"Дохионы хэлтэй албан хаагч дутагдалтай байна"

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

"Дохионы хэлтэй албан хаагч дутагдалтай байна"

"Дохионы хэлтэй албан хаагч дутагдалтай байна"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Орон тооны бус зөвлөлийн 2018 оны ээлжит хуралдаан  өнөөдөр /2018.02.14/ Төрийн ордонд боллоо.

Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалдаг бөгөөд хуралдааны эхэнд илтгэл тавив. Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2017 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, цаашид  хийх ажлын төлөвлөгөөг баталсан юм. Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж. Түүнээс хөдөлмөр эрхлэх боломжтой 73 мянга орчим иргэд байгаа талаар зөвлөгөөний үеэр мэдээлэл өгөв. 

Тэдний эрх ашгийг хамгаалах, сурах болон амьдрах тэгш орчин бүрдүүлэх, батлагдсан хуулиудаа амьдралд хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг өнөөдөр хөндөж ярилцсан. Мөн Сэргээн засах үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж агентлаг болгох саналыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөллүүд онцолж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх эрх олгож, тодорхой хэмжээний мөнгийг төрөөс автобус компаниудад шилжүүлдэг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчим боломж бага, нөхцөл байдал нь тохиромжгүй байдаг учраас нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх болсныг ч энэ үеэр хөндөж байв. Ялангуяа тэргэнцэртэй иргэд бууж, суухаас эхлээд нийтийн тээврээр зорчих боломж бага байдаг тул таксигаар үйлчлүүлэхээс аргагүй байдаг ажээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалан нэгдсэн холбооны тэргүүн Д.Баатаржав:

-"Бид өнгөрсөн хугацаанд салбарын яамны харьяанд үйл ажиллагаа явуулж ирсэн ч бидний хүссэн үр дүн гарахгүй байна. Тиймээс Ерөнхий сайдын дэргэд агентлаг байгуулах санаачлагыг та бүхэн анхаарч, судалж өгнө үү. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэгш боловсрол олгох, тэгш амьдрах боломжоор хангаж өгөх хүсэлтийг гаргаж байна. Ажлын байр нэмэгдүүлэх, орон сууцанд хамруулах, тэдний эрхэлж байгаа жижиг, дунд бизнесийг өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг чухал байдаг".

Сүүлийн үед сэтгэцийн өөрчлөлттэй төрөх хүүхдийн тоо нэмэгдсэн учраас хүүхдийг 0-2 насанд нь эрт оношлох, тэднийг бүртгэлжүүлэх шаардлагатайг хуралд оролцогчид мөн хөндсөн юм. Ялангуяа хөдөө орон нутагт сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд төрсөн тохиолдолд оношлох, бүртгэх боломж хомс байдаг аж. Түүнээс гадна төрийн байгууллага ажилчдын тоонд харгалзуулан хөгжлийн бэршээлтэй иргэнийг ажилд авах хууль амьдралд хэрэгжихгүй, хөдөлмөр эрхлэх боломжтой ч ажил олдохгүй, төрийн бүх шатны байгууллага хуулиа биелүүлэхгүй байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаварлан гадуурхсан үгийг хэрэглэхгүй байхыг, тэдэнд тэгш боломж олгохыг оролцогчид ярьсан. Ялангуяа тэгш боловсрол олгох чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхижуулах, хууль шүүх, бүх үйлчилгээний газрууд дохионы хэлтэй ажилтантай байх зэрэг олон санаачилгыг гаргаж байв. 

Зөвлөлийн хурлаар 2018 оны үйл ажиллагааны талаар хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд болон орон нутагт томилолтоор ажиллах үед тавьсан санал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго тавьж, ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган хүнээ Монголын төр, засаг, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бүх талаар дэмжиж, тусалж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа. Тэрбээр мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотой хэд хэдэн үүрэг, чиглэл өгөв.

Салбар бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлаараа тулгамдсан тодорхой асуудлыг хэлэлцэж, Засгийн газраар шийдвэрлүүлэх, Зөвлөлийн гишүүд яамдын дэд зөвлөлүүдийг хариуцан, ажилд нь дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шинээр боловсруулж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг тусгахад дэмжлэг үзүүлж, ажиллахыг Ерөнхий сайд онцоллоо. 

Ш.ЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж