"Битүүний өдөр бүх зүйл бүтэн, дүүрэн байх ёстой"

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

"Битүүний өдөр бүх зүйл бүтэн, дүүрэн байх ёстой"

"Битүүний өдөр бүх зүйл бүтэн, дүүрэн байх ёстой"

Монгол түмэн тахиа жилээ үдэж, ‘Тийн унжлагат’ шороон нохой жилийн босгыг давах гэж буй энэ үед ирэх жилийн өнгө, үр шим ямар байх талаар Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай ярилцлаа.

-Ирэх жилийн ноён нуруу зурхайд хэр бууж байна вэ?

-Ирэх жил  буюу шороон нохой жилд улирлын тариа ургац сайн ургах, мөн зундаа хур тунадас багасах учир зуны саруудад ган гачиг болох өчүүхэн төдий  магадлалтай. Шороон нохой жил залуучуудад сайн нялхаст бол бүр таатай харин хөгшдөд ширүүн жил юм. Хөгшид гэдэг нь сударт тайлбарласнаар болбол төрийн өндөр суудалтан гэж ойлгоно гэж заасан байдаг. Төрийн суудалтан гэдэг нь төрийн  дээд албан тушаал хашиж байгаа хүмүүст таатай бус байна. Мэдээж завсарт нь ахмад настнууд өөрийн биеийг анхаарууштай.

-Цагаан сар гэснээс битүүний орой гэрийнхээ тотгон дээр идээ ундааны дээж тавьдаг ёс мартагдаж эхэллээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Сар шинийн баярыг тэмдэглэх ёсны нэгэн гол зан үйл улирч буй оноо үдэж, шинэ оноо угтах “битүүлэх” ёс юм. Битүүн гэдэг нь сар бүрийн 30 буюу Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг ‘битүүн’ хэмээн нэрийддэг. Энэ өдөр бүх зүйлс бүтэн, дүүрэн байх учиртай. Учир нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээн бэлгэддэг. Битүүний шөнө Лхам бурхан шар халзан хүлгээ хөлөглөөд дээд 3000 ертөнцийг эргэдэг гэж үздэг. Гэрийн үүдний тотгон дээр өвс, мөс тавьдаг нь Лхам бурхны шар халзан хүлэгт идээ ундаа өргөж байгаа юм. Лхам бурхан айлын гэр доторх идээ шүүсийг зооглохоор заларлаа гэж бодоход  хүлэг нь айлын гэрийнх нь гадаа үлдэнэ биз дээ. Монголчууд морьтойгоо айлд ордоггүй шүү дээ. Энэ утгаараа Лхам бурхны хөлөгт өвс нь амных нь идээ болж, мөс нь ундаалах ус нь гэж өргөдөг.

-Цагаан сарын дараа хүмүүс засал номоо хийлгэхээр хийдийг ихээр зорьдог. Заавал шинийн наймнаас 15-ны өдрүүдэд шинэ оны засал номоо хийлгэх ёстой гэсэн тогтсон ёс жаяг байдаг юм уу?

-Тухайн жилийн сайн сайхнаа даатгаж, барцад тотгороо арилгахын тулд заслын зан үйл хийлгэдэг байсан байх юм. Заавал энэ өдрүүдэд хийлгэх албатай биш л дээ. Хэрэв засал ном уншуулбал илүү их буянтай буюу тустай гэж үздэг. Шинийн 1-15-ны өдөр нь Бурхан багшийн тэрсүүдийн зургаан багш тэргүүтэн буруу үзэлтнийг номхотгосон өдөр хэмээн түүх шастирт тэмдэглэсэн байдаг.

Энэ өдрүүдэд засал номоо уншуулбал буян их арвижна хэмээн үзэж бэлгэшээдэг. Зарим тохиолдолд нохой жил гарахаас өмнө ес эхлэх цагаар ирэх жилийнхээ заслыг  хийлгэж  ч болдог. Халимаг Монголчууд зулын 25-ны өдрөөс эхлээд засал номоо  хийлгэдэг. Засал номоо шинэ жил гаргаад шинийн 1-15-ны хооронд хийлгэж ч  болно. Аль эсвэл бүр хойш намрын дэлгэр цагт ч хийлгэсэн болно шүү дээ. Засал ном гэдэг нь эцсийн дүндээ өөрийн сэтгэлийг л засах гээд байгаа юм. Заслын дээд нь өөрийнхөө сэтгэлийг  засах юм шүү гэж манай дээдэс багш нар айлдаж байсан. Тэгэхээр аль ч цаг үед засал гэдэг өөрийнхөө сэтгэлийг л засах  юм. Засал ном хуруулах гэдэг буян хураахын тулд гэдгийг сүсэгтэн олон сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс ямар ч өдөр бие, сэтгэл, яриа тэргүүтнээрээ зөв байхыг хичээх нь өөрөө буян юм.

-Заслыг  заавал хийдэд хийлгэх ёстой юу?

Засал хурал ном уншуулахын хувьд хүрээ хийддээ ирж уншуулбал илүү сайн. Ач тус нь өөрт ч болон олон хүнд тустай.  Засал хийлгэж байгаа  хүмүүс өөрөө сайн больё гэж хар амиа бодож ганданд ирдэг хүн  тун ховор. Эх болсон амьтан болгон амгалан байгаасай, монголын ард түмэн амгалан байгаасай хүн төрөлхтөн амар амгалан тайван байгаасай, гэхчлэн бусдын төлөө сайн сайхныг хүсэж сүсэглэж  хүрээ хийдэд засал номоо уншуулдаг. Харин  засал номоо уншуулснаас  ядаж засал хийлгэсэн гурав хоногтоо уурлахгүй байвал сайн. Гурав хоног худал хэлж нүгэл үйлдэхгүй ширүүн үг хэлэхгүй байвал сайнсан. Энэ нь өөр  дээрээ хийж байгаа бодит засал юм шүү.

-Сүжгээрээ засал номоо хийлгэж болж байхад, зарим ном нь тарифтай байдаг.  Үнэ тогтоохоос аргагүйн шалтгаан нь юу юм бэ? 

-Гандантэгчинлэн хийд хурал номын олон зан үйл хийдэг. Бусад хүрээ хийдүүд  ч мөн адил хийдэг. Ард түмнээс хурлын үнэ өртөг авдаг нь хуралд хэрэг болох  хэрэглэгдэхүүнийг бэлдэж өгч байна гэсэн үг л дээ. Маналын донжид  номыг уншихад  дор хаяж дөрвөөс дээш лам өглөөнөөс орой хүртэл хурдаг. Хэрэглэгдэх хэрэглэгдэхүүний хувьд 1000 зул, шовгор балин 100 ширхэг, хүж, арвай, арц тус бүрдээ 100 ширхгийг бэлтгэнэ. Энэ бүгдэд хүрэлцэхүйц хэмжээний өртгийг л  иргэдээс авдаг. Түүнээс биш ард түмнээсээ авсан мөнгөөр  манай хийд илүү хуримтлал  үүсгээд байгаа зүйл байхгүй.

-Хурал даган баясана гэдэг нь нэг төрлийн засал болж болох уу ?

-Хурал даган баясана гэдэг нь буян  хурааж байгаагийн нэг төрөл. Бусдын үйлдэж байгаа сайн үйлст даган баясах нь их тустай юм. Би өөрөө хийгээгүй ч гэсэн  тухайн хүний хийсэн сайн  үйлд нь  үнэн сэтгэлээсээ даган баяссанаар тэр хүний буяныг хурааж байгаа юм. Харин үүнийхээ эсрэгээр муу үйлийг даган баясах нь илүү хортой. Хоёр хүн  төрийн ордонд хэрэлдэж байхыг  телевизээр үзчихээд аль нэг талд  нь орж сайшаан дэмжиж байгаа нь өөрөө тэнд сууж муу үг хэлж хэрэлдээгүй ч дэмжиж даган баяссанаараа тэр хүнийг нүглийг хураачхаж байгаа юм.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж