-Ким Хлоя АНУ-ын түүхэнд олимпийн аварга болсон хамгийн залуу сноубордчин эмэгтэй-
‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн Сноубордын Хафпайп төрөл болж, медальтнууд тодорлоо.
Экстрим спортын өвлийн X-Games тэмцээний дөрвөн удаагийн аварга 2016 оны Лиллехаммерийн хүүхдийн олимпийн Сноубордын Хафпайп, Слоупстайл төрөлд алтан медаль хүртэн спорт сонирхогчдын анхаарлын төвд орсон Солонгос гаралтай Нэгдсэн улсын тамирчин Ким Хлоя эмэгтэйчүүдийн Сноубордын Хафпайп төрөлд үзүүлбэрээ гайхалтай толилуулан илт тасархай байж 17-хон насандаа олимпийн аварга гэж дуудуулахаар болсон байна. Тэрээр урьдчилсан шатанд 93.75 оноог шүүгчдээс аван, финалын шатанд 98.25 оноотой Пёнчанд түрүүлэн нэгдсэн улсын түүхэнд хамгийн залуудаа олимпийн аварга болсон эмэгтэй Сноубордчин боллоо.
Ким Хлоя-н хувьд нэгдсэн улсын тамирчдаас өвлийн олимпод хамгийн залуудаа түрүүлсэн жагсаалтанд хоёрт бичигдэхээр болж, түүний өмнө 1998 оны Наганогийн олимпийн уран гулгалтын төрөлд 15 нас 255 хоногтойдоо түрүүлснээр Тара Липниски байдаг юм байна.
Тэгвэл 2017 оны азийн өвлийн наадмын аварга, 2009 оны дэлхийн аварга БНХАУ-ын Сноубордчин Лю Жяюй хоёр дахь оролдлогоороо 89.75 оноо авснаар мөнгөн медаль дээр буусан бол 2013 оны дэлхийн аварга АНУ-н тамирчин Ариэль Голд 85.75 оноогоор хүрэл медалийн болзол хангаж шагналын тавцанд гарахаар болжээ.
Ю.ЧИНБАЯР