Израилийн цагдаагийн газар тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг авлигын хэргээр шалгаж байна. Цагдаагийн газраас Биньямин Нетаньяху авлига, залилангийн хэрэг үйлдсэнийг нотлох хангалттай баримт бий хэмээн мэдэгджээ.
Энэ мэдэгдлийн дараа Биньямин Нетаньяху телевизээр хэлсэн үгэндээ “Ямар ч үндэслэлгүй гүтгэлэг, цагдаа нар юу ч олж долоохгүй. Би цаашид Ерөнхий сайд хэвээр байх болно” гэжээ.
Биньямин Нетаньяхуг Израилийн өдөр тутмын “Иедиот Ахронот” сонины эрхлэгчид өрсөлдөгч хэвлэлүүдийг замаасаа зайлуулахад тусалсных нь хариуд тус сонинд өөрийгөө магтуулсан нийтлэл бичүүлсэн гэж сэжиглэж байгаа юм.
Израилийн цагдаагийн газар “Иедиот Ахронот” сонины эрхлэгчийг ч мөн авлигын хэргээр шалгаж буй ажээ.
Биньямин Нетаньяхуг сэжиглэж буй бас нэг хэрэг нь түүнийг 2009 онд Ерөнхий сайд болсон цагаасаа хойш Холливудын продюсер, тэрбумтан Арнон Милчен болон өөрийг нь дэмжигч бусад нөлөө бүхий эрхмүүдээс олон сая шекелийн (283,000 ам.доллар) үнэ бүхий бэлэг сэлт авсан тухай юм.
“Иерусалим пост” сонинд Биньямин Нетаньяхугийн авсан бэлэг дунд маш үнэтэй оргилуун дарс, навчин тамхи байсан тухай бичжээ. Израилийн Ерөнхий сайд Холливудын продюсер Милченд зориулж, хилийн чанадаас буцаж ирсэн иргэдийг 10 жил татвараас хөнгөлөх тухай хуулийн төсөл санаачилсан. Гэвч Израилийн сангийн сайд энэ хуулийн төсөлд хориг тавьсан билээ.
Эх сурвалж: BBC