Авто угаалгын газрууд үнээ нэмжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Авто угаалгын газрууд үнээ нэмжээ

Авто угаалгын газрууд үнээ нэмжээ

Сар шинийн уур амьсгал орж нийслэл хөл хөдөлгөөн ихтэй байна. Ялангуяа тэмдэглэлт баярууд дөхөхөөр худалдаа үйлчилгээний үнэ ханш дагаад өсдөг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг жишгээр авто машины угаалгын үнэ өсчээ. Нэг өдрийн дотор л авто угаалгын үнэ таван мянган төгрөгөөр нэмэгдсэн байлаа. Авто машинаа угаалгахаар дугаарлаж буй иргэд хотын хөдөлгөөнд улам бүр ачаалал нэмж байв. Өнгөрсөн оны байдлаар нийслэлд 160 гаруй авто машины угаалгын газар үйлчилгээ явуулдаг гэж бүртгэгдсэн ба үүнээс тал  хувь нь л албан ёсны бүртгэлтэй гэж Ус сувгийн удирдах газраас мэдээлжээ.

Баянбүрд тойргийн хажууханд байрлалтай “Усан болор” авто угаалгын төвийг зорилоо. Хашааны гадна талд машинаа угаалгахаар ирсэн иргэд дугаарлаж байлаа. Сар шинийн баяр дөхөөд ч тэр үү хүмүүсийн цуваа тасрахгүй байв. Эднийх бусад авто машин угаалгын газруудтай харьцуулбал үнэ нь арай боломжийн гэж үйлчлүүлж буй иргэд ярилаа. Уг төв нь машины овор хэмжээнээс шалтгаалан 18-40  мянган төгрөгийн хооронд гадна талын угаалгыг хийдэг аж. Ингэхдээ нэг машиныг 30-40 минутын хугцаанд угаах бөгөөд, энд тэндгүй уур савссан, бохир ус шалаар нэг урсаж байлаа.

Мөн тус газрын ажилчид жирийн үетэй харьцуулбал их л ачаалалтай байна гэв. Харин цагийн хуваарийн дагуу 9-21 цаг хүртэл ажилладаг ч сар шинийн өдрүүдэд ачаалал ихсэж шөнийн 01 цаг хүртэл  ажиллах болжээ.

Мөн нэг машиныг угаахдаа хоёр хүн угаах бөгөөд өдөрт 8-20 машин нэгэн зэрэг угаадаг юм байна.

Автомат угаалгын газрууд уурын, автомат, гар угаалга гэсэн үндсэн гурван төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Бүртгэлтэй автомат угаалгын газруудын дийлэнх нь Баянзүрх дүүрэгт байрладаг гэнэ.

Баянзүрх дүүргийн иргэн  Г.Гантогоо

Энэ угаалгын газраар байнга үйлчлүүлдэг. Цагаан сарын үе тараад нэлээн ачаалалтай байна. Ер нь эндхийн залуус ажилдаа гаршсан, сайн угаадаг юм шиг санагддаг. Их л сэтгэл ханамжтай байдаг. Үнэ ханшийн хувьд бусад газруудтай харьцуулахад гайгүй. Том машины бүтэн угаалга 18000  гэж байна. Өнөөдрийн хувьд сар шинэ гээд их ачаалалтай байгаа санагдлаа.

Чингэлтэй дүүргийн иргэн Э.Жаргалсайхан

Манай гэртэй ойрхон байдаг болохоор энэ авто угаалгын төвөөр байнга үйлчлүүлдэг. Саяхнаас үнэ нь нэмэгдчихсэн байна. Цагаан сар болох гээд оочир нэлээн их байна. Маргааш бүр илүү ачаалалтай болох байх. Ер нь эднийх жирийн үедээ ч ийм байдаг юм. Харин өнөөдөр хүмүүс ихтэй учраас жоохон дутуу угаасан юм шиг санагдлаа.

Хэсэг хормын дараа Баянбүрд төвтэй ойролцоох авто угаалын төвд очлоо. Орон сууцны дунд байрласан “Авто угаалгын газар” гэсэн хаягтай саарал байшин байлаа. Тус угаалгын төв нь 2014 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд саяхнаас угаалгынхаа үнийг нэмсэн гэнэ. Байрны урдаас харсан байрлалтай учир машинууд хоорондоо зөрөх шахам зайгүй болтлоо дугаарласан байв.  Ингээд дотогш ороход залуус тал талд бужигнаж үйлчлүүлэгч ихтэй байв. Ихэвчлэн 18-30 насны залуус ажиллах ба хүйтнийг үл ажран ажлаа тасралтгүй хийж байлаа.

Авто угаалгын төвийн менежер Б.Мөнхзаяа

Манайх өдөртөө доод тал нь 200-аад машин угааж байна. Жижиг тэрэг 20 мянган төгрөг, дунд гарын жипийг 30 мянга, их гарын жипийг 35 мянган төгрөгөөр угааж байгаа. Угаахдаа бүтэн угаалгыг том машиныг 30-35 минут, жижиг машинд 30 минут хангалттай байдаг.  Цагийн хуваарийн дагуу орой 22 цаг хүртэл ажилладаг. Гэхдээ машинууд их байгаа болохоор шөнийн 02.00 цаг хүртэл ажиллаж байна. Манайд ажилладаг хүүхдүүд туршлагатай сайн угаадаг юм. Хүмүүс хурдан шуурхай үйлчилгээтэй л гэдэг. Энэ хавийнхандаа бол аль хэдийнээ танигдчихсан газар л даа.

Гадуур жирийн үед жижиг тэргийг 20 мянгаар угаадаг. Тэгэхэд манайх 12 мянгаар угаадаг байсан. Өчигдрөөс үнэ нэмсэн байгаа. Тэгэхгүй бол хүмүүс хямдхан угаадаг гээд хүмүүс тасрахгүй л ирээд байдаг. Тиймээс бусадтай адилхан үнэ ханштай болгоё гэж бодоод л өчигдрөөс нэмсэн.

О.Мөнх-Оргил авто угаалгын газрын ажилтан

Сар шинэ гээд их л олон хүн ирж байна. Жирийн үед өдөртөө 10 машин угаадаг байсан бол өнөөдөр доод тал нь 15-ийг угаасан. Маргааш энэнээс их нэмэгдэх байх. Гэхдээ яахав орой гэртээ 10 гээд л харьчихдаг гэлээ. 

Э.АРИУН 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж