“УБТЗ” ХНН олон улсын тээврийн салбарын нэр хүндтэй “Алтан сүйх тэрэг” шагналын эзнээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

“УБТЗ” ХНН олон улсын тээврийн салбарын нэр хүндтэй “Алтан сүйх тэрэг” шагналын эзнээр тодорлоо

“УБТЗ” ХНН олон улсын тээврийн салбарын нэр хүндтэй “Алтан сүйх тэрэг” шагналын эзнээр тодорлоо

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өнгөрч байгаа тахиа жил 22,8 сая тонн ачаа тээж түүхэндээ байгаагүй амжилт гаргалаа. Тэрчлэн манай улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ огцом нэмэгдэж, ази-европыг холбосон төмөр замын гол коридор болохоо харуулж чадсан юм. 2016 онд манай улсын нутгаар чингэлгийн 168 галт тэрэг дамжин өнгөрч байсан бол 2017 онд 556 галт тэрэг дамжин өнгөрсөн нь үүний нотолгоо юм. Ийнхүү УБТЗ тахиа жилээ бахдам сайхан амжилтаар үдэж байна. Тус нийгэмлэгийн гаргасан амжилтыг манай хөрш хоёр орны төмөр замчид өндөр үнэлээд зогсоогүй олон улсын тээврийн салбарын нэр хүндтэй байгууллагууд ч үнэлжээ. Олон улсын төмөр замуудын холбоо, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага, Европын төмөр зам, дэд бүтцийн компаниудын холбоо, Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл, Олон улсын агаарын ачаа тээврийн холбоо, Олон улсын авто тээврийн холбоо зэрэг 10 гаруй нэр хүндтэй тээврийн салбарын холбоодын удирдлага, томоохон тээврийн компаниудын захирал, тээврийн салбарын шинжээч нараас бүрдсэн “Алтан сүйх тэрэг” шагналыг зохион байгуулах хороо 2017 оны “Алтан сүйх тэрэг”-ний эзнээр УБТЗ нийгэмлэгийг тодруулжээ. Энэ тухай мэдэгдсэн албан ёсны захидал, урилгыг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад тус хорооноос ирүүлжээ. Уг захидалд дурдахдаа “Монгол Улсын тээврийн салбарын шилдэг компаниудын нэг болох УБТЗ нь дэлхийн эдийн засгийн ерөнхий сөрөг хандлагыг үл харгалзан өнгөрсөн онд үнэхээр гайхалтай үр дүнд хүрсэн билээ. Хилийн дамжих хэсэг болох Замын Үүд–Эрээн өртөөдөөр тээвэрлэсэн 10 сая тонн ачааг оролцуулаад 2017 онд 23 сая тонн ачаа тээвэрлэсэн нь үүнийг гэрчилнэ. Олон улсын нэр хүндтэй энэхүү шагнал нь УБТЗ-ын хамт олны цаашдын амжилттай үйл ажиллагаанд урам зориг хайрлана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг ирэх 5 дугаар сард Бразил улсад болох дэлхийн 50 гаруй орны тээврийн салбарын төлөөлөгчид оролцох “Тээврийн уламжлалт төрлүүд болон тээврийн хамгийн шинэлэг тогтолцоо” сэдэвт олон улсын бага хурлын үеэр гардуулах юм. Энэхүү шагнал нь олон улсын тээврийн салбарын хамгийн нэр хүндтэй том шагналын нэг бөгөөд жил бүр зохион байгуулагддаг. “Алтан сүйх тэрэг” шагналын зохион байгуулах хороо нь Австри улсын Вена хотод байрладаг бөгөөд төлөөлөгчийн газрууд нь АНУ, ОХУ, Ойрхи дорнод, Африкийн орнуудад байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж