АНУ-ын өвлийн олимпийн 100 дахь алтан медалийг Шон Уайт авлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

АНУ-ын өвлийн олимпийн 100 дахь алтан медалийг Шон Уайт авлаа

АНУ-ын өвлийн олимпийн 100 дахь алтан медалийг Шон Уайт авлаа

Пёнчан 2018 өвлийн олимпийн XXIII наадмын медальтнууд тодорсоор байна. 

Өнөөдөр Пёнчаны Финикс задгай паркад Сноубордын эрэгтэйчүүдийн хафпайп төрлийн финалын үзүүлбэр явагдан медалийн эзэд тодорлоо. Өвөл, зуны экстрим спортын наадамд медаль хүртсэн цорын ганц тамирчнаар тодорсон, Нэгдсэн улсын экстрим спортын бахархал болсон Шон Уайт өнөөдөр Сноубордын эрэгтэйчүүдийн хафпайп төрлийн финалд гайхалтай байж Сочид гаргасан алдаагаа засаж чадсанаар Сноубордын тамирчдаас гурван олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо.

“Нисдэг Томато” хочтой Шон Уайт нь финалд 97.75 оноог шүүгчдээс авснаар өөрийн карьерийн олимпийн 3 дахь алт, дээр нь 1924 оны Шамонигийн олимпоос эхлэн тасралтгүй оролцож буй Нэгдсэн улсын түүхэнд Шон Уайт 100 дахь алтан медалийн авсан гэдгээрээ онцлог болж байна.

Харин домогт Шон Уайттай эцсийн шат хүртэл өрсөлдсөн ч Сочигийн олимпийн мөнгө медальт Японы Аюуми Хирано 95.25 оноогоор мөнгөн медаль дээр буулаа. Харин ногоон тивийн төлөөлөл Австралийн Скотт Жеймс эхний оролдлогоороо 92.00 оноо авснаар хүрэл медалийн болзол хангасан юм.

Дашрамд сонирхуулахад, 2014 оны Сочигийн олимпод Шон Уайтын бүтэлгүйтлийг ашиглан энэ төрөлд түрүүлэн алтан медаль хүртсэн Орос гаралтай Швейцарийн иргэншилт Юрий Подладчиков өнгөрөгч нэгдүгээр сард явагдсан Экстримийн тэмцээний үеэр бэртэл аван Пёнчаны олимпийг өнжихөөр болсон нь медалийн төлөөх өрсөлдөөнийг өөрчилсөн гэхэд болно.

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж