Ц.Төмөрхуяг: Ийм үед ээжийгээ их боддог юм байна

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Ц.Төмөрхуяг: Ийм үед ээжийгээ их боддог юм байна

Ц.Төмөрхуяг: Ийм үед ээжийгээ их боддог юм байна

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, заримх хүмүүст Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр /2018.02.14/ Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

о.балжинням аварга Хөдөлмөрийн баатар боллоо

Жүдо, самбо бөхөөр дэлхий болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчдыг төрүүлэн, жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан онцгой амжилтыг өндрөөр үнэлж, Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монгол Улсын ардын жүжигчин төрөв

Монгол бүжгийн уламжлалт дэг сургалтыг бий болгох, бүжиг судлалыг хөгжүүлэх, бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн зөвлөх профессор Дунжаагийн Нанжидад Ардын жүжигчин цол,

Дэлхийн болон үндэсний дуурь, балет, симфони урлагийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, удирдаачийн дэг жаягийг төлөвшүүлэн бий болгох, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, Монголын хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчилан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Жагваралийн Бүрэнбэхэд Ардын жүжигчин цол,

Эрүүл мэндийн салбарт оношилгоо эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх, чанар, тусламж үйлчилгээг сайжруулах, дэлхийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Банзрагчийн Батчулуунд Ардын эмч цол тус тус хүртээв.

ц.төмөрхуягт гавьяат жүжигчин цол хүртлээ

Боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, байгаль орчин, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний зохицуулах газрын ахмад ажилтан Чойнмадагийн Баяр, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвийн ахмад инженер Баасангийн Сандуйжавыг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, БОАЖЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн Содномжамцын Дамдинсүрэнг,

Монгол Улсын Гавьяат багш цолоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Нанзадын Энхпагма, Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Дашдаваагийн Жуужааг, МУИС-ийн хими, хими инженерчлэлийн сургуулийн зөвлөх профессор Сономын Дондогийг, Нийслэлийн 33-р дунд сургуулийн ахмад багш Баатарын Цэгмэдийг, МУБИС-ийн ахмад багш Пүрэвжавын Бямбадоржийг, АШУҮИС-ийн Анатомийн тэнхимийн эрхлэгч, академич анагаахын шинжлэх ухааны доктор профессор Доржхүүгийн Амгаланбаатарыг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ахмад багш Лувсанцэрэнгийн Цэвээндорж нарыг тус тус шагнав. 

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн нэгжийн зохицуулагч Бат-Өлзийн Баасанг, “Сандэй” группийн ерөнхийлөгч Дашбалжирын Бат-Өлзийг,   

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор “Ая дан” студийн дэргэдэх Мөр хамтлагийн дуучин, ая зохиогч Мягмарын Бямбажав, “Сити” дээд сургуулийн багш, жүжигчин, найруулагч Цэгмидийн Төмөрхуяг нарыг шагнав.

Монгол Улсын гавьяат малчин цолыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Лувсаншаравын Баттулга, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багийн тэмээчин Гомбогийн Ванчиг нар хүртлээ.

Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын жолооч Дүгэржавын Баттулга,

Гавьяат эдийн засагч цолоор “Эрэл” ХХК-ийн ахмад ажилтан Дэлгэрийн Чүлтэм, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий  консулын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Наваанзундуйн Ишдорж, “МИГ” даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Жандавын Бат-Орших, “Алтайн хүдэр” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Рүвжирийн Пүрэвдоржийг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч Дуламсүрэнгийн Бэхбатыг, Яруу найрагч Намсрайн Лутбаярыг,

Хүний гавьяат эмч цолоор Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Балжиннямын Дэлгэр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Мишигдоржийн Чимгээг,

Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийг дэмжих сангийн ахмад ажилтан Янжаагийн Усныка нарыг шагналаа.

Мөн Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхмүүдийн төлөөлөл Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа гардаж авсан юм.      

Алтан гадас одонгоор Булган аймгийн Булган сумын өндөр настан, ахмад тамирчин Дашнаяын Лхагважавыг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч Жалапуны Цэцэгсүрэнг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад ажилтан Оргийн Төмөрцоожийг,

"Шударга журам" медалиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Бархадын Батсумъяаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын байцаагч, дэслэгч Ганболдын Эрдэнэбаяр нарыг тус тус Төрийн дээд одон медалиар шагнаж, төрийн тэргүүн гардуулан өглөө. 

———————————————————————————————-

Шагнал гардуулж дууссаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр:

“Түүхт төрийнхөө хоймор, Их цагаан сүлдний хүндэт өргөөнөөс Та бүхнийхээ түмэн амгалан, мянган баярыг айлтган мэндчилье.

XVII жарны шар нохой жилийн босгон дээр улс эх орон, ард түмнийхээ өөдлөн дэвжих гэгээн сайхан ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулсан, одоо ч амжилт алдраа дуурсгаж, тухайн салбартаа онцгой үүрэгтэйгээр зогсолтгүй бүтээн хөдөлмөрлөсөөр яваа хүндэт иргэдийнхээ гавьяа зүтгэлийг төрийн дээд шагналаар мялаалаа. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн – цагаан сар бол хүн бүр ахмад буурлуудынхаа нас буян, ерөөл сургаалыг өргөн тосож, амар мэндийг эрэн золгодог монгол түмний хүндлэл дээдлэлийн их баяр юм. Ийм ч учраас энэ удаагийн төрийн шагналаар ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлийг хүндэтгэн үнэлж, түлхүү хамруулахыг эрмэлзсэн болохыг тэмдэглэе.

Монгол хүний эрдэм ухаанаар дэлхийн жүдо бөхийн ертөнцөд шинэ үеийг бэлтгэн гаргаж, дэлхийн дэвжээг улам бүр эзэгнэн улс ард түмнийхээ золбоо, хийморь, сэтгэлийг галыг ямагт бадрааж байгаа бөхийн спортын даруухан бөгөөд гарамгай зүтгэлтэн Одвогийн Балжинням багшдаа Хөдөлмөрийн баатар алдрыг хүртээлээ. Цаашид олон шавь нарынхаа бахархлыг тээж алдраа олимп, дэлхийн тэнгэрт мандах төрийн далбаатай адил улам тод, өндөрт мандаана гэдэгт итгэж байна.   

Төр иргэнээ урамшуулсан шагналаар дамжуулан хүн бүрийг Та бүхний үлгэр дуурайлаар эрхэлсэн ажилдаа эзэн болж, эх оронч зүрх сэтгэлээр зүтгэл гарган ажиллахыг, цаашид ч улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чадах бүхнээ зориулахыг уриалж байгаа хэрэг юм. Улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшлийг хувь нэмэр оруулж, нэр хүндийг бүтээлцсэн ахмад буурлууд, хүндэт иргэддээ дахин баярлалаа. Нохой жил монгол түмний үнэнч нөхөр мэт байж, буян хишгийг сахин хамгаалж, шударга үнэнийг бадрааж, бүтээн байгуулалтыг цогцлоон, Хөх мөнх тэнгэрийн ивээл хүчин дор, хөдөлмөрч хичээнгүй ардынхаа үйлс зүтгэлээр Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай’ гэв.

———————————————————————————————————————————-

– Шинэхэн гавьяатуудын сэтгэгдэл – 

 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Ц.ТӨМӨРХУЯГ

-Шагнал авах мөчид ээжийгээ л их боддог юм байна. Ард түмэндээ баярлалаа. Энэ шагнал бол ард түмний шагнал юм. Миний ард түмэн намайг дэмжиж, эрхэм цол хүртээлээ. Урлагийн тогоонд 30 гаруй жил ажиллахдаа 60 гаруй тайзны уран бүтээл, 100 гаруй киноны уран бүтээлд  оролцжээ. Гавьяат болно гэдэг мэдээг өчигдөр орой ууцаа чанаж байгаад сонссон /инээв/. Өнөөдөр их сайхан өдөр байна. 

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭСГИЙН БАЙЦААГЧ, ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛИЙН ЭЗЭН Б.БАТСУМЪЯА

-Тухайн үед Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бид албан үүргээ гүйцэтгэн, ажиллаж байсан. Гэнэт бороо орж, айл руу ус орлоо” гэдэг мэдээлэл ирсний дагуу очиж, хоёр өрхийн 12 хүний амь насыг аварсан. Тэр дунд дөрвөн том хүн,  4-12 насны найман хүүхэд байсан юм. Тэд бүгд уснаас гарч чадахгүй, гэрийнхээ хананаас зуурчихсан, тусламж хүлээж байсан. Ард иргэдээ аварч, туслах нь бидний үүрэг юм. 

 СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ТЭСЛЭГЧ, ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛИЙН ЭЗЭН Г.ЭРДЭНЭБАЯР

-Тухайн үед иргэдийнхээ амь насыг аврах ёстой гэдэг зүйл л эхлээд бодогдсон. Энэ шагналаар бид хоёрыг урамшуулж байгаа нь цагдаагийн байгууллага болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нийт албан хаагчдыг үнэлсэн үнэлгээ гэж бодож байна. 

 ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ Б.ДЭЛГЭР

-Би 1983 онд Анагаахын сургууль төгсч, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Одоо 35 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 25 жилд эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнээр ажилласан. Манай аймаг сүүлийн есөн жил эхийн эндэгдэлгүй ажилласан. Энэ шагнал эмнэлгийн маань нийт ажилчдын гавьяа юм. Төрүүлж, өсгөсөн ээж, аавдаа баярлаж байна. Мөн хань ижил, үр хүүхэд, багш нартаа баярлаж байна.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТЭМЭЭЧИН, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН Г.ВАНЧИГ

-Би нэгдэлд 34 жил тэмээ хариулж, тэмээчин болсон. Одоо өөрийн 500 гаруй тэмээтэй. Манай хотонд Монголын анхны хос зогдорт тэмээ бий. Энэ тэмээнээс 23 кг ноос гарч байсан. Манай тэмээ үйлдвэр угсаа сайтай гэж хэлж болно. Тэмээ жил өнжиж төллөдөг, өсөлт удаантай. Таван хошуу мал дотор уналага, ачлага, үр шим ихтэй нь тэмээ гэж боддог. Төрийн хайр, хишиг хүртсэндээ талархаж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж