Ц.Одонтунгалаг зөвлөмж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Ц.Одонтунгалаг зөвлөмж гардууллаа

Ц.Одонтунгалаг зөвлөмж гардууллаа

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг өнөөдөр Нийслэлийн засаг дарга С.Батболд болон НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт зөвлөмж гардууллаа. 

НИТХ дахь АН-ын бүлгийн эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар “Хотын шийдэл – Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийг саяхан зохион байгуулж, Нийслэлийн хүүхдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, зөвлөмж гаргасан юм. 

Нийслэлд 476,1 мянга буюу хүн амын 34,5 хувь нь хүүхэд байдаг. Гэвч тэднийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр тусгайлсан бодлого хөтөлбөртэй ажиллаж чадахгүй байгаа. Нийслэлийн хэмжээнд жилдээ 9226 хүүхэд буюу дөнгөж 2 хувь нь хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж чаддаг. Харин хүүхэд хамгааллын чиглэлээр ажлуудыг төрийн байгууллагуудаас хийдэг боловч хангалттай хүрэлцээтэй байж чадахгүй байна. 2017 оны байдлаар гэмтэл, осол, түлэгдэлтэд өртсөн хүүхдийн тоо 2525, зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо 685, ахуйн осолд өртсөн хүүхдийн тоо 21062, бүтэн өнчин 1573, хагас өнчин 11512 хүүхэд байгаа гэсэн Нийслэлийн статистикийн газрын тоо баримт байна. Өөрөөр хэлбэл хамгаалал шаардлагатай энэ мэтчилэн хүүхэд олон байгаа боловч Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 төрлийн үйлчилгээ явуулахад 6740 хүүхэд хамрагдсан статистик байна. Иймд нийслэлийн хүн амын 3-ны нэгийг эзэлж буй хүүхдүүдийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлд онцгойлон анхаарч, “Хүүхдэд ээлтэй хот”-той болох шаардлагатай байгаа юм. 

Иймд дээрх зөвлөмжид хүүхдэд зориулсан үйлчилгээг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн нөхцөл байдлын талаар олон нийтэд таниулах зэрэг сэтгэл гарган хийх ажлуудыг цөөнгүй дурджээ. Тухайлбал хүүхдийн эрхийг хамгаалахаар 108 шууд утас ажиллуулдаг шиг бага насны хүүхдийн эрүүл мэндийн зөвлөгөөг утсаар өгөх үйлчилгээг бий болгох асуудлыг зөвлөмжид оруулсан байна. 

Нийслэл хотын ирээдүй болсон хүүхдийн асуудлаар санаачилгатай ажиллаж, ажил хэрэг болгож байгаад  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар талархаж, хүүхдэд ээлтэй хоттой болохын төлөөх санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн нөхцөл байдлын талаар улирал бүр харилцан мэдээлэл солилцож, ажлуудаа дүгнэж ажиллахаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг төлөвлөөд байгаа юм байна. 

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ” ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэлтэй болох зорилгоор НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “ХОТЫН ШИЙДЭЛ – ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ” хэлэлцүүлгийг нийслэлийн төвийн 6 дүүргийн төлөөлөгч болон иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн мэргэжлийн байгууллагууд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг танилцуулж, мэдээлэл өгч оролцов. 

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр дараах санал санаачилгууд гарч зөвлөмж болголоо. Уг зөвлөмжийн дагуу Нийслэлийн харьяа байгууллагууд эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж, улирал бүр танилцуулна. 

1.    Хүүхдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр: 

1.1    Эрүүл мэндийн зөвлөгөөг онлайн болон утсаар өгөх үйлчилгээ бий болгох
1.2    Эрүүл мэндийн үйлчилгээний дугаарыг онлайн системд шилжүүлж, нэвтрүүлэх
1.3    Сургууль, цэцэрлэг, зуслангийн эмч нарыг чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулах
1.4    Тусгай хэрэгцээт сургуулиудын хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах тусгайлсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
1.5    Сургууль, цэцэрлэг, зуслан, хүүхдийн ордонд хүүхдийн сэтгэл зүйчийг ажиллуулах санал санаачилгыг өрнүүлэх
1.6    Сургуулиас гадуур явуулж буй хүүхэд хөгжлийн секц, дугуйлан, зуслангийн хөтөлбөрийн чанарыг сайжруулах 
1.7    Сургууль, цэцэрлэг, зуслан, хөгжлийн төвийн багш нарт хүүхэд хүмүүжлийн, эерэг харилцааны сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах 
1.8    Сургууль, зуслан, хөгжлийн ордон, төвүүдийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах
1.9    Гэмт  хэрэгт өртсөн, авто замын осолд өртсөн хүүхдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ бий болгох

2.    Хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр: 

2.1    Сургууль, цэцэрлэг, зуслан, ордон, хөгжлийн төвийн хүүхдийн ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэн сайжруулах
2.2    Сургууль, цэцэрлэг, зуслан, ордон, хөгжлийн төвийн хүүхдүүдийг шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх
2.3    Ерөнхий боловсролын сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх,  хүүхдийг аюулгүй тээврийн хэрэгслээр стандартын дагуу тээвэрлэх
2.4    Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд шаардлагатай тусгай тоноглол /буудал зарлах, тусгай шат, урсдаг зар/-ыг бий болгох
2.5    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш оролцох хөгжих боломжийг бүрдүүлж, хүүхдийн зуслан, ордон, хөгжлийн төвд хамрагдах тогтолцоог сайжруулах
2.6    Сургууль цэцэрлэгийн орчинд зам тээврийн осол хамгийн их гардаг цэгүүдэд гарц, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хийж, аюулгүй орчин бий болгох
2.7    Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, зуслан, ордон, хөгжлийн төв, эмнэлэг албан байгууллагууд хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж, ногоон орчин бүрдүүлэх
2.8    Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудын онцгой үеийн бэлэн байдал норм, стандарт, галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар  шалгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах

3.    Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл, сурталчилгаа нөлөөллийг явуулах чиглэлээр:

3.1    Хүүхэдтэй холбоотой үйлчилгээ, орчны стандартуудад үнэлгээ хийж, стандартуудыг мөрдүүлж ажиллах
3.2    Сүм хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн судалгаа хийж, хүүхдийн эрхийг хангах ажлыг зохион байгуулах
3.3    Үйлчилгээний байгууллагуудад /ресторан, банк, худалдааны төв, зоогийн газар г.м/ хүүхдэд ээлтэй үйлчилгээ, орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
3.4    Хүүхдийн эрхийг сурталчлах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах, хүүхдийн эрхийг сурталчлах тогтмол нэвтрүүлэг явуулах
3.5    Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон дагалдан гарсан журмуудыг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулах
3.6    Нийслэлийн харьяа байгууллагууд хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж