Гал тахиа жилийн “галзуурсан” улс төр

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Гал тахиа жилийн “галзуурсан” улс төр

Гал тахиа жилийн “галзуурсан” улс төр

XVII жарны Алтан унжлагат хэмээх гал (улаагчин) тахиа жил улирч, Тийн унжлагат, шороон нохой жил гарах гэж байна.

Тахиа жилд Ерөнхийлөгчийн сонгууль болж, Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон гээд улс төрийн амьдрал бужигнаантай өнгөрлөө.

Гал тахиа жилийн улс төрийн тогоонд өрнөсөн, гал гарсан дуулиант мэдэгдэл, хэлсэн үг, нийгмийн анхаарлыг татсан 10 үйл явдал, тэдгээрийн эздийг онцолж байна.

Ж.Мөнхбат

МАН-ынхан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулах үед уураа барьж ядсан Ж.Мөнхбат гишүүн “Намайг тэр шорондоо хийвэл хийгээрэй. Шоронгоосоо гарч ирээд харин та нартай үзэлцэнэ шүү” гэж мөчөөрхсөн удаатай.

М.Энхболд

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд оролцох үеэрээ тэрбээр “Таныг аядуу тайван хүн гэдэг. Улс төрд таны энэ унаган зан арай л зөөлддөг гэж боддоггүй юу?” гэсэн асуултад “Улс төрд хүний хувийн зан чанар нөлөөлдөг юм билээ” хэмээн хариулж байлаа. Түүнд зориулсан энэ асуулт тахиа жилийн улс төрийн хамгийн супер сэдэв байсан нь гарцаагүй.

Ц.Нямдорж

Хууль зүйн сайдын албан үүргийг авуутаа Цагдаагийн ерөнхий газрын даргыг цагийн дотор солино гэж мэдэгдэж байсан тэрбээр үнэхээр л Цагдаагийн дарга Ө.Энхтөрийг хамгийн шуурхай чөлөөлж, 30 минутын дотор ажлыг нь хүлээлцсэн. Тахиа жилийн хамгийн шуурхай томилгоо, бас хамгийн хурдан биелсэн амлалт энэ байх нь гарцаагүй.  

Б.Хурц

БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудлыг УИХ-ын Байнгын хороо хэлэлцэх үед түүний хэлсэн үг сошиалд одоо ч трэнд хэвээр байна. Цааш нь бичих үү, яах уу…? Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц тэр хуралдаанд “Л.Болд гишүүн та, Хойд солонгост зэвсгийн наймаа хийх гэж оролдсон. Үүнээс чинь болж тус улсын хоёр хүн цаазлуулсан. Би цааш нь ярих уу, яах уу” гэж гишүүдийн амыг тагласныг санаж байгаа биз дээ.

М.Билэгт

УИХ-ын шинэ гишүүд “хэлд орох” гэж энэ жилжингээ л хөглөж байгаа. Чуулганы хуралдаанд тогтмол үг хэлэх болсон М.Билэгт гишүүн нэгэн хуралдаан дээр “Өвөл болохоор хүйтэрдэг тухай” тайлбарласан нь сошиалд нэг хэсэгтээ шүүмжлэл хүлээсэн юм. Өвөл болохоор нээрэн л хүйтэрдэг гэдгийг энэ өвөл хүмүүс илүү сайн мэдэж авсан байх аа.

Д.Гантулга

Энэ парламентын хамгийн залуу гишүүн болох Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож, Төрийн ордонд хэвлэлийн хурал хийснээсээ болж, хамаг сайн нэр, залуу гишүүний эрч хүчээ баллаад байгаа. Очиж очиж Төрийн ордонд айлд хоносон асуудлаа ярьж, мэдээлэл хийж байдаг, тэгээд бүр “Би тэднийхээс дотуур хувцсаа өмсөөд гарсан” гэж тайлбарлаад зогсож байдаг ийм тохиолдол парламентын түүхэнд үгүй. Энэ дуулиант мэдээллийнхээ дараагаас тэрбээр олон түмнээс “Бандааш” гэдэг хоч авсан нь одоо ч арилахааргүй дагалдах болжээ.

Д.Мурат

Улстөрчдийн амрагийн явдал алтан унжлагат Тахиа жилийн төгсгөлд улам ч ширүүслээ. Энэ удаа залуу, гэнэн гишүүн биш нас тогтож, буурь суусан Д.Мурат гишүүн Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд холбогдов. Эрхэм гишүүн болон сошиалд анх түүний талаарх мэдээллийг илчилсэн казах бүсгүйн хэн нь үнэн, хэн нь худал ярьсныг албан ёсоор тодруулж, тогтоосон зүйлс одоогоор алга. Тэдний хэн хэн нь өөрсдийгөө өмөөрсөн тайлбарыг хэвлэлээр өгсөн байдаг.

З.Энхболд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийн зарлага хэсэгт хориг тавьсан билээ. Гэвч хоригт тусгасан тоо баримт алдаатай байгааг гишүүд шүүмжлэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хоригоо харлаа. Улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гэж хооронд нь сольсон байна. Ийм хоёр алдаа байна. Тэр алдааг гишүүд та нар засаад уншаад явчихаарай гэж хүсэж байна” хэмээн хээвнэг хариулж суусан нь тахиа жилийн байтугай олон жилийн парламентын чуулганд гарч байгаагүй алдаа байв. Их хурлыг даргалж явсан хүн ийм хандлага илэрхийлсэнд улстөрчид байтугай ард түмэн тэр чигээрээ уурсан бухимдсан билээ.

С.ЖАВХЛАН

Самандын Жавхлан гишүүн хашаандаа тэжээдэг хоёр банхартайгаа ярилцаж, түүнийхээ бичлэгийг сошиалд түгээсэн нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Хоёр нохойгоо МАН, АН-тай зүйрлэж, “Та хоёр хэрэлдээд байвал Монгол Улс яаж хөгжих юм” гэж ирээд л бахаа ханатал зандарсан энэ үйлдлийг юу ч гэмээр юм бэ дээ. Ямар ч байсан бас л их хурлын гишүүдийн хийж байгаагүй л үйлдэл юм даа.

У.Хүрэлсүх

У.Хүрэлсүхийн Засгийн газар утаатай тэмцэх ажлыг нэн тэргүүний зорилгоо гэдэг. Гэтэл утаа арилгах тухай түүний хамгийн эхний санал хонины нэхийгээр гэр дулаалах тухай байсан нь сонин.  “Дулаалгын компаниуд хонины нэхийгээр туурга, дээвэр хийсэн байна. Монгол гэрийг хонины нэхийгээр дулаалах бүрэн боломжтой гэдэг нь харагдсан” гэх Ерөнхий сайдын үг Улаанбаатар утаагүй болно гэсэн итгэл найдварыг улам бүр үгүй хийсэн ч байж магадгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж