УИХ-ын Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2018.02.14/ намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.
Тус байнгын хороо чуулганы хугацаанд 15 удаа хуралдаж, 41 хуулийн төсөл, дөрвөн тогтоолын төсөл хэлэлцэж, харьяа байгууллагын тайлан хоёр, 14 хууль, УИХ-ын дөрвөн тогтоолыг батлуулжээ. Байнгын хороонд байгууллага, иргэдээс таван өргөдөл ирүүлснийг холбогдох албадад шилжүүлэх, хариу өгч ажилласан байна. Байнгын хорооны тогтоолоор хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдсан.
Тус байнгын хорооны дарга Л.Эрдэв-Очир “Байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд эдийн засагт үр өгөөж өгөх хоёр гол хууль баталсан. Малын генетик нөөц, Малын эрүүл мэндийн тухай гэсэн хоёр хууль батлагдсанаар мал эмнэлэг, үржлийн ажилд ахиц гарч, малын гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, эргэлтэнд оруулах чухал хуулиуд юм. Ирэх зургадугаар сараас хууль хэрэгжих учраас холбогдох яам, газрууд бэлтгэл хангаж байгаа. Байнгын хороо чуулганы завсарлагааны үеэр болон хаврын чуулганаар хууль хэрэгжих бэлтгэх хангах ажлыг эрчимжүүлэхэд онцгой анхаар ажиллана. Мөн УИХ-ын даргын захирамжаар хоёр байнгын хороонд утааны асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Мөн Байнгын хорооноос бүх сайд, Ерөнхий сайдад утааны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үр дүнтэй, бодитой гарц шийдэл ирүүлэхийг хүссэний дагуу саналууд ирсэн. Тиймээс ирсэн саналуудыг нэгтгэж, холбогдох байгууллагад ажлаа хэрэгжүүлэхийг шахаж ажиллана” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Чуулганы завсарлагааны хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх ажлын хэсэг ямар чиглэлээр ажиллах вэ. Ерөнхий сайд 2019 оноос түүхий нүүрсний хэрэглээг зогсооно гэдгээс өөр зүйл ярихгүй байгаа шүү дээ. Өөр бодит, шийдвэрлэх боломжтой ямар ажил хийх вэ?
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-Засгийн газарт 16 заалт бүхий хугацаатай зөвлөмж хүргүүлсэн. Тэр зөвлөмжид агаарын бохирдолтой холбоотой ажлыг бид цогцоор нь харах ёстой. Цогцоор нь харахын тулд богино, дунд, урт хугацаандаа Засгийн газар юу хэрэгжүүлэх вэ гэдгийг нарийн төлөвлөгөөтэй хийх чиглэл өгсөн. УИХ-ын чуулганаар төлөвлөөг, санхүүгийн эх үүсвэрийн шийдэлтэй нь хамт оруулж ирээд батлуулах үүрэг өгсөн байгаа. Засгийн газар төлөвлөгөөний төслөө хийж байгаа гэсэн. Мөн дулааны үед утааны асуудлыг бид мартдаг. Тиймээс дулааны улиралд ч бид утааны асуудлаа ярьж, хийж байх ёстой гэдэг үүднээс ажлын хэсэгт шаардлага тавьж ажиллана.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-УИХ хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн жагсаалтыг батлахад Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлуулахаар тусгасан. Үүний хүрээнд Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийг боловсруулах асуудлаар УИХ-д асуулга тавьсан байгаа. Ногоон байгууламжийг байгуулснаар агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах боломжтой болно.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БНСУ-аас 0,2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаантай 500 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ зээл нь өрийн ачааллыг нэмсэн зээл биш. Энэ мөнгийг агаарын бохирдлыг бууруулаха зорилна гэсэн. Ийм хэмжээний эх үүсвэртэй учраас төлөвлөгөөтэй зөв утаатай тэмцэх ёстой. Мөн БНХАУ-ын талтай гэр хорооллын дахин төлөвлөтийн чиглэлээр буцалтүй тусламж авахаар болсон. Энэ мөнгөөр гэр хорооллын дахин төлөвлөнө. Саяхан Давост ажиллах үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захиралтай уулзаж, Улаанбаатар хотын утааг бууруулахад хамгийн оновчтой шийдлийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг санал болгосон. Өөрөөр хэлбэл, олж ирсэн мөнгөө яг найдвартай, үр дүнд хүрэх төсөлд зарцуулах эсэхэд хараат бус байдлаар зөвлөх үйлчилгээ үзүүлээч гэдгийг тохирсон.
-Төв Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил бүтээн байгуулалт нь ямар шатандаа явж байна вэ?
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Агаар орчны үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлын гол асуудал нь цэвэрлэх байгууламж, түүний үнэр. Улсын төсвөөс 30 гаруй тэрбум төгрөгөөр цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүй болгох, халдваргүйжүүлэх чиглэлээр ажил зохион байгуулж байгаа. Мөн техникийн шинэчлэл хийгдэж байгаа. Түүнээс гадна шинээр цэвэрлэх байгууламж байгуулах асуудал үе үеийн Засгийн газрын түвшинд яригддаг. Шинэ цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийг АНУ, БНХАУ-ын тусламжуудаас санхүүжүүлэхээр ярилцаж байгаа. Цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ онд эхлүүлж, 2020 онд дуусгахаар яригдаж байна. Байнгын хорооны хүрээнд агаарын бохирдол, орчны бохирдол зэрэг асуудалд тодорхой чиглэл өгч, ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа.
Ш.ЧИМЭГ