Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун нь 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол орны баруун хойд бүсийн аймаг болох Хөвсгөл аймагт түлэгдэхээс хамгаалах, урьдчилан сэргийлэх 30 хос хэрэгслийг хандивлав. Эдгээр хэрэгслийг Хөвсгөл аймагт гэр цэцэрлэгүүдэд хүмүүжиж буй хүүхэд багачуудыг халуун тогоо, зууханд түлэгдэхээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах юм.
Статистик мэдээллээс харахад өнгөрсөн 2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт 6051 хүн түлэгдсэн тухай мэдээлэл бүртгэгдсэн ба эдгээрийн 69.3℅ буюу 4200 орчим нь хүүхэд багачууд байжээ. Үүнээс бага насны хүүхэд түлэгдэх нь маш түгээмэл үзэгдэл болохыг харж болох төдийгүй олон нийтийн зүгээс анхаарал тавивал зохих асуудал болох нь тодорхой харагдаж байгаа юм. Тус төлөөлөгчийн газрын ажилтан Монгол гэрийн зууханд гараа түлсэн тохиолдол урьд нь гарч байсан. Мөн түүнчлэн Улаанбаатар хот болон орон нутагт гэр цэцэрлэгүүдэд хүүхэд багачууд хүмүүжиж байгаа бөгөөд хүүхэд багачууд олноор цугларсан эдгээр гэрүүд гал түлж гэрээ дулаацуулах, хоол хүнсээ чанаж бэлтгэх үед халуун тогоо ашиглах шаардлага зайлшгүй тулгардаг. Иймд хүүхэд багачуудыг түлэгдэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Төлөөлөгч Хуан Куо Рун нь энэхүү түлэгдэхээс хамгаалах хэрэгслийг захиалгаар хийлгэн, гэр цэцэрлэгүүдэд хандивлах саналыг санаачилсан болно.
Энэ удаа Хөвсгөл аймагт хандивлаж буй эдгээр түлэгдэлтээс хамгаалах, урьдчилан сэргийлэх хэрэгслийг Тайваниас импортоор оруулж ирсэн техник тоног төхөөрөмжийг ашиглан модон эдлэл үйлдвэрлэдэг компани захилгаар үйлдвэрлэсэн юм. Үүнээс гадна Тайванийн Төлөөлөгчийн газар нь түлэгдэлтээс хамгаалах хэрэгсэл хандивлах арга хэмжээний хүрээнд цаашид Архангай аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гэр цэцэрлэгүүдэд түлэгдэлтээс хамгаалах, урьдчилан сэргийлэх хэрэгсэл хандивлах болно.