Оросын Олимпийн шинэ найдвар

Хуучирсан мэдээ: 2018.02.15-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС - Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын Олимпийн шинэ найдвар

Оросын Олимпийн шинэ найдвар

Уран гулгалт сүүлийн 50 жилийн хугацаанд ОХУ-д тэргүүлэх спортын нэг болсон бөгөөд энэ хугацаанд төрөл бүрээрээ хөгжиж байна гэж хэлж болно.

XX зууны 60-аад оны дунд үед Зөвлөлтийн тамирчид уран гулгалтын спортын төрөлд хосын үзүүлбэрээр анхны амжилтаа гаргаж, мөсөн талбайн эзэд гэдгээ нотолж эхэлсэн. Хожим нь, ЗХУ уран гулгалтын спортын бүжгийн төрөлд тэргүүлэх болсон. Ингээд 1990-ээд оноос эхлэн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын тамирчид од болон гялалзаж, ‘мөсний хаан’ гэх цолыг албан ёсоор эх орондоо авчирсан билээ. Харин энэ спортоор хичээллэж буй эмэгтэйчүүд амжилтаараа ЗХУ-д ч гэсэн хожим нь ОХУ-д ч гэсэн ард түмнээ баясгаж чаддаггүй байв.

Гэхдээ 1999 онд Мария Бутырская гэх бүсгүй дэлхийн аваргын цолыг эх орондоо авчирсан нь энэ төрөлд эмэгтэйчүүд том амжилт гаргах боломж бий гэдэг итгэл найдварыг төрүүлсэн билээ. Түүний араас Ирина Слуцкая амжилтын буухиаг үргэлжлүүлж, дэлхийн хошой аварга болсон ч ОХУ-ын эмэгтэйчүүд Олимпийн мөсөн талбайг эзэгнэх цаг нь болоогүй л байв.

Гайхалтай нь, Сочигийн олимпоор уран гулгалтын спортын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-д анх удаа олимпийн эмэгтэй аварга төрсөн нь Аделина Сотникова байлаа. Гэхдээ энэ бол гайхамшиг биш гэж Оросын ард түмэн үзэж байв. Учир нь тухайн үед эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд рекордыг Өмнөд Солонгосын тамирчин Ким Ю На эзэмшиж байв.

Харин энэ удаагийн Пёнчаны Олимпод Оросууд энэ төрөлд алтан медалийг эзэмшинэ гэсэн итгэл тавьж байна. ОХУ-ын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд маш богино хугацаанд дэлхийд өндөр амжилт гаргасан тамирчин энэ удаагийн Өвлийн Олимпод оролцож байгаа. Тэр бол Евгения Медведева билээ.

Тэрбээр өдгөө 19 настай ч тэмцээнд оролцох болгондоо хувийн болон дэлхийн рекордуудыг шинэчилж чаддаг гайхалтай, авьяаслаг уран гулгагч гэгддэг.

УРАН ГУЛГАГЧИЙН ОХИН БОЛ АМЖИЛТАД ХҮРЭХ АНХНЫ АЛХАМ 

Евгения Арманова Медведева нь 1999 оны арваннэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын нийслэл Москва хотод мэндэлсэн. Армян гаралтай. Түүний аавыг Арман Бабасян гэдэг бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг. Харин ээж нь уран гулгалтын спортын тамирчин аж.

Женя төрөхдөө л маш сул биетэй, жин багатай байсан тул эмч нар түүнийг уран гулгалт эсвэл усан сэлэлтийн спортоор хичээллэхийг зөвлөдөг байсан гэнэ. Улмаар түүнийг ээж нь гурван настай байхад нь уран гулгалтын спортод хөтөлж оруулсан гэдэг. Гэхдээ түүнийг жижигхэн, сулбагар биетэй гээд дасгалжуулагч нь авахаас татгалзсан түүхтэй.

Охин чин сэтгэлээсээ уран гулгалтын спортод хайртай байсан төдийгүй зурагтаар "Мөсний хаан" Евгений Плющенкогийн үзүүлбэрийг шимтэн үзэх дуртай нэгэн байв. Ингээд Женя өдөр шөнө, өглөө оройгүй уйлж, улмаар дасгалжуулагч Любовь Яковлевагийн шавь болсон гэдэг. Хожим нь, дасгалжуулагч нь жирэмсний амралтаа авч, авьяаслаг охин Евгения Елена Селивановагийн удирдлага дор дасгал, сургуулилтаа хангах болжээ.

Гуравхан настайгаасаа эхэлж, энгийн хүүхдүүдээс тусгаарлагдаж, тоглож наадах цаг завгүй, дасгал сургуулилтаа базаадаг байсан түүнд хүүхдийн тоглоомны оронд тэшүүр нь байдаг  байв.

Охин найман нас хүрэхэд түүний амьдралд ОХУ-ын шигшээ багийн тамирчдыг бэлтгэдэг, алдарт дасгалжуулагч Этери Георгиевна Тутберидзе орж ирсэн билээ. Туршлагатай дасгалжуулагчийн удирдлага дор бяцхан Женя "Мөсний жинхэнэ хатан хаан" болж хүмүүжиж байв. Энэ цаг мөчөөс хойш тэрбээр өөрийн зорилгоо бүрэн ухаарч, юуны төлөө, яах гэж энэ спортоор хичээллэж буйгаа ойлгож эхэлсэн гэдэг. Түүний хувьд хүүхэд нас гэж байгаагүй. Уйгагүй хөдөлмөрлөсний эцэст, тэрбээр 12 насандаа ОХУ-ын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтах болсон.

Ингээд түүний спортын амжилтын түүх эхэлсэн юм. Евгения Латвид зохион байгуулагдсан залуучуудын Гран-при тэмцээнд оролцож, 169.52 оноогоор гайхалтай ялалт байгуулж, алтан медалийн эзэн болов.

Өндөр ачааллыг үүрч, бэлтгэл сургуулилтаа орхигдуулаагүй ч тэр ерөнхий боловсролын сургуульдаа онц сурлагатан байсан гэнэ. Түүний дуртай хичээл – Биологи, түүх.

Спортдоо анхаарлаа хандуулахын тулд тэрбээр 10 болон 11 дүгээр ангиа  зэрэг төгссөн гэдэг.

СПОРТЫН АМЖИЛТ 

Евгения Медведева чимээгүйхэн дэлхийн аваргын медалийг түүж байна гэж судлаачид дүгнэдэг. Тэр өнөөдөр анхны Олимпийн наадамдаа оролцож байна. Түүнийг Олимпийн алтан медаль авна гэж Оросууд ихээхэн найдлага тавьж буй.

Тэрбээр Латвийн Гран-при тэмцээний дараагаар Польшид зохион байгуулагдсан Гран-при тэмцээнд оролцож 179.96 оноогоор алтан медаль хүртэв. Дараагаар нь, Евгения Япон улсад зохион байгуулагдсан тэмцээнд оролцож, 163.68 оноо цуглуулж, хүрэл медалийн эзэн болжээ.

2014 онд Евгения ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, долдугаар байр, өсвөрийн тамичрдын тэмцээнд дөрөвдүгээр байрыг тус тус эзлэв. Удалгүй, Оросын цомын тэмцээнд оролцож, хоёрдугаар байранд шалгарав.

Түүний алтан медалийн буухиа Барселон болон Таллинд болсон залуучуудын Гран-при тэмцээнээр үргэлжлэв.Тэрбээр 2015 онд ОХУ-ын аваргын тэмцээнд оролцож, хүрэл медалийн эзэн болсон. Харин залуучуудын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртжээ.

2015 оны төгсгөлд Женя уран гулгалтын насанд хүрэгчдийн багт орж, Братислав хотод зохион байгуулагдсан тэмцээнд орж, ялалт байгуулсан. Тэмцээн дууссны дараагаар тэрбээр амсхийж амжилгүй Милуоки руу нисч, насанд хүрэгчдийн Лигийн Гран-при тэмцээнд оролцож, нэгдүгээр байрыг эзэлсэн билээ.

Гэхдээ энэ бол Евгения Медведевагийн гайхалтай амжилтын зөвхөн эхлэл нь байв.

Үүний дараагаар тэрбээр Барселоны тэмцээнд орж, мөн ОХУ-ын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын цолыг хүртсэн. Улмаар Евгения Медведева Европ, дэлхиийн аваргын алтан медалийг хүртэж эхэлсэн. Тодруулбал,

  • 2016.02 – Европын аваргын алтан медаль
  • 2016.03 – Дэлхийн аваргын алтан медалийг тус тус хүртсэн

“Женя оролцсон тэмцээнд болгондоо хувийн болон дэлхийн рекордуудыг шинэчилж ирсэн. Түүний тогтоосон рекордыг тэр өөрөө л эвдэж чадах байх” гэж зарим судлаачид хэлдэг ажээ.

Үүнийгээ ч тэрбээр 2017 онд бататгасан билээ. 2017 оны эхэнд Европ болон Дэлхийн хошой аварга болсон төдийгүй хувийн болон дэлхийн рекордыг дахин шинэчлэв.

Хувийн амьдрал 

Евгения  Медведева бэлтгэл сургуулилтаа хангаад хэт завгүй байдгаас болоод одоог хүртэл ганц бие яваа гэнэ. Үүнээс гадна, түүнд олон найз байдаггүй. Гэхдээ зүрх сэтгэлээ хуваалцах цөөн тооны найзтай байх нь чухал гэж үздэг ажээ. Тэрбээр ээжтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай.

Женя Япон улсад их алдартай. Японы уран зохиол, загварын ертөнц, аниме хүүхэлдэйн кинод хүртэл түүний дүр мөнхөрсөн гэж хэлж болно. Нэг удаа тэр үзүүлбэртээ Sailor Moon япон хүүхэлдэйн киноны дуу дор бүжжээ. Мөн япон хэл дээр шүлэг уншсан нь өрсөлдөгч Моа Асадаг гайхшруулсан.

Женя инстаграм, твиттер зэрэг олон нийтийн сүлжээг маш идэвхтэй ашигладаг. Мөн түүнийг гэрт нь Жерри нэртэй франц бульдог нохой хүлээж байдаг ажээ.

Тамирчин бүсгүй жингээ барих шаардлагатай байдаг ч тэрбээр хэзээ ч суши, мармелад болон жимс жимсгэнэээс татгалздаггүй гэнэ.

Дуртай хоол нь Том-ям хэмээх нэртэй ази шөл.  Мөн Майкл Жексон, Metallica, Бон жови  Scorpions зэрэг хамтлаг дуучдыг сонсох дуртай.

Пёнчаны өвлийн олимпийн  XXIII наадам бол Евгения Медведевагийн хувьд анхны Олимп. Тэрбээр уран гулгалтын спортын төрлийн багийн төрөлд дэлхийн шинэ рекорд тогтоосон. Харин ОХУ-ын баг энэ төрөлд мөнгөн медаль хүртээд байгаа билээ.

Пёнчаны олимпийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр энэ сарын 21-нд Улаанбаатарын цагаар 09:00 цагаас эхлэх бол чөлөөт үзүүлбэр 23-нд 09:00 цагаас явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж