Улаан асрын зүүд (52-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (52-р бүлэг)

Улаан асрын зүүд (52-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Тавин хоёрдугаар бүлэг

УХААНТ ПИН ЭР АЛТАН БУГУЙВЧ ХУЛГАЙД АЛДСАНАА НУУЖ, ЗОРИГТ ЧИН ВЭНЬ ТОГОСОН НӨМРӨГИЙГ БОЛХИДУУХАН НӨХӨВ

Түүний саналын дараа Жя Мү: “Би үүнийг санаж байсан боловч та нарын ажлын хажуугаар төвөг удах юмуу гэж бодоод хэлээгүй юм. Та нар ч дотроо бодож л байсан биз. Намайг ач зээ нараа энхрийлээд, гэрийн мэдээчин эздийг бодохгүй байна гэж сануузай гэж бодоод хэлээгүй юм. Чи нэгэнт ингэж шийдсэн бол сайн байна шүү” гэв. Шюэ Има, Ли Шэнь нар цөмөөр сууж байснаас гадна Шин Фүрэнь, Ёу хатан хоёр ч ирээд хараахан яваагүй байв. Жя Мү, цаадуулдаа хандан,

-Энэ үгийг өнөөдөр л хэлж байгаа юм. Нэгд, Фэн охиныг цочуузай гэж, хоёрт, бүгдээр итгэхгүй болов уу гээд хэлээгүй юм. Өнөөдөр цөмөөрөө энд байна. Нэгэд нэгэнгүй л бэргэн, авьсан явж ирсэн боловч хэн нь энэ охинтой адил бодож тунгааж байна вэ гэсэнд Шюэ Има, Ли Шэнь, Ёу хатан нар инээлдэн, “Үнэхээр ховор. Бусад нь нүүрэн дээр ёс гүйцэтгэх төдий л байна даа. Хадам дүү нарын үнэн сэтгэлээс санадаг нь ганц энэ юм. Лао тайтайгийн дэргэд боловч үнэнхүү ачлалыг гүйцэтгэж байна” гэцгээв. Жя Мүтолгой дохин шүүрс алдаад,

-Би хэдий үүнийг хайрлах боловч цэцэн сэргэлэн нь хэтэрвэл бас ч сайн юм биш гэсэнд Фөн Жеүгийг нь таслаад, буурай эмээгийн энэ үг алдаатай байна. Ертөнцийн хүмүүс “Ухаан мэдрэл нь хэтэрвэл урт наслахгүй” гэдэг. Үүнийг хүн бүр хэлдэг. Тэр хэрээр бас итгэх боловч манай буурай эмээ л хэлдэггүй, итгэдэг ч үгүй байх. Буурай эмээгийн ухаан мэдрэл надаас арван хувь илүү байтлаа одоо яахаараа энэ их нас буян төгс бүрдсэн хэрэг вэ. Тэгэхээр би ер нь буурай эмээгээсээ хувь илүү насалж ч мэднэ. Би ер нь мянга насалж ч магадгүй гэсэнд Жя Мү инээж:

-Хамгийгаа үхүүлээд, чи бид хоёр хөгшин шулам үлдээд хэрэг байх уу гэсэнд бүгдээр инээд алдав.

Бао Юй, Чин Вэнийг санагалзаж байсан тул хамгийн түрүүнд хүрээлэндээ буцлаа. Гэртээ ормогц, эмийн үнэр ханхалж байх бөгөөд Чин Вэний царай улайн хэвтэж байв. Толгойг нь дарж үзвэл хав халуун ажээ. Галд гараа ээж дулаацуулаад хөнжилд нь гараа оруулан биеийг нь дарж үзвэл гал мэт төөнөж байв. Бао Юй: “Бусад нь ч яамай, тэр Шэ Юэ, Чю Вэнь хоёр орхиод явдаг нь юү чив дээ гэж үглэсэнд цаадах нь: “Чю Вэнийг хоол ид гэж би хөөж явуулсан. Харин Ше Юэг Пин Эр ирж аваад явсан. Тэр хоёр баахан хялав цийлэвхийгээд юү ярьсаныг мэдэхгүй. Юу ч гэсэн намайг эндээс гарч сувилуулахгүй яасан юм гэж ярилцаж байх шиг байсаан” гэж хэлэв. Бао Юй:

-Пин Эр тэгэхгүй ээ. Ше Юэтэй уулзахаар ирж л дээ. Чиний өвдсөнийг үзээд, чамайг болгоохоор ирсэн мэт хэлсэн байлгүй. Энэ мэт эв зүйг үзэж, найр талаа гүйцэтгэх нь ерийн л хэрэгдээ. Энд байж сувилуулах, эсэх нь түүнд ямар хамаа байхав. Та хоёр хэзээнээс сайн мөртөө энүүхэн зэрэгт эв эвдрэх хэрэггүй гэсэнд Чин Вэнь “Чиний хэлж байгаа зөв өө. Харин гэнэтхэн надаас нууж байгаа юм шиг яриад байсанд нь л би сэжиглэсэн юм” гэв. Бао Юй инээж: “Би хойт үүдээр гараад, тэдний цонхны нь доор очиж, юу ярьж байгааг нь чагнаад ирье” гэнгүүт гарч одов. Тэрбээр яг л хэлснээрээ явж, тэдний цонхны дор очиж яриаг нь чагнавал Шө Юэ: “Чи бугуйвчаа яаж олсон юм бэ” гэж асуусанд Пин Эр“Тэр өдөр гараа угаах үед гэнэт үгүй болсонд сураглах гэтэл хоёрдугаар найнай, цуу чимээ гаргаж болохгүй гээд биднийг хүрээлэнгээс гармагц, тэр доторх олон мөөмөө нарыг санаа тавьж эрцгээ гэж захисан юм. Бид бол ганцхан Шин авхайн шивэгчнийг сэжиглэж байсан. Угаас их ядуу бөгөөд юм үзээгүй жаахан хүүхэд болохоор аваад нуучихсан байж болно гэж. Харин танай эндээс гарна гэж даанч санасангүй. Танай эндхийн Сүн мөөмөө, хоёрдугаар найнайг гэртээ байхад нь: “Бяцхан шивэгчин Зү Эр хулгайлж авчээ” гээд мэдүүлж ирсэн юм. Би бугуйвчаа аваад бодлоо. Тэр жил, Лян Элр гэгч хаш хулгайлсан хэрэг гарсан. Одоо алтны хулгай гарлаа. Бас тэгээд дэргэдэхийнхээ юмыг авч байна. Бао Юй бол та нарын төлөө сэтгэл тавьж, дээш татах гэж сайрхдаг хүн. Энэ мэтийн юм гараад байгаа чинь, түүний сайн санаа тавьж сайрхсаны хариуд хүн, нүүрийг нь барж байна даа. Чи үүнийг Бао Юйд дуулгаж болохгүй. Ер нь хулгай гараагүй мэт л өнгөрөөх хэрэгтэй. Үүнийг би Сүн мөөмөөд сайн захисан. Түүнээс гадна Лао тайтай, бусад тайтай нар сонсчихвол ундууцна. Цаашдаа Ши Рэнь болоод та нарын нэр нүүрт ч муухай. Тэгээд би, хоёрдугаар найнайд “Би их найнаагийн тэнд очоод буцаж явахдаа, эртийд өвсөнд унагачихсан бугуйвчаа олоод ирлээ. Цасан дор орчихоод харагдахгүй байж. Тэгтэл цас хайлмагц гараад ирчихсэн, гялтагнаж байна” гэсэнд найнай маань итгэчихлээ. Тэгээд би та нарт үүнийг хэлэх гэж ирсэн юм. Цаашид та нар хэрсүү бай. Түүнийг өөр газар руу битгий зарж бай. Ши Рэнийг ирсэн хойно та нар зөвлөлдөж байгаад нэг шалтаг олоод явуулчихвал дээрдээ гэж ярьж байв. Шө Юэ “Тэр бяцхан өлөгчин, ганц энэ биш байлгүй, овоо юм ханцуйлж байгаа биз. Шинжгүй амьтан юм” гэсэнд Пин Эр“Энэ бугуйвч чухам хэдийхэн хүнд байх вэ. Уг нь хоёрдугаар найнайгийн бугуйвч юмаа. Түүний хэлэхээр бол “Самын сахлын бугуйвч” гэнэ. Харин энэ нэг мөхлөг сувд нь хөөрхөн жинтэй шүү. Чин Вэний зан авир догшин тул тэр дуулчих юм бол уур нь хүрээд хараах ч энүүхэнд, зодож цохиж ч магадгүй. Бас тэгээд нуусныг илчилж ч мэднэ. Ганцхан чамд л хэлж, цаашдаа хичээ гэж байгаа юм шүү” гэж захив. Бао Юй тэдний яриаг сэм сонсоод баярласнаа уурлаж, дараа нь гутран шаналав. Пин Эрийн сэтгэлийг мэдээд баярлавч Зүй Элийн хулгай хийсэнд уурлана. Тийм ухаалаг сэргэлэн охин, ийм бузар юм хийх гэж дээ гэж бодохоос зовно. Гэртээ ирээд, Пин Эрийн ярьсныг Чин Вэньд нэгэд нэгэнгүй хэлэхдээ “Тэр чамайг уур омог ихтэй хүн, өвчтэй байхдаа ийм юм сонсвол өвчин нь нэмэгдэж магадгүй. Харин сайжирсан хойно нь хэл” гэж захиж байна гэхчилэн дуулсанаа хэлэв. Чин Вэнь сонсуут тачаадан, нарийн хөмсөгөө зангидан, торомгор нүдээ дүрлийлгэж, тэр дороо Зү Эрийг дуудах гэсэнд Бао Юй сандран ятгаж:

-Энэ явдлын цуу дэгдвэл, Пин Эрийн бидний төлөө санаа тавьсан сэтгэл өтгөрөх бишүү. Тэгэхээр түүний сэтгэлийг бодоод, аажимд нь учрыг олсон дээр гэсэнд Чинь Вэнь “Хэдий тийм боловч би уураа дарахад хэцүү байна” гэж үглэнэ. Цаадах нь: “Энүүнд уурлах юү байх вэ. Зүгээр өвчнөө л эдгээхийг бод” гэж тайтгаруулав. Чин Вань эмээ ууж, орой тийшээ хөлөрсөн боловч төдий л сайжрахгүй байна. Халуурч толгой нь өвдөн, хамар нь битүүрч гуншиж байв. Ван эмчийг дахин залж үзүүлсэнд эмийг нь сольж өгөв. Толгой өвдөх нь намдахгүй, хамар нь гуншиж байхыг хараад Бао Юй: “Энүүнд хамрын тамхи татуул. Тэгвэл найтайгаад хамар нь онгойно” гэж Шэ Юэд хэлэв. Тэрбээр хамрын тамхи эрж, хоёр алтан өд хээтэй, алтаар хөвөөлсөн шилэн сав олоод ирэв. Түүнийг Бао Юй нээж үзвэл, дотор нь орос паалантай, сугандаа сарьсан жигүүртэй, шар гэзэгтэй, чармай нүцгэн хүүхэн байв. Дотор нь ёстой сайн чанарын орос тамхи байв. Чин Вэнь зургийг харж байтал Бао Юй: “Дөмөгхөн татчих. Сайхан үнэр нь арилчихна шүү” гэсэнд цаадах нь хумсаараа хутгаад хамартаа жаахан хүргэсэнд яах ч үгүй байв. Тэгэхээр нь ахиухан хийгээтэхсэнд хамар нь шархираад л найтааж гарав. Хэд хэд найтаав. Нус нулимс нь ч цував. Чин Вэнь тамхины хайрцгийг яаран хаагаад: “Ямар айхтар юм бэ, алив цааш нь” гэсэнд Бао Юй: “За яаж байна вэ” гэж асуув. Чин Вэнь: “Овоо онгойлоо” гэсэнд цаадах нь: “Одоо наад ханиадыг чинь орос эмээр засвал амархан эдгэж ч мэднэ” гэснээ Ше Юэд: “Чи хоёрдугаар найнайд очоод, толгой өвдөхөд наадаг орос эмнээсээ намайг өгөөч” гэлээ гээд гуйгаад ир гэв.

Шө Юэ яваад нилээд удсанаа наадаг эм олоод ирэв. Чин Вэнь уг эмийг хоёр жавьжиндаа наав. Цаадах нь хараад инээснээ: “Өвдлөө гээд л үс гэзэг нь өрвийсэн чөтгөр шиг юм байсан чинь, үүнийг наагаад харин хүн шиг болчихлоо. Хоёрдугаар найнай дандаа наагаад байдаг боловч дэмий мэдэгддэггүй. Харин чи чинь амархан хувирч байна” гээд хөхөрсөнөө, Бао Юйд “Маргааш нагац Лао егийн төрсөн өдөр тул тайтай чамайг оч гэсэн гэнээ. Маргааш ямар юм өмсөх вэ. Өнөөдөр бэлтгээд тавьчихвал маргааш сандрахгүй л байх даа. Үүнийг хоёрдугаар найнай хэлсэн шүү” гэв. Бао Юй: “Сонгохгүй, гарт юу л таарсаныг өмсөөд явна. Бүтэн жил насны баяр хийгээд байхаар нэг их сүрхий юманд бодохоо болих юм байна шүү дээ” гээд Ши Чүний зургийг үзэхээр гарав. Хүрээний үүдэнд очиход нь Бао Чиний шивэгчин таарсанд “Хаачих нь вэ” гэж асуув. Цаадах нь инээж: “Манай хоёр авхай, Линь авхайн тэнд байгаа учир тийш явах гэж байна” гэв. Бао Юй түүнтэй хамт явахаар шийдэв. Эднийг хүрч очиход Бао эгч дүү хоёроос гадна Шю Янь бас цуг байв. Хэдүүлээ галтай хувин тойрч суугаад, айван тайван ярилцана. Тэнд Зы Жуань дулаахан өрөөнд суугаад юм оёж шаглаж байх харагдана. Тэд Бао Юйг орж ирэхэд: “За бас нэг нь ирлээ. Харамсалтай нь суудалгүй дээ” гэсэнд Бао Юй инээж: “Өвлийн өргөөнд үзэсгэлэн хурсан зураг” харлаа. Жаахан оройтож ирсэн минь, тусгүй. Энэ бол бусдаас дулаан газраа. Энд суухад дараах ёсгүй” гээд Дай Юйгийн дандаа суудаг хэрэмний арьс дэвссэн сандалд суув. Энэ тасалгаанд янз бүрийн цэцэг тавьсан нь Бао Юйн анхаарлыг татаж: “Ямар сайхан юм бэ. Үнэрийг нээ. Энүүнийг чинь, би яагаад урьд нь хараагүй билээ” гэж шүүрс алдана. Дай Юй орж ирээд, түүний цэцэгт шүлэнгэтэж байхыг хараад инээн:

-Танай эндэхийн мэдээчин Лай Да найнай, Шюэ хоёрдугаар авхайд хоёр гадар сэрүүн цэцэг, хоёр гадар тэргүүлэгч цэцэг өгсөн юм. Түүнээсээ нэг гадар сэрүүн цэцгийг надад, нэг гадар тэргүүлэгч цэргийг Юнь охин өгсөн юмаа. Би чухамдаа аваад яахав. Ганцхан түүний сэтгэл гуинглах вэ л гэж зовно. Харин чамайг авъя гэвэл хүргүүлэхэд бэлэн байна. Авах уу чи гэж асуув. Бао Юй:

-Манайд бас хоёр гадар бий. Гэхдээ энүүнд хүрэх цэцэг биш. Чинь охин дүү чамд өгсөн юмыг бусдад дамжуулж болохгүй. Болохгүй гэсэнд Дай Юй:

-Би бол өдөр болгон эм чанаж уудаг болохоор цэцгийн үнэрийг тоохоо больжээ. Тэр ч байтугай миний эмийн үнэр цэцгийн үнэрийг эвдэнэ. Харин чи бол аваачсан дээр. Цэцгийг их ариун газар тавибал бусад үнэрт гэмтэхгүй гэв. Бао Юй инээж:

-Одоо манайд нэг өвчтэй хүн, эм чанаад сууж байгаа шүү дээ. Чи эмийн үнэрт цэцэг гэмтдэгийг яаж мэдсэн юм бэ гэсэнд Дай Юй: инээн:

-Би санаандгүй хэлсэнээс биш, яалаа гэж танай гэр орныг мэдэх вэ дээ. Чи эртхэн ирсэн бол юм сонсох байсан. Сая ирчихээд сэжиглэх хэрэггүй дээ гэв. Бао Юй:

-За маргаашийн манайхны цуглааны сэдэв ингээд бий болжээ. Хамгийн түрүүнд сэрүүн цэцэг, тэргүүлэгч цэцгийг уянгалуулна даа гэсэнд Дай Юй:

-Зүгээр байгаарай! Тэгж ч шүлэг зохиохгүй шүү. Зохиох бүр торгуулаад байхаар үнэхээр нүүр халуун оргино гээд хоёр гараараа нүүрээ дарсанд Бао Юй:

-Намайг элэг барьж яана даа. Ичиж зовох юм болоогүй байхад нүүрээ дарна гэнээ чи гэхэд Бао Чай хөхөрч:

-Дараа би та нарыг цуглаанд урьж шүлэг, дуулал тус бүр дөрвөн сэдэв гаргана. Хүн бүр дөрвөн шүлэг, дөрвөн дуулал зохиогоорой. Нэгдүгээр шүлгийн сэдвийг “Шамбалын тухай уянгалал” гэж нэрэлнэ. Га, Хө-гөөр холбон таван үгийн шүлэг зохиож “Га”-гийн аймгийг үлдээлгүй толгой холбоно гэтэл Бао Чинь инээж:

-Эгчийн ингэж байгаа нь үнэн санаанаасаа ингэж байгаа биш биднийг тохуурхаж хөөрхөн зовоох гэж байгаа юм шиг санагдлаа. Шулуухан хэлбэл, албаар шахаж бичсэн шүлэг “Зурагт номын” дээрх үгсийг нааш цааш болгож, урвуулж хөрвүүлээд ямар ашиг байна вэ. Би найман наснаасаа аавыгаа дагаж, баруун далайн хөвөөнд очиж, орос бараа худалдан авахад, санаандгүй нэг охинтой танилцав. Зүс царай нь яг л орос зураг дээрх өнгөлөг сайхан хүнтэй адил байхын хамт шав шар гэзгээ сул тавиад, энд тэндээс нь нарийхан сүлжээд толгойгоороо дүүрэн мана, шүр, бадмаараг зэрэг эрдэнийн чулуу зүүж, биедээ орос хоргой хүрэм алтан утсаар сүлжсэн хуяг өмсөж, алтан сэлэмдээ эрдэнийн чулуу шигтгэсэн байлаа. Энэ хүнийг зурсан ч тэр мэтээр сайхан зурж чадахгүй байхаа. Зарим хүн түүнийг хятад бичигт нэвтэрсэн, шүлэг дуулал бичдэг гэж “Таван номоор” жишээ авч тайлбарлаж байсан учир аав минь нэг хэлмэрчийг гуйж, түүгээр нэг хуудас шүлэг бичүүлж авъя гэсэнд тэрбээр өөрийн зохиосон шүлгээ бичиж өгсөөн гэж ярив. Түүний ярихыг сонсоод бүгд дуу алдан гайхав. Бао Юй инээж:

-Дүү охин минь ээ, чи тэр шүлгээ бидэнд үзүүлэхгүй юү гэсэнд Бао Чинь:

-Нанжинд байгаа гэв. Бао Юй урамгүй болж: “Нүдээ нээх буян минь дутлаа даа” гэв. Дай Юй, Бао Чинийг татаад: “Чи биднийг битгий хуураарай. Чи тийм нандин юмыг гэртээ орхих ёсгүй. Биедээ авч яваагий чинь мэдэж байна шүү. Чамайг тэр шүлгээ гэртээ орхисон гэдэгт эд нар итгэвэл, би лав итгэхгүй” гэв.

Бао Чиний нүүр нь улайн дув дуугүй сууна. Бао Чай: “Ганцхан энэ л иймэрхүү үг хэлнэ л дээ. Цэцэн ухаан чинь дэнджээ” гэсэнд Дай Юй: “Түүнийг нэгэнт авчирсан бол бидэнд их сонин байх юм л гэж бодсон юм” гэв. Бао Чай инээн: “Энэ чинь тэр их авдар саваа янзалж амжаагүй байгаа юм шүү. Одоо түүнийг хаанаас олох вэ. Юм хумаа янзалсан хойно нь эрж үзэж болох л юм” гэснээ Бао Чиньд хандаж: “Чи ядаж цээжлээгүй юм уу” гэж асуув. Цаадах нь: “Түүний зохиосон таван үгийн хэмжээт шүлгийг би цээжлэх гэж оролдсоон. Гадаад гүрний нэг хүүхэн, тэр мэт зохиох нь үнэхээр хялбар биш шүү” гэв. Бао Чай: “За чи хүлээж бай. Би Юнь Эрийг дуудуулая” гээд зарцаа дуудаж: “Алив чи яваад түүнд ингэж хэл. Манай энд нэг гадаадын шүлэгч ирээд сайхан шүлэг зохиожээ. Тиймээс “Шүлгийн солиот” чамайг залж байна гэж хэл. Бас манай “Шүлгийн мангууг” дагуулаад ир” гэж хэлэв. Зарц яваад нилээд удсанаа Шян Юнийг дагуулан ирэв. Тэрбээр үүдэнд ирүүт: “Ямар гээч гадаад гүрнээс, ямар сайхан хүн хүрээд ирэв” гэсээр Шян Линг дагуулан орж ирэв. Бүгд л инээлдэн: “Хүн нь харагдахгүй, дуу нь хадаад байх юмаа” гэцгээсээр найр тавин суулгав. Тэгээд түрүүхэнд ярьснаа түүнд давтан хэлсэнд Шян Юнь инээж: “Алив түүнийгээ уншаатах” гэв.

Улаан асарт өчигдөр шөнө зүүдэлж

Усан гүрэнд энэ үдэш уянгалуулав

Униар манан их далайгаас дэгдээд

Ой модноос чийглэг салхи үлээнэм

Гэгээн саран, эрт одоог ялгахгүй

Гиюүрэх сэтгэлд тун гүехэн байна

Өмнөд оронд хаврын өнгө тодров

Элэг зүрх догдлохгүй байж яаж чадах вэ… гэж Бао Чинь тайвуухан уншив. Тэд: “Үнэхээр сүрхий юм. Манай хятад хүнээс илүү бичжээ” гэцгээв. Ийн ярилцаж байтал шивэгчин орж ирээд: “Тайтай Бао Юйд ингэж хэлж гэж байна, маргааш нагацындаа очно. Бие сайнгүй болохоор та нар дээр очиж чадахгүй нь гэнээ” гэсэнд Бао Юй яаран босоод: “За мэдлээ” гээд Бао Чай, Бао Чинь хоёроос: “Та хоёр тийш очих уу” гэж асуув. Бао Чай: “Өчигдөр бэлгээ хүргээд өгчихсөөн. Өнөөдөр очихгүй” гэв.

Ингэсгээд тэд тарав. Эгч дүүсийнхээ хамгийн сүүлд Бао Юйг явж байтал Дай Юй: “Ши Рэнь хэзээ ирэх юм бэ” гэж асуув. Цаадах нь: “Хөдөөлүүлэх ажил дуусахаар ирнээ” гэв. Дай Юй юм хэлэх янзтай бодлогоширч байснаа: “За чи яв даа” гэв. Цаадахад нь ч бас яримаар юм байгаа мэт байснаа, чухам юү гэхээ мэдэхгүй байх шиг болоод бөхийсхийн алхаж байснаа гэнэт эргэж харан: “Шөнө улам урт болж байна. Чи шөнө ханиаж, сэрж байна уу” гэж асуусанд Дай Юй: “Урьд шөнө бүр бузгай. Хоёр нэгхэн ханиав. Шөнө яагаа ч үгүй байхад сэрчихээд дахиж унтсангүй” гэсэнд Бао Юй: “Нэг туйлын чухал юм хэлэх гэж байснаа сая л саналаа” гээд дөхөн ирснээ, бараг шивнэх шахан “Миний бодоход Бао эгчийн чамд өгсөн цагаан үүр…” гээд чимээгүй болов. Энэ үед Зао бага эхнэр, Дай Юйтэй уулзахаар ирээд: “Авхай, ойрд баахан гадуур яваад байна уу” гэж асуув. Тэрбээр Тань Чүний тэндээс буцахдаа, гэрийн нь үүдээр өнгөрөх тул дашрамд тал засаж байгааг мэдээд Дай Юй инээмсэглэн: “Энэ хүйтэнд та намайг бодож ирсэн чинь сайхан байна” гээд Бао Юй рүү нүд ирмэв. Бао Юй ч дорхноо гарав. Хоолны үеэр Ван Фүрэнь, маргааш эрт очоорой гэж хэлэв. Бао Юйг гэртээ ирэхэд Чин Вэнь эмээ уучихаад хэвтэж байв. Гэрийн эзэн түүнийг дулаан өрөөнөөс гаргахгүй байгаа боловч цаадах нь үүдний өрөөнд хэвтээд, галын хувинг шилжүүлэн дулаан өрөөний үүдэнд тавиулж тэнд Шэ Юэг унтуулсан зэргийг энд үл өгүүлэн өгүүлэх нь:

Өглөө тэнгэр гэгээрэхийн үед Чин Вэнь, Ше Юэг дуудан “Чи одоо бос. Хичнээн унтлаа ч нойр ханах гэж байхгүй. Шалавхан босоод түүнд цай усыг нь бэлтгүүл. Би түүнийг дуудаж сэрээнэ” гэв. Цаадах нь яаран босож, хувцаслаад “Бид түүнийг босгож дээл хувцсыг нь өмсүүлээд, энэ хувинг зайлуулсаны дараа тэднийг оруулая. Түүнийг энэ гэрт түр байлгаж болохгүй. Хөгшин мөөмөө нар, өвчний уур тархуузай гэж эртийд хэлж байсан шүү. Одоо биднийг нэг доор шахалдан унтсаныг мэдвэл, тэд бас л яншина шүү” гэсэнд Чин Вэнь “Тиймээ, би бас тэгж бодож байна” гэв. Тэднийг дуудахаас өмнө Бао Юй сэрсэн байсан тул яаран босож, дээлээ нөмрөв. Шө Юэ урьдаар бяцхан инжийг оруулж засаж янзлуулаад дараа нь Чин Вэнь нартай элбээд арчиж зүлгэв. Бао Юйн үс гэзгийг угааж самнаж өгөөд Шө Юэ “Энэ тэнгэрийн янз цас орж магадгүй. Цасны хувцсаа өмс” гэсэнд цаадах нь зөвшөөрч хувцсаа солив. Бяцхан шивэгчин, нэг аяга улаан чавгатай лянхуан шөлийг таваг дээр тавьсаар авч ирсэнд Бао Юй хоёр нэг оочоод, Шэ Юэгийн өгсөн пялтай бор гаанаас нэг хэсгийг үмхээд, Чин Вэньд хэдэн үг захиад Жя Мүгийнхаад явав. Энэ үед Жя Мүбосоогүй байсан ч Бао Юйг өнөөдөр гадагш гарахыг мэдэх учир үүд нээлгэж түүнийг оруулав. Жя Мүгийн цаана Бао Чинь буруу хараад унтаж байв. Бао Юй нарийн ханцуйтай бор одончуу дээл өмсөөд гадуураа алтан утсаар өнгө ялгаруулан хатгасан цэнхэр торгон хөвөөтэй улаан хар минжин нөмрөг нөмөрсөн ажээ. Жя Мү хараад: “Цас орж байна уу” гэж асуув. Цаадах нь: “Тэнгэр бүрхсэн ч цас арай ороогүй байна” гэв. Жя Мү, Юань Янг дуудаж: “Өчигдрийн тэр тогосын өдөн нөмрөгийг энүүнд авчирч өмсүүл” гэв. Төдөлгүй Юань Ян уг нөмрөгийг аваад ирэв. Түүнийг харвал, алт сувдын гэрэл цацран охью номин туяа татаад Бао Чиний нөмөрдөг нугасны хацрын нөмрөгнөөс их өөр байв. Жя Мүхараад инээж: “Үүнийг тогосын алтан хилэн” гэдэг юм. Үүнийг орос гүрэнд тогосын ноолуураар нэхжээ. Харин тэр нугасны ноолуураар нэхсэнийг нь бага охин дүүд чинь өгсөн юм. Үүнийг одоо чамд өгье” гэсэнд Бао Юй хишигт мөргөөд авч нөмрөв. Жя Мү: “Чи урьдаар эхдээ үзүүлээд яваарай” гэв. Цаадах нь: “За” гээд гарч иртэл Юань Ян тэрүүхэнд нүдээ нухлах янзтай зогсож байв. Юань Ян, тэр өдөр ураг тэвчиж, ам алдснаас хойш Бао Юйтэй юм ярихаа больсон тул цаадах нь ихэд санаа зовж байлаа. Юань Ян түүнийг харуут зайлахыг завдтал Бао Юй шууд тулж очоод инээж: “За эгч минь, чи хараач. Би үүнийг өмсвөл ямар байна вэ” гэсэнд цаадах нь гараа сэжээд Жя Мүгийнд орчихов. Тэгэхээр нь Бао Юй ээждээ нөмрөгөө үзүүлчихээд хүрээлэндээ буцав. Хариад Чинь Вэнь, Шө Юэ нарт нөмрөгөө үзүүлчихээд буцаад Жя Мүгийнд очив.

-Тайтай үзээд, хайран сайхан эд байна. Хайрлаж өмс. Хамаагүй битгий урчих гэж байна гэв.

-Надад ганцхан энэ л үлдсэн учир чи гамгүй эдэлчихвэл өөр байхгүй шүү. Одоо ч чамд ийм юмны хэрэг байх ч үгүй биз дээ. Эртхэн яваад ир! Архи бага уугаарай!

Жя Мүг ингэж захисанд Бао Юй хэдэнтээ “За” гэж хэлээд мөөмөө нарыг дагуулан танхимын өмнө очиход, түүнийг хөхүүл эхийн нь хүү Ли Гүй, Ван Рун болон Жөү Рүй, Бэй Мин, бяцхан зарц нар, боодолтой хувцас, олбог ширдэг авч зааны ясан бүүрэгтэй, цагаан зандан модон хавтастай, улаан цэмбэн олонцогтой, утсан найман ганзагатай эмээлтэй луу цагаан морийг аль хэдийнээс зуу- зайдан зогсож байв. Хөгшин мөөмөө нар залууст баахан сургаал өгөв. Тэд цөмөөр “За” хэмээн хүлээж авангуутаа Бао Юйг моринд мордуулмагц, бүгдээр бүүрэг шүүрэн, дөрөө өшиглөж алавхийн мордов. Ли Гүй, Ван Рун хоёр морийг хөтөлж Чянь Шэн, Жөү Рүй хоёр өмнө нь гарч удирдан хөдлөв. Бао Юй: “Жөү ахаа, бид энэ хажуугийн үүдээр өнгөрвөл Лао егийн бичгийн гэрийн үүдэнд хүрнэ. Мориноос буух хэрэг байна уу” гэсэнд Жөү Рүй хазайсхийн хөхөрч “Лао е өдийд бичгийн гэртээ байхгүй. Цоожтой л байгаа. Тэгэхээр Эр Е мориноосоо буух хэрэггүй” гэв. Бао Юй инээд, “Хаалга нь хэдий оньслоотой ч гэсэн буух ёстой байхаа” гэсэнд Чянь Шэн, Ли Гүй нар цөмөөр хөхрөлдөөд “Нээрэн тийм шүү. Залхуураад буулгүй явж байгаад Лай даяа Линь Эретэй учирвал Эр Ег хэлэхгүй ч гэсэн маньд хэдэн үг хэлэхээ мартахгүй дээ. Тиймд хүрвэл хамаг бурууг нөмөргөнө шүү” гэлцэн явсаар зовхис хаалгаар гарч одов. Яг ингэж ярилцаад гарч явтал Лай даяагийн орж ирэх таарсанд Бао Юй яаран жолоогоо татаж, мориноосоо буун завдав. Лайда сандран ухасхийж Бао Юйн хөлийг тэврэн хориглосонд цаадах нь өндийн гараас нь бариад ёсны хэдэн үг солилцож амжив. Тийн атал нэг бяцхан зарц шүхэр дэвүүр барьсан хорь гучин хүн дагуулан хүрч ирээд Бао Юйг харуут бүгдээр гар сул тавин мэхийн ёсолж: “Эр Егийн амгаланг айлтгая” гэж зэрэг хэлэв. Бао Юй тэдний нэр усыг мэдэхгүй учир зөвхөн толгой дохин инээмсэглэж өнгөрөв. Тэр боол Бао Юйг явсны дараа хүмүүсээ дагуулан явж одов. Ли Гүй нарыг хаалганы тэнд хэсэг зарц морь эмээллэн хүлээж байсан учир тэд моринд мордон хөдөлсөнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Чин Вэнь эм уувч илааршихгүй тул ихэд бачимдан дэмий л эмчийг буруутгаж: “Хүний мөнгийг мэхэлж авахаа мэдэхээс биш олигтой сайн эмээ өгөхгүй байна” гэсэнд Шө Юэ: “Тэгж болохгүй. Чи яараад байна. “Өвчин ирэх нь уулын үер мэт. Өвчин арилах нь өвс ургах мэт” гэсэн үгтэй шүү. Энэ бас оточ бурханы адис рашаан ч биш тул юуны тийм түргэн эдгэх вэ. Хэдэн өдөр тайван сувилбал аяндаа эдгэнэ. Яарах тусам удаан эдгэх шиг санагдана” гэж ятгана. Тэгэхэд Чинь Вань бяцхан шивэгчнийг харааж: “Хаана ширгэчихэв. Намайг өвдмөгц арилаад өгчих юм. Гайгүй би, мөд эдгээд, арьсыг чинь шаглана даа” гэж занахад бяцхан шивэгчин сандран орж ирээд: “Та ямар байна вэ” гэж асууна. Чин Вэнь “Чамаас бусад нь цөм үхэж дуусав уу” гэж асуусанд бас нэг нь орж ирсэнд: “Энэ бяцхан өлөгчнийг хараач. Үүнийг нэрлэж дуудахгүй бол ирэхгүй нээ. Сарын мөнгө тавьж боов жимс хуваавал чи хамгийн түрүүнд гүйнэ дээ. Чи наашаа зогс! Би чамайг барьж идэх барс биш” гэв. Зүй Эл арга буюу урагш хэд алхтал Чин Вань гэнэт өндөсхийж гараас нь шүүрч аваад, үснийхээ хатгуураар хатгалан: “Энэ сарвуугаар юу хийнэ. Зүү ч чимхэхгүй, утас барихгүй, хулгайлж идэхээс өөр юу ч чадахгүй. Хуруу хумсаа хөдөлгөхөөс өөр сурсан юмгүй. Ичих нүүргүй муу сүнсийг чичиж алсугай” гэж занасанд, цаадах нь өвсөндөө дэмий л бархирна. Шө Юэ санд мэнд салгаад, Чин Вэнийг даран хэвтүүлж: “Чи сая зөндөө хөлөрчихөөд дахиад өвчин эрж байна уу. Одоо ингэж ааш авир гаргаж яана вэ. Биеэ сайжирсан хойно занчих зав олдохгүй юү” гэж ятгав. Чин Вэнь даруй Сүн мөөмөөг дуудан ирүүлж: “Эр Е надад ингэж хэллээ. Та нарт, Зүй Эр маш залхуу. Эр Еэг зарах гэхэд, яршиглаад хөдлөхгүй байна. Ши Рэньд ч зарагддаггүй юм. Далдуур дандаа харааж байдаг. Өнөөдөр түүнийг гаргаж явуулаад маргааш тайтайд мэдүүл гэж байна” гэсэнд бугуйвчийн хэргээс болж гэж Сүн мөөмөө ойлгоод: “Хэдий тийм боловч Хуа охиныг ирсэний дараа мэдүүлээд явуулнаа” гэв. Чин Вэнь: “Эр Е өнөөдөр дахин давтан захисан байтал бас юуны нь Хуа охин, Ма охиныг хүлээх болов оо. Бид цаад учрыг нь яриангүй мэднэ шүү. Чи түргэн миний үгээр явж, тэдний гэрийн хүнийг дуудан ирүүлж явуулбал барав” гэж тулгав. Шө Юэ: “Энэ ч яамай, хэзээ ч болсон явуулах тул эртхэн явуулбал нэг өдөр ч гэсэн амар жимэр болно” гэж үг нэмэв.

Сүн мөөмөө аргагүйдэн, эхийг нь дуудан авчирч охины нь юмыг цуглуулан боож баглаж өгөв. Эх нь Чин Вэньтэй уулзаж:

-Энэ охин яасан юм бэ? Тэр муу бол сургаж, шийтгэж болно. Юунд, хөөж байгаа юм бэ. Бидний нэр нүүрийг бас бодох ёстой гэсэнд Чинь Вэнь:

-Үүнийгээ Бао Юйг ирэхээр асуу. Бид огт хамаагүй гэв. Мөнөөх эхнэр зэвүүнээр инээж:

-Би яаж аймшиггүйгээр түүнээс асуух вэ. Ямар хэрэгт тэр, охидын үгийг сонсдоггүй юм бэ. Охид зөвшөөрөхгүй бол тэр зөвшөөрлөө гээд тус байх уу. Сая чиний хэлснээр үзсэн ч, хэдийгээр сүүлд нь болно гэвч охидууд шууд түүний нэрийг дуудаж байна. Охид дуудахад болохгүй гэх газаргүй байх. Бид тэгсэн бол зэрлэг хүн гэх байлгүй гэв. Чин Вэний нүүр улайж:

-Миний нэрээр нь дуудсаныг чи, Лао тайтай, бусад тайтай нарт очиж хэлж заргалд л даа. Намайг бас зэрлэг гээд хөөгөөд явуулчих гэсэнд Шэ Юэ:

-Бэргэн чи хүнээ аваад л явж үз. Яриа байвал дараа яриарай. Чи бол энд зогсоод бидэнтэй маргаж байх заяатай хүн биш шүү. Хэн бидний үгийг сөргөж маргаж байхыг чи харсан бэ. Бэргэн чамайг байтугай Лай да найнай, Линь да нян боловч бидэнд найрсагаар ханддаг юм. Нэрээр нь дуудсан гэж байна чи. Хараахан багаас нь одоо болтол Лао тайтай захиж ирсэнийг та нар бас мэднэ. Хээгүйчилбэл бүдүүн бараг өсгөнө гэж багын нэрийг нь энд тэндгүй нааж, түмэн хүнээр дуудуулж, ус, ялгадас зөөгч, гуйлгачин хүртэл дуудаад болж байхад бид болохгүй нь юү билээ? Өчигдөрхөн л Линь да няныг “Эр Е” гэж дуудахад Лао тайтай ингэж хэлж байсан. Манай энэ хэд Лао тайтай, бусад тайтай нарт хэрэг мэдүүлэхдээ нэрээр нь дуудахгүй Элеэ гэх юм. Бао Юй гэдэг нэрийг яагаад хэлэхгүй байгаа юм бэ гэж асууж байсан. Гэтэл бэргэн та, үүнийг гуйвуулж байна. Яахав, бэргэн зав чөлөөгөөрөө Лао тайтай бусад тайтай нар дээр очиж үзээрэй, бидний нүүрэн дээр дуудна. Бэргэн чи, хэзээ ямагт гадаах үүдний цаагуур явдаг болохоор Лао тайтайбусад тайтай нарын дэргэд ядаж нэр нүүртэй зарлага ч хийж яваагүй болохоор манай дотоодын ёс дүрмийг мэдэхгүй чинь аргагүй. Энд бол бэргэн чиний удаан зогсох газар биш. Бид дуугүй байж байхад л мөд хүн ирж чамаас асууна. Ямар юм ярих гэж байгаагаа цаашаагаа мэдүүлж Эр Ед хэлүүлбэл зохино. Энэ нэг их айлын мянгаад хүнээс энэ нь гүйж ирээд тэр нь ч гүйж очоод байвал бид тэдний нэр овгийг нь ч асууж завдахгүй шүү дээ гээд бяцхан шивэгчнийг дуудаж: “Түүний зогссон газрыг арчиж цэвэрлэ” гэв.

Энэ үгийг сонсоод мөнөөх эхнэр хэлэх үггүй болж, ууртайгаар охиноо хөтлөөд явж одов. Тэгтэл Сүн мөөмөө: “Чамайг ёс мэдэхгүй хүн гэсэн нь үнэн юм. Охин чинь, энэ айлд нилээн байсан учир чи салж явахдаа энэ охидод мөргөх ч үгүй, тэд хэдийгээр чамаас ёс ёмбо, бэлэг сэлт хүсээгүй боловч та нар тэдэнд мөргөж, сэтгэлээ гүйцээх ёстой” гэсэнд Зүй Эл яаран эргэж ирээд мөнөөх хоёрт мөргөв. Тэд үүнийг нь ойшоосонгүй учир эхнэр уртаар шүүрс алдаад, дотроо ихээхэн бухимдалтайгаар гарч одов.

Чин Вэнь хэтэрхий уурласандаа бие нь тавгүйтэж баахан шаналсанаа, аажимдаа тайтгарав. Энэ үед Бао Юй орж ирээд, хөлөө дэвсэлэн бухимдав. Шэ Юэ, юу болсныг сонирхвол, Бао Юй: “Энэ дээлийг өнөөдөр Лао тайтайихээхэн баяртайгаар надад өгсөн юмаа. Тэгтэл би санаандгүйгээр хормойг нь түлчихлээ. Харин оройн цаг болохоор Лао тайтайбусад тайтай нар анзаарсангүй” гээд дээлээ тайлав. Шө Юэ дээлийг нь үзэв. Хурууны өндөгний хэртэй түлчихсэн байв. Тэрбээр: “Энэ ч харин гайгүй. Нэг хүн, сэмхэн явуулаад, уран оёдолчноор сэлбүүлчих” гээд ваадагнаж аваад нэг хөгшин мөөмөөд өгч “Өглөө болохоос өмнө амжаад засуулчих. Лао тайтай, бусад тайтай нарт мэдэгдэж болохгүй” гэж захив. Нилээд удсанаа, мөнөөх эмгэн буцаж ирээд: “Аль л сайн гэдэг оёдолчин, урчуулдаар очлоо. Тэд цөмөөр энэ дээлийг ямар эдээр нийснийг нь мэдэхгүй хүлээн авч чадахгүй гэж байна” гэсэнд Шө Юэ “Одоо яах вэ, маргааш өмсөхгүй байж болох уу” гэж асуув. Бао Юй: “Маргааш л ёстой өмсөх өдөр шүү дээ. Лао тайтайнарч өмс гэсэн юм. Ганцхан өдөр өмсөөд түлчихээд тэд уурлахгүй яахав” гэв. Тэдний яриаг сонсоод Чинь Вэнь тэсэлгүй босон ирж: “Алив нааш өгөөтэх. Үүнийг өмсөх буян чинь дутсан бол цухалдаад яахав” гээд дээлийг зулын гэгээнд нарийвчлан үзэв. Бао Юй инээж: “Нээрэн тийм дээ” гэв. Цаадах нь үзэж үзэж: “Энэ чинь, алтан тогосын утсаар нэхсэн юм байна. Бид тэр утсаар нь ширхгийг нь тааруулаад сүлжвэл харин болж мэднэ” гэв. Шө Юэ инээж:

-Алтан тогосын утас байгаа шүү. Харин чамаас өөр хэн сүлжиж чадах вэ гэсэнд цаадах нь:

-Би л нэг удаа амиа цөлхөөс дөө гэв. Бао Юй сандарч:

-Хөөе тэр яаж болох вэ. Одоо жаал гайгүй болж байж, оёдол зүйдэл хийвэл дордоно шүү гэсэнд цаадах нь:

-За чи битгий яршиг болоод бай. Би өөрийгээ мэдье гээд босон сууж үс гэзгээ янзлаад хувцсаа өмссөнд толгой нь эргэж нүд нь эрээлжилсэн ч Бао Юйг зовно гэж бодоод шүд зуун оролдож эхлэв. Шө Юэ утсыг нь нийтгэж өгөв. Чин Вэнь түлэгдсэн хэсгийг удаан үзээд: “Угийн байдалтай яаж адил болох вэ. Гэхдээ, хичээнгэтэй сүлжвэл, дэмий мэдэгдэхгүй болж болох болов уу” гэсэнд Бао Юй: “Тийм бол маш хэцүү юм шив дээ. Хаанаас орос оёдолчин эрж олох билээ. Тэд л чадна даа” гэв. Чин Вэнь, тэр дороо дээлийн дотрыг ханзалж, хулсан нумаар тэлж хавчаад хутгаар шатсан хэсгийн амсарыг хусаж зөөлрүүлээд хөндлөн ширхэг дагуу ширхгийг ялган сүлжээд дараа нь арлан нэхэх аргаар эх татаж, түүнийхээ дээгүүр нэмж сүлжив. Хоёр хатгаад нэг үзэж, дөрөв тав хатгаад хажуулж амарна. Бао Юй дэргэд нь суугаад: “Халуун ус оочих уу” гэж асууна. Тэгээд “Амар амар” гэж байн байн хэлж хэрмэн нөмрөг нөмрүүлэн, дэр авчирч үүнийг тулах уу гэнэ. Чин Вэнь “Бяцхан өвөө минь ээ, зүгээр унтвал дээр шүү. Шөнө турш намайг харж суугаад маргааш нүд чинь улайчихсан байвал яана даа” гэж гуйна. Бао Юй түүний цухалдангуй байгааг хараад хэвтсэн боловч нойр нь хүрэхгүй байв. Тэгтэл цаг дөрвөнтөө цохих үед Чин Вэнь нэхээд дуусчихав. Шүдний сойзоор ноолуурын сэвийг гаргасанд Шө Юэ “Үнэхээр цэвэрхэн болжээ. Тун их нарийн шалгаж үздэггүй л юм бол мэдэгдэхгүй” гэж батлав. Бао Юй олзуурхан авч үзээд “Яг л хуучин шигээ байна” гэсэнд Чин Вэнь, арай чамай нөхлөө гэснээ хэдэнтээ ханиаж: “Хэдий хичээсэн боловч яаж угийн янзаар болгох вэ дээ. Би л лав барахгүй юм байна” гээд өөрийн эрхгүй унан тусан хэвтэв. Түүнээс цааш юү болсныгмэдсүгэй хэмээвээс дараах бүлгийг унштугай!

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж