Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг билээ. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг юм. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг уламжлалтай. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг аж.
Битүүний өдөр цээрлэх зан үйл
-Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
-Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
-Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
-Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
-Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.
Э.Ариун