Лондоны Хитроу нисэх буудлын “World Duty Free” сүлжээ дэлгүүр хөнгөлөлтийн ваучерт өндөр үнэ төлсөн Хятадын худалдан авагчдаас хүлцэл өчжээ.
Тус сүлжээ дэлгүүрээс хятад хүмүүс дор хаяж 1000 еврогийн (1,383 ам.доллар) үнэтэй бараа авсан тохиолдолд л 20 хувийн хөнгөлөлтийн ваучер авдаг нь шударга бус хэмээн Хятадын цахим сүлжээнд бичсэн постыг дэлгүүрийн нэгэн ажилтан олж харсан байна. “World Duty Free” сүлжээ дэлгүүр бусад үйлчлүүлэгчдэд дор хаяж 79 еврогийн үнэтэй бараа худалдан авсан тохиолдолд 20 хувийн хөнгөлөлтийн ваучер олгодог ажээ.
Хятадын цахим сүлжээнд тавигдсан дээрх постыг дэлгүүрийн ажилтан олж үзсэний дараа компани мэдэгдэл гаргажээ. Дэлхийн 20 гаруй оронд 500 гаруй салбар дэлгүүртэй “World Duty Free” мэдэгдэлдээ “Бид хөнгөлөлтийн хөтөлбөртэй холбоотой энэ шударга бус хандлагыг шалгаж, алдаагаа засах арга хэмжээг даруй авах болно. Олон улсын томоохон компанийн хувьд бид бүх үйлчлүүлэгчдэдээ шударга, тэгш харилцах үүрэгтэй” гэжээ.
Хятадын цахим сүлжээнд бичсэн дээрх постод 14,800 хүн сэтгэгдэл бичиж, 65,300 хүн “лайк” дарсан байжээ. Азийн орнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын баяраар хятад жуулчдын хамгийн их худалдаа хийдэг орнуудын тоонд Тайланд, Япон, Сингапур ордог.
Эх сурвалж: South China Morning Post