Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг Сирийн Засгийн газартай холбоотой гэж үзсэний улмаас Швейцарийн "UBS" банк тус холбооны гадаад дахь дансуудыг хааж, санхүүгийн үйл ажиллагааг нь зогсоожээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээллийн хүн гэгддэг Кирсан Илюмжиновыг Сирийн Засгийн газраар дамжуулан "Исламын улс" алан хядах бүлэглэлтэй газрын тосны гэрээ байгуулсан гэх үндэслэлээр АНУ 2015 онд хар жагсаалтад оруулж, хөрөнгийг нь царцаасан юм.
Кирсан Илюмжинов өөрийгөө энэ хэрэгт буруугүй, өөрийг нь ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах гэсэн АНУ-ын явуулга байсан гэж мэдэгдсэн байна.
Дэлхийн шатрын холбооны гадаад дахь дансыг хааж, санхүүгийн үйл ажиллагааг нь зогсоосны улмаас тус холбоо санхүүгийн хүнд байдалд орсон талаар холбооны албан ёсны вэб хуудсанд бичжээ. Дэлхийн шатрын холбоо гуравдугаар сард Берлинд шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах ёстой.
Швейцарийн банк “UBS” хэдэн жилийн өмнөөс гэмт хэрэгтний үйлдлийг өөгшүүлсэн гэдэг шүүмжлэлд өртсөн бөгөөд банк санхүүгийн салбар дахь нэр хүндээ аврахын тулд дээрх алхмыг хийжээ.
Дэлхийн шатрын холбоо Швейцарийн банкнаас өөр банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа боловч амжилт олох эсэх нь тодорхойгүй байна. Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов Дэлхийн шатрын холбоог 23 жил тэргүүлж байгаа юм.
Эх сурвалж: The Telegraph