Оросын сүүлчийн эзэн хаан Николай II-н цусны толбо бүхий цамцыг Эрмитаж энэ жил үзмэртээ байрлуулна хэмээн музейн захирал Михаил Пиотровский сэтгүүлчдэд мэдээллээ. Николай хаан 1891 онд онд Японд айлчлах үеэр түүний амь насанд халдах оролдлого болсон бөгөөд тухайн үед өмсөж явсан цамцыг ийнхүү олон нийтэд дэлгэх юм. Цамцыг Өвлийн ордны Их сүмд байрлуулах ажээ.
Хэрэг явдал 1891 оны дөрөвдүгээр сарын 29-нд Японы Оцу хотод болсон юм. Тухайн үед Николай нь хаан ширээнд суугаагүй, угсаа залгамжлах хунтайж байсан. Киото хот руу буцаж явах үед нь түүн рүү дайрч сэлмээр хоёр удаа сүлбэхийг оролдсон юм. Түүн рүү дайрсан цагдаа Цуда Санзог баривчлан насаар нь хүнд хүчир ажил хийх ял оноосон ч Хоккайдо арлын шоронд байхдаа нас баржээ.
Оросын сүүлчийн эзэн хаан Николайн амьдрал гунигтай төгссөн. Хаан болон хааны гэр бүлийг 1918 онд Екатеринбург хотноо буудан хөнөөсөн.
Эх сурвалж: РИА НОВОСТИ