морс үргэлжлүүлэв

Нидерландын тэшүүрчдийн амжилтыг Иорен тер Морс үргэлжлүүлэв

Иорен тер Морс Нидерландын эмэгтэй тэшүүрчдийн 3 дахь алтан медалийг авчирлаа

Пёнчан-2018 олимпийн наадмын тэшүүрийн төрөлд нидерландуудын ялгуусан амжилтаар үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 1500, 5000 метрийн уралдааны алтан медалийг хүртээд байсан бол эмэгтэйчүүдийн 1000, 1500 болон 3000 метрийн уралдааны аваргын алтан медалийг хүртлээ.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 1000 метрийн уралдаан болж Сочигийн олимпийн наадмын 1500 м болон багийн уралдааны алтан медалийн эзэн тер Морс 1 мин 13.56 сек-н амжилтаар олимпийн рекордыг шинэчлэн тогтоож аваргын алтан медалийг хүртлээ. Харин мөнгө, хүрэл медалийг Японы Н.Кодаира болон М.Такаги нар хүртсэн байна.

Спортын “Спорт Иллюстрейтэд”-ээс эмэгтэйчүүдийн 1000 метрийн уралдаанд Японы Н.Кодаираг алтан медаль хүртэж түүний нутаг нэгт М.Такагиг мөнгө, АНУ-ын Х.Бергсмаг хүрэл медаль авна хэмээн таамаглаж байсан. Таамаг ёсоор Япон бүсгүйчүүд медалийн тавцан дээр гарсан боловч алтан медалийг Нидерландийн Иорен тер Морс хүртэж байна. 

Нидерланд эмэгтэй тэшүүрийн нийт 7 төрлөөс 3 төрөлд нь 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байгаа бол Япончууд 2 мөнгө, 1 хүрэл медалийг хүртээд байна. Одоо эмэгтэй 500, 5000, бөөн гараатай уралдаан болон багийн хөөх уралдаанууд медалийн эзэд тодорно. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж