Настан буурлуудаа хүндэтгэж, нялхсаа баясган, ураг төрлөө мэдэлцэж, ахан дүүстэйгээ амар мэндээ эрэн золгодог сар шинийн мэндийг нийт хэрэглэгч, харилцагч, малчдадаа өргөн дэвшүүлье.
Өдгөө 72 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Мах импэкс” хувьцаат компани гал тахиа жилээ ололт амжилтын богц дүүрэн үдлээ.
Манай хамт олны дундаас ахмад ажилтан, гүйцэтгэх захирал асан Магсарын Жамъянсүрэн “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнууллаа.
Монгол Улсын эдийн засгийн гол тулгаар болсон мал аж ахуйг сахин хамгаалж буй малчдаа орлогожуулах үүднээс “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Исламын бүгд найрамдах Иран улс руу төлөгний мах, БНХАУ- руу адууны болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортолж эхлэв. Эдийн засагт үр өгөөжөө өгөх энэ ажлыг төрийн бодлогоор дэмжиж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ Засгийн Газрын тэргүүн У.Хүрэлсүх манай компанитай танилцах үеэрээ цохон тэмдэглэсэн билээ.
Бидний эхлүүлсэн энэ ажлыг “Монголын хүнсчдийн холбоо”-оос өндрөөр үнэлж, “Хөдөөгийн хөгжлийг дэмжигч байгууллага”-аар шалгаруулан батламжилсанд мах импэксчүүд бид нэн баяртай байна.
“Мах импэкс” хувьцаат компанийн бүтээгдэхүүний амт чанар, өнгө төрх, сав баглаа боодол олон улсын жишигт нийцсэнийг бататгасан нэгэн үйл явдал нь Ази номхон далайн 31 дүгээр Жембрейд оролцогчид манай бүтээгдэхүүнийг сонгосон явдал байлаа.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэн худалдаанаас “Үлгэр жишээ оролцогч” байгууллагаар шалгарсан бол ХХААХҮЯ-наас зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгийн “Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн”-ээр Берлин брэнд шалгарч, АМЖИЛТАА АХИУЛСААР байна.
Бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж салбартаа манлайлагч байхын зэрэгцээ улсад төлж буй татвараараа ч шилдэг нь байж “Мах импэкс” ХК-ийн “Хиам консервийн үйлдвэр” нь 2016-2017 оны “Шилдэг татвар төлөгч” байгууллагаар шалгарлаа.
“Мах импэск” ХК, “Хиам консервийн үйлдвэр”-ийн өсөн дэвжих амжилт бүхэнтэй хамт байдаг үе үеийн ажилтан, албан хаагч, үнэнч хэрэглэгч, харилцагч, уудам эх орныхоо өнцөг булан бүрт суугаа малчин түмэн та бүхэндээ 17-р жарны Тийн унжлагат хэмээх Шар нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн энх амгалан сайхан шинэлээрэй.
Мах импэкс ХК-ийн захиргаа
Холбоотой мэдээ