Стоунер тэргүүллээ бататгав

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Стоунер тэргүүллээ бататгав

Мотоциклийн тойрог замын уралдааны MotoGP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний улирлын 11 дэх гараа өчигдөр Чехийн Брно хотноо боллоо. “Repsol Honda” багийн нисгэгч, Австралийн Кейси Стоунер тус гараанд тэргүүлснээр улирлын зургаа дахь түрүүгээ авч, тэргүүллээ бататгасан бол түүний багийн анд Андреа Довизиосо хоёрт хурдалжээ. Харин Довизиосогийн нутаг нэгт, Италийн тамирчин Марко Симончелли гуравт бариалснаар шагналын тавцанг бүрдүүлсэн байна. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аварга, “Yamaha”-гийн Хорхе Лоренцо дөрөвт оржээ.

Энэ улирлын аварга тодроход долоон гараа үлдээд буй энэ үед Стоунер нийлбэр дүнгээр 218 оноотой тэргүүлж байгаа Лоренцо 186, Довизиосо 163 оноотой араас нь нэхэж байна.

Стоунер 2007 онд дэлхийн аварга болдог жилдээ Брногийн уралдааны талбарт түрүүлснээс хойш энэ тойрог зам дээр анхны ялалтаа авсан нь энэ. Уралдааны дараа тэрбээр “Эхний хэдэн тойргийн турш Андреа бид хоёр ширүүн өрсөлдлөө. Нэгэнт түүнийг гүйцсэний дараа миний байк хангалттай хурдтай гэдгийг ойлгосон” хэмээжээ.

Өчигдрийн гараанд Испанийн Дани Педроза уралдааныг тэргүүн гараанаас эхлүүлсэн ч осолдож, замаа орхисноор Стоунерт тэргүүлэх боломж олджээ. Энэ гараанд “Yamaha” багийн америк нисгэгч Бен Спайс тавдугаарт, дэлхийн аварга Валентино Росси зургаад хурдалсан.

Харин Moto2 ангилалд Италийн Андреа Ианноне тэргүүлсэн бол 125cc ангилалд Германы тамирчин Сандро Кортиз анхны түрүүгээ авчээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж