Секс дуулианд холбогдсон “Oxfam” хандивлагчдаа алдав

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Секс дуулианд холбогдсон “Oxfam” хандивлагчдаа алдав

Секс дуулианд холбогдсон  “Oxfam” хандивлагчдаа алдав

Олон улсын 20 гаруй хандивын сангийн нэгдсэн холбоо “Oxfam”-ын ажилтнуудтай холбоотой секс дуулиан олон нийтэд ил болсноос дэлхийн 90 гаруй орны хандивлагчид тус холбоонд өгдөг хандиваа зогсоож эхэлжээ. Тус холбооны хандивын ажилтнууд 2010 онд Гаитид болсон газар хөдлөлтийн дараа гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах ажиллагааны үеэр биеэ үнэлэгчдийг захиалан, тансаг, зэрлэг үдэшлэг зохион байгуулсан нь илчлэгдсэн юм.

Энэ хэргийн улмаас хандивын үйл ажиллагааг 20 гаруй жил дэмжин, хамтран ажиллаж ирсэн сайн санааны элч Их Британийн жүжигчин Минни Драйвер ичгүүр, сонжуургүй  энэ явдлыг эсэргүүцэн “Oxfam”-тай цаашид хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.

Энэ хэргийн улмаас сүүлийн гурав хоногийн дотор 1270 гаруй хандивлагчид сар бүрийн 12,039 евро буюу жилийн 144,468 еврогийн хандиваа зогсоосон байна. Хандивын ажилтнуудын секс дуулианаас болж цаашид ч олон хандивлагч, ивээн тэтгэгчид хандиваа зогсоож магадгүй гэж тус холбооны тэргүүд эмээж байгаа ажээ.

Минни Драйвер “Oxfam”-аас гарч буйгаа мэдэгдэхдээ, “Би энэ холбоо болон холбооны удирдлагуудыг дэмжин, хамтран ажиллах хүсэлгүй байна. “Oxfam”-тай 20 гаруй жил хамтарч ажилласны  эцэст нийгэм, эдийн засгийн шударга бус байдал хэзээ хэзээнээс илүү хавтгайрсан ийм үед өөрийн байр суурийг хадгалж чадахгүй болсон нь харамсалтай. Гэвч дэлхийн өнцөг булан бүрд байгаа зовж, зүдэрсэн, гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахыг хүсдэг, тусалдаг чин сэтгэлтэй хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийг энэ ичгүүргүй хүмүүс харлуулж чадахгүй” гэжээ.

“Ухаант Уилл Хантинг” киноны од жүжигчин Минни Драйвер “Oxfam”-ын сайн санааны элчээр ажиллаж байх үедээ холбооны хүмүүнлэгийн болон хандивын үйл ажиллагааг сурталчлан Камбож, Тайланд зэрэг орнуудад очиж ажиллаж байжээ.

Гаити болон Чад улсад хүмүүнлэгийн тусламж хүргэхээр очсон ажилтнууд секс дуулианд өртсөн хэрэгт холбоотойгоор тус холбооны дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулсан. Мөн холбооны бусад удирдлагуудыг 200,000-300,000 хүн амиа алдсан Гаитийн газар хөдлөлтийн дараа тэнд ажиллахаар очсон ажилтнуудын хэргийг нуун дарагдуулсан гэж буруутгаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: The Telegraph

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж