Нүнжиг, буян дүүрэн Монголын цагаан сар

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Нүнжиг, буян дүүрэн Монголын цагаан сар

Нүнжиг, буян дүүрэн Монголын цагаан сар

Энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт баяр, наадмын үеэр идэвхждэг

Сүр ихт зааны толгойгоор хөл хийж, тэнгэр, газрын дөрвөн хүчтэн луу, хангарьд, арслан, барын дүрсээр чимэг нэмсэн идээний цар, ууцны суурь. Амсар, хөвөөг нь угалз хээгээр эмжсэн цайны домбо, айргийн хул… Нүүдэлчдийн зан заншил, зочломтгой зангийн илрэл болсон ахуйн эд хэрэглэл орчин цагт эргэн хэрэглээнд нэвтэрч, худалдаанд гарч байна. Нэгэн хэсэг нийтийн хэрэглээнээс хөндийрч, мартагдах дөхөөд байсан эдгээр соёлын өвийг шинэ цагийн түүхий эд, тоноглолоор чанар нэмж, монгол урчуудын уран яруу хийцээр өнгө зассан нь энэ. Цар, домбо зэрэг ахуйн хэрэглэлүүд өдгөө үнэт эдлэлийн дэлгүүр, лангуунуудад өрөөстэй харагдах болсон. Аж ахуйн нэгж, уран дархад энэ чиглэлийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж, бүтээн туурвиж байна. Зах зээлийн эрэлт эргэн сэргэснээс зөвхөн энэ төрлийн эдлэл хэрэглэл бүтээдэг уран дархан, борлуулдаг дэлгүүр, худалдааны төв олширчээ. Одоогоор мөнгөн аяганаас гадна ахуйн эд хэрэгслийг үйлдвэрлэдэг, томоохон хэмжээний 4-5 аж ахуйн нэгж бий. Үүнээс гадна, хувиараа үйлдвэрлэдэг жижиг өрхийн үйлдвэрлэлүүд ч цөөнгүй байдаг аж. Энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт баяр, наадмын үеэр идэвхжиж, эрэлттэйд тооцогддогийг “Зоос гоёл” компаниас мэдээлж байна. Тус компани таван тансаг идээ агуулах зориулалт бүхий эд хэрэгслийг багцаар нь үйлдвэрлэж байна. Өнгө хосолсон “Таван тансаг” багцад зэвэрдэггүй гангаар хийж, алтаар шарсан цайны домбо, идээний цар, ууцны суурь багтаж байгаа. Үүнээс гадна сайн чанарын шил, алтлаг суурийг хослуулсан, буузны таваг, алтадмал, гуулин дөрвөн хос аягатай, 999-н сорьцтой алтадмал, сархадын домбо багтаж байгаа аж. Зоогийн ширээнд нүнжиг нэмэх эдгээр эдлэлийн багц 1.87 сая төгрөгийн үнэтэй. Нэг бүтээгдэхүүн нь дунджаар 160-450 мянган төгрөгийн үнэтэй байна. Биднийг сурвалжилга бэлтгэхээр очиход нэгэн эмэгтэй настай ээждээ сар шинийн бэлэг болгон өгөхөөр “Таван тансаг” багцаас худалдан авч байв. Худалдан авагчдын багагүй хэсэг нь бэлэг дурсгалд зориулан энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонгодог болохыг худалдагчид хэлж байлаа. Нийт худалдан авагчдын 50 хувь нь ямар нэг бэлэг, сэлтийн зориулалтаар авдаг байна.

  • Зоогийн ширээнд нүнжиг нэмэх эдлэлийн багц 1.87 сая төгрөгийн үнэтэй.
  • Нийт худалдан авагчдын 50 хувь нь ямар нэг бэлэг, сэлтийн зориулалтаар худалдан авдаг байна.
  • Энэ төрлийн эдлэл нь үеэс үе дамнан өвлөгдөх үнэ цэнэтэй хөрөнгө болдог.

Харин өөрийн хэрэглээнд сонгохдоо үнэт, ховор эдлэлээс илүү зэс болон мөнгө, зэвэрдэггүй ган, модон эдлэлийг илүүтэй сонирхдог. Энэ төрлийн түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн нь үнийн хувьд ч боломжийн байдаг нь сонгох нэг шалтгаан болдог байна. Тодруулбал, алт, мөнгөөр шарж гууль, зэс, ган төмрөөр хийсэн эдлэл 100-450 мянган төгрөгийн хооронд бол модон цар, суурь 35-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ цул мөнгөөр хэрэглэл хийлгэх хүсэлт ирдэг байна. Үүнээс гадна модоор хийж, мөнгөөр чимэглэсэн цар гэхэд гурван сая төгрөгийн үнэтэй байна. Эртнээс монголчууд энэ төрлийн эдлэл хэрэглэлийг гоёл, гангараа болгохоос гадна эрүүл мэндэд тусыг нь эрхэмлэсээр ирсэн. Энэ хандлага ч өдгөө үед уламжлагдаж, иргэд зэс, мөнгөн эдлэлийг илүүд үздэг байна. Зэс гэхэд хүний таван цул эрхтэн, ясны сийрэгжилтийн эсрэг, дархлаа дэмждэг байна. Гэхдээ цагаан сар зэрэг тэмдэглэлт өдрүүдэд хэрэглэдэг

зөвхөн гангараа төдий бус өдөр тутам хэрэглэж байж үр ашгийг нь хүртдэг байсан талаар удам дамжсан уран дархан “Талст- Урлан” компанийн захирал О.Мөнгөнцоож хэлж байлаа. Тухайлбал, зөвхөн гууль, зэсээр дагнан домбо болон аяга бүтээдэг үйлдвэрлэгч байна. Таван гуулин домбо болон таван аяганы багц гэхэд 781 мянган төгрөгийн үнэтэй. Энэ төрлийн уран дархан Л.Мөнx-Алдар аялалд авч явах зориулалттай зэс домбо хийхээр зорьж байна. Тэрчлэн домбыг орчин үетэй хослуулж, халуунаа хадгалах боломжтой байдлаар хийж эхэлж. Ингэснээр домбыг өдөр тутам хэрэглэхэд илүү таатай болсны зэрэгцээ эрэлт, хэрэглээ нь нэмэгдсэн байна. Энэ төрлийн эдлэл нь онцгой баяр, тэмдэглэлт өдрүүдийн ширээний чимэг болоод зогсохгүй үеэс үе дамнан өвлөгдөх үнэ цэнэтэй хөрөнгө болохыг тэрбээр хэлж байна. Өөрөөр хэлбэл, нэг талаас урлагийн бүтээл, эдлэл хэрэглэл, нөгөө талаас мөнгөн хөрөнгөө хадгалах нэг хэлбэр.

Тухайлбал, 2007 онд авсан гинж тухайн үед нэг гр алт 40-50 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө хоёр дахин өсөж, 110- 120 мянга болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь үнэ цэнэ нь өсдөг хөрөнгө аж. Ийнхүү орчин цагт улам эрчээ авч буй эрэлттэй зэрэгцээд зарим сорилтууд тулгарч байна. Тухайлбал, энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж буйгаас урд хөршөөс хуурамч нийлүүлэлтийг нэмэх болжээ. Гэхдээ урд хөршийн бүтээгдэхүүн нь үнийн хувьд хямд боловч түүхий эд, ур хийцийн хувьд дотоодын бүтээгдэхүүнийг гүйцэхгүй төдийгүй эдэлгээ даадаггүй болохыг ч уран дархад хэлж байлаа. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2017 оны байдлаар Монгол Улс 30 орчим сая ам.долларын шилэн лонх, сав, домбо, ваар, хилийн чанадаас импортолсон байна. Эртнээс ур, хийцээрээ гайхагдаж ирсэн монгол дарханы үйлдвэрлэлд импорт улаан тэмдэг асаачихаад байгаа нь энэ. Өдгөө үл анзаарагдам байж болох ч алсдаа зохицуулалт шаардахыг үгүйсгэхгүй. Цаашлаад урлагийн бүтээлд тооцогдох энэ төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, монголоор овоглосон брэнд бий болгох боломж бий гэдгийг ч салбарынхан нуусангүй. Үүнээс гадна алт, зэс, мөнгөөр баян хэмээн цээжээ дэлддэг манай улсын үйлдвэрлэлийн түүхий эд өнөөг хүртэл хар зах зээлээс хараат байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн бүтээгдэхүүний түүхий эд өнөөг хүртэл бүрэн баталгаатай биш. Энэ салбарт зориулсан бирж өмнө нь байсан ч одоо алга болжээ. Өдгөө хуучин бүтээгдэхүүнийг эргэн хайлуулж, шинээр хийх зэргээр үйлдвэрлэдэг гэнэ. Одоогоор дотоодын жижиг зах зээлийг хуучин түүхий эдээр торгоож байгаа ч олон улсын хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, брэнд болгохоор бол баталгаат түүхий эд баялгаар баян Монгол Улсад асуултын тэмдэг болох нь. Хэдийгээр энэ зах зээлд шийдлээ хүлээж буй зарим зүйл байгаа ч нүүдэлчин монголчуудын уламжлал ул бололгүй эргэн ирж, сэргэн мандав. Ирэх ирэхдээ бүр илүү чанаржин, хийц, хэлбэр нь сайжран, нийтийн хэрэглээ болж буй нь сайшаалтай.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж