БНСУ газрын ховор элементийн төсөлд хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

БНСУ газрын ховор элементийн төсөлд хөрөнгө оруулна

Өмнөд Солонгосын
Засгийн газар 2014 он гэхэд 1500 тонн газрын ховор элементийн нөөц бүрдүүлэхээр
зорьж буй тухай тус улсын Мэдлэгийн эдийн засгийн яамны мэдэгдэлд дурджээ. Тус
улсын урьдны зорилтод 2016 онд 1200 тонн газрын ховор элементийн нөөц бүрдүүлэх
талаар тусгасан байжээ.

Түүнчлэн тус
яамны мэдэгдэлд Солонгос улс нь яг одоогоор энэ чиглэлд дотоодын болон гадаадын
нутаг дэвсгэр дэх ямар нэгэн ордод олборлолт хийж эхлээгүй байна. Харин
Австрали, Монгол зэрэг улс оронд, энэ салбарт хөрөнгө оруулахаар эрмэлзэж буйг
дурджээ.

Солонгосын хувьд
17 төрлийн элемент бүхий газрын ховор элемент нь стратегийн чухал түүхий эд юм.
Учир нь тус улсын гол гол компаниудын үйлдвэрлэж буй
LCD зурагт, гар утас, цахилгаан хөдөлгүүр бүхий машин
зэрэг бусад олон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд энэхүү баялаг нь амин чухал
төдийгүй орлуулах материалын боломж одоогоор нээгдээгүй байна.

Хятад газрын
ховор элементийн зах зээлийн нийлүүлэлтийн 90 хувийг хянаж буй ч экспортын
хэмжээгээ жил бүр бууруулсаар буй юм. Хятад 2011 онд 30184 тонн газрын ховор
элемент нийлүүлэхээр квот тогтоосон нь өмнөх жилийнхтэй бараг дүйж буй нь тус
улсын экспорт “хэрхэвч” нэмэгдэхгүй болохыг баталсан юм.

Ийм нөхцөлд
Солонгосын төрийн өмчийн уул уурхайн компани
KORES Монголд энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын
Green Tech Solutions /GTSO/ компанитай хамтран ажиллах эхлэлээ тавиад
буй юм.
GTSO газрын ховор
элементийн хүдрийг шинжлүүлэхээр К
ORES-ийг зургадугаар сард сонгосон билээ.  

Гэхдээ одоогоор КORES-ын шинжилгээний дүн мэдээ хараахан ирээгүй
байна.

GTSO-ын хувьд Төв
аймаг дахь ордод олборлолт хийн, баялагийг хүдэр байдлаар буюу түүхийгээр нь
төмөр замаар тээвэрлэн, Оросын Восточный боомтод хүргэн Япон, Солонгос руу
гарган, худалдаалахаар төлөвлөж буй.

Харин тэрхүү
хүдэр нь газрын ховор 17 төрлийн элементийн чухам алиныг нь хэдий хэмжээгээр
агуулж буй тухай нь одоо хэр нь тодорхойгүй байна.

АНУ-ын Геологийн
албаны судалгаанд Монголд 32 сая тонн газрын ховор элементийн нөөц буй тухай
дурдсан нь бий.  Энэ нь хэмжээний хувьд Хятадын
дараа орохуйц баялаг юм. Гэхдээ уг мэдээлэл баттай эсэх нь эргэлзээтэй бөгөөд
МУУ
ҮА-ын Гүйцэтгэх захирал Н.Алгаа одоогоор томоохон нээлт хараахан хийгдээгүй
байгааг хэлж буй юм.

 Түүнчлэн томоохон
ордыг ашиглахаар болсон тохиолдолд, хүдэр чигээр нь экспортловол ихээхэн
ашиггүй. Нөгөөтэйгүүр газрын ховор элементийг боловсруулах нь байгаль орчинд
асар их хор хөнөөлтэй байж мэдэх юм. Алт олборлолтын явц байгальд хортой ч үүний
дэргэд газрын ховор элемент боловсруулалт цацрагийн хор, хүчиллэг шингэн
зэргээрээ хавьгүй илүү хөнөөлтэйд тооцогддог ажээ.  Тиймээс газрын ховор элементийг ашиглах
техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны үнэлгээг боловсруулахад 5-10
жилийн хугацаа шаарддаг “хууль” буй ажээ.

Монголын хувьд
газрын ховор элементийн хөрөнгө оруулалтын бүс болох ирээдүй Хятадын экспортоо
хумих алхамаар улам тодорсоор байна.

Харин Монголчууд
бид энэ баялагаа хэр мэдэж байна вэ гэдэг нь сонин. Басхүү АНУ, Япон, Солонгос,
Европын холбооны үйлдвэрлэгч улс орнууд газрын ховор элементийн жинхэнэ эрэлд
мордоод буй цагт Монгол тэдний хувьд улам бүр сонин болж буй нь үнэн.

Иймд уг баялгийг
стратегийн ордын жагсаалтад оруулах саналыг манай зарим эрдэмтэд дэвшүүлж буй.

Улс орнууд уг
баялгийн нийлүүлэлтийн асуудлыг баталгаажуулахаар тусгай бодлого гарган ажиллаж,
зарим нэг нь бидний гэрийн хаалгаар ороод ирчихсэн энэ цаг үед Монголчууд бид
нүүрс, зэсээс өөр зүйлд төвлөрөх сөхөөгүй л байна.

 

 Б.Төгс

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж