Италийн анхны алтан медалийн эзэн А.Фонтана

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Италийн анхны алтан медалийн эзэн А.Фонтана

Италийн анхны алтан медалийн эзэн А.Фонтана

‘Пёнчан-2018’ өвлийн олимпийн наадын медальтнууд тодорсоор байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр болсон тэмцээний мэдээллээс хүргэе. 

Шорт-трейкийн эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаан дуулиан шуугианаар дүүрэн болж медалийн эзэд тодорлоо. Эхлээд урьдчилсан шатны уралдаанд зохион байгуулагч орны тамирчин Чой Мин-Жён болон Их Британий Э.Кристи тус бүртээ олимпийн рекордыг шинэчилсэн. Ингээд шигшээ уралдаанд таамаг ёсоор Чой Мин-Жён, А.Фонтана болон Э.Кристи нарын шилдгүүд бүхий таван тамирчин шалгарсан. Ингээд шигшээ уралдаан явагдахад Италийн тамирчин А.Фонтана 42.569 сек-н амжилтаар аваргын алтан медаль хүртсэн. Шорт-трейкийн эмэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд Ванкуверын олимпийн хүрэл, Сочигийн олимпийн мөнгөн медаль хүртээд байсан Итали тамирчин алтан медаль авна гэж бодсон хүн цөөхөн байсан болов уу? Учир нь шорт-трекийн төрөлд Хятад болон БНСУ-ын тамирчид илүү өндөр амжилт үзүүлдэг бөгөөд өмнө нь Европ тивээс ганцхан Болгарын Е.Раданова 2002, 2006 оны олимпийн наадмуудад мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

Шорт-трейкийн эмэгтэй 500 метрийн уралдааны медалийн эзэд

  1. А.Фонтана (Итали) – 42.569 сек
  2. Я.ван Керкхоф (Нидерланд) – 43.256 сек
  3. К.Боутин (Канад) – 43.881 сек

Ийнхүү Итали тамирчин А.Фонтана шорт-трейкийн төрлөөр Европ тивийн анхны алтан медалийг хүртснээс гадна Пёнчан-2018 олимпийн наадмаас Итали эх орондоо анхны алтан медалийг нь авчирсан. Тэгвэл урьдчилсан шатны уралдаануудад амжилттай уралдан олимпийн рекордыг шинэчилж байсан Их Британий Э.Кристи замаа дуусгаж чадаагүй бол дэд байранд орсон Чой Мин-жёныг уралдааны явцад алдаа гаргасан гэж үзэн тэмцээнээс хассан. Ингээд тэмцээний гол фаворитоор нэрлэгдэж байсан зохион байгуулагч орны тамирчин Чой Мин-жён медальгүй үлдлээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж