“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Тавин нэгдүгээр бүлэг
ШЮЭ ОХИН ЭРТНИЙГ МӨРӨӨДСӨН ШИНЭ ШҮЛЭГ ЗОХИОЖ,
БАЛМАД ЭМЧ ХАТУУ ЭМИЙГ ДУР МЭДЭН ХЭРЭГЛЭВ
Бао Чинь, нэгэн мужийн эртний дурсгалт зүйлээр сэдэвлэн арван бадаг, хуучныг мөрөөдсөн шүлэг бичиж түүн дотроо арван зүйлийн юмыг оньсогочлов гэж сонсоод цаадуул нь“Сонин гайхалтай юм” гээд булаалдан уншив.
Чи Би-д Эртнийг мөрөөдсөн минь
Хөхөмдөг Ой Би-д тунаж живээд, мөрний усыг хашиж
Хоосон онгоцонд түмэн нэр харин талаар хоцорчээ
Хашгиралдах дуунд гал дүрэлзэн гунигт салхи сэнгэнэж
Хичнээн олон баатар сүнс түүний дотор яраглана
Жяо жи-д эртнийг мөрөөдсөн минь
Хүрэл хөшөөт Цэн хотод хууль цаазыг тунхагласан
Хязгаар нутаг Цияны газар эрхэм алдар дуурсчээ
Ханагар Ма Юаний гавъяа зүтгэлийг хэн эс мэднэ
Хоосон бишгүүртэн Зи Фан хэмээх нь харин талаар болой.
Жун Шаньд эртнийг мөрөөдсөн минь
Эрхэм алдар, их пүнлүү угаас чамд ерөөлгүй бөгөөтөл
Эзний хишиг балайран хүлээж орчлонгийн тоосонд оржээ
Ээдрээн, зуураанд чирэгдэн энэ биеэ барсан тул
Эгэл бусдыг хошигнов гэж дэмий битгий гомдогтун
Хуай Иньд эртнийг мөрөөдсөн минь
Авхаалжтай баатар гэвэл зальхай хорлолыг сэргийлэлтэй
Эртний Чи Ванг шүүмжлэхэд нэг насыг нь үзэлтэй
Элдвээр хөнгөвчлөхөө байтугай гэж орчлонгийнхныг ятгасугай
Аяга будааны ачийг тэрбээр үхтэлээ мартсангүй.
Гуан Линд эртнийг мөрөөдсөн минь
Жиргээ жиргэн шувуу донгодох нь хором зуур өнгөрөн
Сүйн хашлагын өнгө үзэмж эдүгээ харин хэрхэв?
Завхай алдар, танхай нэрийг бие мэдэн үүрсэн тул
Зүйл бүрээр шүүмжлэн хэлэлцэх нь зөндөө олон болжээ.
Тао Едүд эртнийг мөрөөдсөн минь
Тунамал нуурын тунгалаг усанд хохирсон салаа сарвалзан
Тоорын салаа, тоорын цэцэг тус тусдаа салалцав
Зургаан төрийн асар тагт даанч олон ажээ
Жаал хөрөг өлгөгдөн хоцорч шүлгийн сэдэв болжээ
Хөх онгоцонд эртнийг мөрөөдсөн минь
Нэлэнхүй их Хэй Шүй нуур нэгэн хэвээр тунараад
Няслан чавхдах аялгуунд уярлын эгшиг дүүрчээ
Хань улсын хууль дүрэм харин ч маш их инээдтэй
Хожмын хүмүүсийн гутамшиг болон түмэн үе улирчээ
Ма Вэйд эртнийг мөрөөдсөн минь
Уйтгарт энгэсэг ба хөлсний мөр бас үзэгдэж
Уян зөөлөн сэтгэл нь усны хөөс болжээ
Уран гайхамшиг ор мөр нь эдүгээ бас үлдэж
Ууж дотуур сэнгэнэж үнэр бас анхилуулсаар
Пү Дунсы сүмд эртнийг мөрөөдсөн минь
Өчүүхэн шивэгчин Хүэн Ниян эгэл доорд боловч
Ятга, хуурыг холбосон уран арга нь гайхамшиг
Энэ бие нь тамлагдан хилс зовлонг амссан ч
Эвлүүлж нийлүүлсэн уран хажин нэгэнт хамт нисчээ.
Мэй Хуа дуганд эртнийг мөрөөдсөн минь
Тэргүүлэгч цэцгийн дэргэд биш боловч уд модны дэргэд
Түүний доторх хээнцэр зургийг хэн нь олох болов
Учран хамтарсан цагт Цүн Хианыг бүү санагтүн
Урьхан салхинд хагацан салаад бас нэгэн жил
Энэ шүлгүүдийг анхааран сонсоцгоогоод магтан сайшаав. Бао Чай бусдаас түрүүнд дуугарч “Эхний найман бадаг нь түүх шаштираас эхтэй, сүүлийн хоёр бадаг нь баримттай биш юм. Би бас төдий л мэдэх ч үгүй. Өөр хоёр бадаг зохиочих” гэсэнд Дай Юй: “Энэ Бао эгч мужууд зан гаргаж байна. Дэмий ааш. Энэ хоёр бадаг хэдийгээр түүх шаштиртай холбоогүй ч гэсэн, бид тэрний нарийн учрыг мэдэхгүй боловч бид түүнтэй холбоотой шийг үзсэн шүү дээ. Гурван настай хүүхэд хүртэл мэддэг юмыг бид яагаад мэдэхгүй гэх вэ” гэсэнд Тань Чүнь: “Үнэхээр тийм юмаа” гэв. Ли Шэнь:
-Энэ уг нь түүгээр явж байсан юм байна. Тэр хоёр явдал хэдийгээр тодорхойгүй боловч эртнээс нааш худал хуурмаг нь уламжлагдаад, илүү хэрэг сэдэгчид нь зориуд эртний үлдэгдэл гэж хүмүүсийг мэхэлдэг байжээ. Жишээлбэл, тэр жил нийслэлд ирэх үед, мөн тэр Гуань Фүзийн булш гэрч баримттай боловч хэдийдээ ийм олон болсон юм бүү мэд. Хожмын хүмүүс түүний амьд явсан үеийг нь бишрэн хүндэлж байсан болохоор түүнээс зохиож гаргасан ч бий байлгүй. “ГуаньФүзы” бичигт үзвэл, Гуань Фүзийн булш байтугай бусад алдарт хүмүүсийн булш цөөн биш. Иш баримтгүй, эртний юм олон. Энэ хоёр бадаг шүлэг хэдийгээр иш баримтгүй ч гэлээ гэсэн, алив үлгэр, ший жүжиг, шодох савханд хүртэл бий. Настай, нялх янз бүрийн хүний амны зугаа болж яригддаг, хүмүүс мэддэг зүйл дээ. Цаашилбал “Ши Шян Жи”, “Му Дань Тингийн дууллын “аясыг үзвэл, гажид ном уншчихаж гэж айх хэрэггүй. Энэ мэт хамаагүй шүлэг байж л байг гэв.
Тэд ийнхүү хариу таавар гаргах гэж ядаж байтал өвлийн богино өдөр дуусаад оройн хоолны цаг болчихов. Энэ үед хүн ирж Ван Фүрэньд: “Ши Рэний ах Хуа Зы фан ирлээ” гэж мэдүүлэв. Тэрбээр, эхийн өвчин хүндрээд охинтойгоо уулзахыг хүсэж байна. Өршөөлдөө багтааж Ши Рэнийг гэрт нь хариулахыг гуйя гэв. Ван Фүрэнь: “Эх охин хоёр уулзахыг зөвшөөрөхгүй ёс хаа байх вэ” гээд Фөн Жед: “Зохисыг үзэн явуулсугай” гэж захив. Цаадах нь Жөү Рүйн эхнэрийг явуулж, Ши Рэньд учрыг хэлүүлэв. Мөнөөх эхнэрт, дагаж явах барияадын нэгэнд нь хэл. Бас хоёр охиныг Ши Рэнийг дагуулж явуул. Нас ахисан дөрвөн хүн тэрэг дагана. Их тэргэнд та нар, бага тэргэнд охидыг суулга гэсэнд Жөү Рүйн эхнэр хүлээн аваад явахыг завдтал Фөн Же: “Цаад Ши Рэнь чинь учир мэдэх хүн. Өнгөлөг сайхан хувцас өмс. Хувцсуудаа авч яв. Сайн буудал сонгож ор. Явахдаа надтай уулз гэж намайг хэлсэн гэж хэлээрэй” хэмээн захив.
Нилээд удсаны дараа Ши Рэнь сайн хувцас өмсөөд хоёр бяцхан охин хийгээд Жөү Рүйн эхнэрийг дагуулан баглаа боодолтой юм бариад Фөн Жэгийнд хүрч ирэв. Фөн Же шууд л хувцсыг харвал, цаадах нь улаан торгон гадартай хэрмэн зувцаа өмсөж, алтан утас даруулсан хатгамалтай ногоон хөвөн хормойвч бүслээд, гадуураа хэрмэн хүрэм давхарлажээ. Толгойдоо алт, сувдтай хатгуур зуужээ. Фөн Же инээж: “Хүрэм чинь жаахан цулгайдсан байна. Одоо бол хүйтэн цаг учир зузаан үстэй юм өмс” гэж хэлсэнд Ши Рэнь:
-Тайтай энэ хэрмэн хүрмийг өмс гэсэн юмаа гэсэнд Фөн Же инээж:
-Надад нэг зах зузаан үстэй дээл байгаа. Би муудсан хажлагыг нь сольё гэж байсан юм. Урьдаар чи өмсөж яваад ир гэв. Бүгдээр Фөн Жег бусдын төлөө анхаарч тусалдгийг магтав. Тэгтэл Фөн Же:
-Энэ мэтийг хариуцаж хамаарахгүй бол юу болох вэ. Энэ олныг хүн дүрстэй явуулахын тулд анхаарч миний нэр олох ч яамай. Би заримдаа хохирох нь ч бий. Тэр хамаагүй. Энэ хүмүүс чинь, аргал хоргол шиг явж байвал юуны урьд намайг л, гэрийн хэрэг мэдсэнээс хойш цөмийг гуйранч болгочихлоо гээд л шоолно гэсэнд цаадуул нь “Нээрэн тийм дээ” гээд санаа алдаж: “Найнайгаас өөр ийм мэргэн гэгээн хүн хэн байна. Дээшээ тайтайг бодно, доош боол зарц нарыг хайрлана. Ийм хүн байхгүй” гэцгээв. Ийн ярилцаж байтал Фөн Же, биндэрьяа хөх торгон гадартай туулайн хүрэм аваад ир гэж Пин Эрд хэлж авчруулаад Ши Рэньд өгөв. Бас оготор нэхий дээл тэргүүтнийг боосон баадантай юм, нэг зах цасны нөмрөг, хар минжин нөмрөг, хуучивтар улаан ноорс торгон нөмрөг аваад ирэв. Ши Рэнь хараад: “Найнай энэ юмсын чинь, нэг зах нь л миний хэрээс хэтэрч байна” гэсэнд Пин Эр инээж: “Энэ хар минжинг чи ав. Харин энэ нөмрөгийг би, гарт таарахаар нь аваад ирсэн юм. Үүнийг Шин авхайд өгчилгөж байгаа юм. Цаадах чинь, өчигдөр, наадуул нь хар минжин юмуу ноорсон нөмрөгтэй байхад ганцаараа хуучин хувцастай агчийж бөгцийгээд өрөвдмөөр явсан юм, хөөрхий. Үүнийг түүнд өгчихөөрэй” гэв. Фөн Же инээж:
-Миний юмыг хүнд өгч байгааг нь харав уу та нар. Миний ганцаараа сүйтгэх багадаад, энэ маань бас бүрэлгэнэ гээч гэсэнд хөхрөлдөв. Тэгээд “Энэ чинь ер нь найнай, тайтайг хүндэлж олныг хайрладгаас л болж байгаа юм. Найнаа хэвцэг нарийн зан гаргаад л, хамж хураагаад л, доод улсаа хардаггүй байсан бол энэ охин яаж ийнхүү аашилж чадах вэ” гэцгээв. Фөн Же инээж:
-Тийнхүү намайг мэдэгчид гэвэл тэр бас гурван хувь мэднээ гэснээ Ши Рэньд: “Ээж нь сайн болбол бас яамай, болохгүй болбол тэндээ үлдээд хүнээр хэлүүлээрэй. Би чамд ор дэвсгэр явуулна. Хэрхсэн ч гэсэн, тэдний ор дэвсгэр, сам шүүрийг хэрэглэж болохгүй” гэснээ, Жөү Рүйн эхнэрт, та нар эндэхийн ёс дүрмийг мэдэх тул би юү хэлэх вэ гэсэнд цаадах нь:
-Би мэднээ, тэнд очсон хойноо тэднийг цөмийг нь зайлуулна. Хэрэв хоноход хүрвэл хоёр тасалгаа байр гаргаж авна гэсээр Ши Рэнийг даган гарч бяцхан боолоор бүрхүүл зул бэлтгүүлэн тэргэнд сууж, Хуа Зы Фэнгийн гэрийн зүг хөдөлснийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Фөн Жэ хүрээлэнгээс хоёр хөгшин мөөмөөг дуудан ирүүлж: “Ши Рэнь мөд ирэхгүй ч байж магадгүй. Охидын дотроос аль ухаан мэдэлтэйг нь сонгож аваад Бао Юйн дэргэд манаанд суулга. Та нар бас давхар харгалзах хэрэгтэй. Бао Юйг дураар нь аашлуулж болохгүй” гэсэнд, хоёр эмгэн яаран явав. Тэд хүрээлэнд оччихоод төдөлгүй буцан ирж “Чин Вэнь, Шө Юйэ хоёрыг тэнд суулгав. Бид дөрвүүл ээлжлэн сууна” гэсэнд Фөн Же зөвшөөрөөд “Түүнийг эртхэн унтуулж, эртхэн босгож бай” гэв. Түүний үүрэг даалгаврыг авсан эмгэд яаран буцав.
Жөү Рүйн эхнэр буцан ирж: “Ши Рэний эх өнгөрсөн тул ирж чадахгүй боллоо” гэж Фөн Жэд хэлэв. Дараа нь Ван Фүрэньд сонсгов. Тэгээд Ши Рэний хөнжил гудас, заслын хайрцаг мэтийг хүрээлэнгээс авчруулав. Бао Юй ч, Чинь Вэнь, Шө Юэ хоёрын харгалзаанд оров. Чин Вэнь, галын хувингийн бүрхүүл дээр завилан суухад Шө Юэ инээж:
-Өнөөдөр чи битгий авхай мэт аашил. Би чамайг баахан хөдөлж бай гэж хэлдэг шүү гэсэнд цаадах нь:
-Та нарыг цөм явсан хойно би хөдлөхөд оройтохгүй. Та нар нэг өдөр энд байвал би нэг өдөр жаргана гэв. Шө Юэ инээж: “За эгч минь, би дэвсгэр дэлгэе. Чи өндрөөрөө тэр толины бүрхүүлийг буулгаж, товчлуурыг нь товчил” гэсээр явж Бао Юйн дэвсгэрийг дэлгэв. Чинь Вэнь, “Энд ирээд жаал сууж дулаацаж байхад ирээд түйвээчих юм даа” гэв.
Энэ хэр Бао Юй, Ши Рэний ээж яаж байгаа бол гэж шаналж байсан тул гэнэтхэн Чин Вэний ийн өгүүлэхийг сонсоод, өөрөө толины бүрхүүлийг буулган, товчлуурыг товчлоод “Та нар наанаа дулаацацгаа. Би эднүүсийг чинь хийчихлээ” гэв. Чин Вэнь инээж: -олигтой дулаацаж чадахгүй. Халуун саваа ч авчираагүй байна гэв. Шө Юэ: “Чи тулдаа л хэлэх үгээ олж байна. Тэр ерөөсөө халуун сав хэрэглэдэггүй юм шүү. Бидний тэр галын хувингийн бүрхүүл бас дув дулаан тул өнөөдөр хэрэглэхгүй байж болно. Манай тэр хүйтэн ханзтай адилгүй” гэв. Бао Юй инээж:
-Та хоёр тэндээ унтвал, миний энэ үүдний өрөө хүнгүй болохоор би айгаад нойр хүрдэггүй юмаа гэсэнд Чинь Вэнь, би энд унтана. Шө Юэг үүднийхээ өрөөнд унтуул гээд цаг харвал унтах цаг болсон тул Шө Юэ орхиул хөшгийг буулгаж зул шилжүүлэн хүж шатааж Бао Юйг хэвтүүлэв. Чин Вэнь галын хувингийн бүрхүүл дээр, Шө Юэ дулаан ташаалавчийн гадна хэвтэн унтацгаав.
Шөнө дундын алдад Бао Юй, Шэ Рэнийг дуудсанд чимээ өгөхгүй болохоор нь сэрээд харвал шивэгчнээ байхгүйг хараад гэнэт юманд явсныг нь санаад инээд нь хүрэв. Энэ үед Чин Вэнь сэрээд Шө Юэг дуудаж: “Энд байгаа би сэрээд байхад дэргэд нь байгаа чи сэрдэггүй нь юү билээ. Чи ер нь үхсэн мах юмаа” гэсэнд цаадах нь хөрвөн эвшээж: “Ши Рэнийг дуудах нь, над ямар хамаатай юм бэ” гээд Бао Юйгээс яах гэсэн юм бэ гэсэнд цаадах нь: “Цай уух гэсэн юм” гэв. Шө Юэ яаран улаан дурдан оготор цамцтайгаа боссонд Бао Юй: “Миний тэр нэхий хүрмийг нөмрөөд яв. Салхи авчихав” гэж хэлэв. Шө Юэ ч түүний нөмөрт байсан битүү энгэртэй, булган хүрмийг нөмрөөд явахдаа, гадарт гараа угаагаад, зайлуур савтай бүлээн ус авчирч Бао Юйн амыг зайлуулаад, цайны суулганы дэргэдээс цом авч бүлээн усаар зайлаад халуун хувингаас дундуур аяга цай авч Бао Юйд өгөв. Өөрөө бас амаа зайлаад цай оочсонд Чин Вэнь: “Сайн дүү минь, над бас нэг ам хүртээнүү” гэсэнд цаадах нь: “Тэгж ч долигонохгүй” гэв. Чи Вэнь: “Маргааш би чамд зарагдаж амар унтуулна, болох уу” гэсэнд Шө Юэ амыг нь зайлуулаад аяга цай хийж өгөв. Тэгээд: “Та хоёр унталгүй ярьж суу. Би гадуур гараад ирье” гэсэнд Чинь Вэнь инээж: “Гадаа чамайг чөтгөр хүлээж байгаа юм уу” гэсэнд Бао Юй: “Гадаа гэгээн сар гийжээ. Бид хоёр ярьж байя. Чи зүгээр яв” гэв. Шэ Юэ, хойт хаалгыг нээж, эсгий үүдийг сөхөн харвал сар үнэхээр тув тунгалаг гэрэлтэж байлаа. Чин Вэнь, түүнийг айлгаж тоглоё гээд жавар үлээхийг ч тоолгүй, дотуур хүрмээ нөмрөөд араас нь гарч сэмхэн сэмхэн алхав. Бао Юй: “Хэрэггүй ээ, даарвал тоглоом биш” гэснийг ч бас хайхарсангүй. Чин Вэнь гараа сэгсэрсээр хаалгаар гартал сарны туяа тунгалаг усан мэт санагдана. Хэдхэн алхтал яс нэвтлэм хүйтэн салхи үлээнэ. Хуйхны нь үсийг бостол хайрч эхэлнэ. Тэгэхэд нь тэрбээр: “Хүний халуун бие хүйтэн салхинд эмзэг гэдэг үнэн юмаа” гэж бодовч ямар ч гэсэн түүнийг цочооно доо гээд явдлаа түргэсгэтэл Бао Юй араас нь: “Хөөе наанаас чинь хүн очлоо” гэж хашгирсанд Чин Вэнь эргээд гүйв. Орж ирүүтээ: “За юу гэж л түүнийг айлгаж үхүүлэх вэ дээ. Юунд тэднийг энхрийлж, эмгэд настнууд шиг аашилж байдаг юм” гэв. Бао Юй түүнийг айж үхнэ гэж айгаагүй юмаа. Чамайг даарч хөрөх вэ гэж бодсон юм. Чамаас цочоод цаадах чинь бархирахыг хүн сонсвол, биднийг тоглож байна гэж бодохгүй. Харин: “Ши Рэнь яваад нэг шөнө болоогүй байхад дэг алдлаа л гэнэ шүү. Алив чи ирээд миний хөнжлийг хуниад хучаад аль” гэсэнд Чинь Вэнь очоод ивж өгөөд гараа хөнжилд нь шургуулан дулаацуулав. Бао Юй хөхөрч “Ямар хүйтэн юм бэ. Би чамайг даарна гэж хэлээгүй юү” гээд харахад Чин Вэний хоёр хацар энгэсэг түрхсэн юм шиг улаан болсныг нь гараар илбэж үзвэл мөс мэт хүйтэн байв. Бао Юй: “Хурдан хөнжилд орж дулаац” гэв. Яг энэ үед үүд түрхийн дуугарч Шө Юэ инээсээр орж ирээд:
-Би үнэхээр их айлаа. Уулын арын сүүдэрт нэг хүн оцойн сууж байна. Би яг л бархирах гэтэл нисээд гэрэлтэй газар очоод буулаа. Харсан чинь харин нэг хяруул байдаг байгаа. Санаандгүй бархирсан бол хамаг амьтныг үймүүлэх байсан шүү гээд хөхрөн гараа угаах зуураа: “Чин Вэнь очлоо шүү” гэснийг сонссон мөртөө үзээгүй. Намайг айлгах гэсэн л байх даа гэв. Бао Юй инээж: “Тэр чинь энэ биш юмуу, энд дулаацаж байна. Би хожидсон ч гэсэн хашгираагүй бол чи үхтэлээ айх байсан даа” гэв. Чин Вэнь инээж:
-Миний айлгах гэснийх юу байх вэ. Энэ өлөгчин, өөрөөсөө айж цочоод гүйсэн юм байна шүү дээ гээд ор руугаа явав. Шө Юэ: “Чи энэ өмссөн нимгэн хувцастайгаа гарсан юм уу” гэсэнд Бао Юй: “Яг л энэ чигээрээ гарсан” гэв. Шө Юэ “Энэ зовж үхнээ. Худлаа гэвэл чи гараад үзэл дээ. Дэлбэ хөлдөхгүй байгаарай” гэсээр хувингийн дээрх гуулин тагийг сөхөж, галын цогийг хөрсөн үнсээр баахан дараад хоёр чимх арц тавиад бүтээж, ташаалавчийн ард очиж, зулын бадмыг унагаад орондоо оров.
Энэ үед Чин Вэнь дулаацсан юм уу хэдэнтээ найтаав. Бао Юй шүүрс алдан: “За ямар байна вэ. Хямарсан биз” гэсэнд Шө Юэ: “Энүүний бие эртийдээс хойш нэг л тавгүй байгаа юм. Заримдаа, аяга хоол ч барахгүй, тэгсэн хэр нь биеэ арчлахгүй, тэгсэн мөртөө зүгээр байхгүй, бусдаар оролдоно. Маргааш өвдвөл хохь л болно шүү дээ” гэсэнд Бао Юй: “Халуураагүй биз” гэж асуусанд Чин Вань: “Хамаагүй ээ, юун ч эрх танхи юм билээ” гэв.
Ийн ярилцаж байтал үүдний өрөөний цаг “Дан, дан” гэж хоёронтаа дуугарсанд өрөөний үүдний манаа хөгшин мөөмөө хоолойгоо засаад “Охид одоо унтвал таарна. Наад юмаа маргааш ярилцаж наадтугай” гэв. Бао Юй сэмхэн инээж: “Цаадуул чинь яншаад эхэллээ. Одоо чимээгүй болъё” гэсэнд, цөм унтав.
Маргааш өглөө нь болоход Чин Вэний хамар битүүрээд босох дургүй болжээ. Бао Юй: “За тэр, битгий цуу чимээ гаргаад бай. Тайтай мэдвэл, чамайг гэрт чинь аваачиж эмнэнэ шүү. Танай гэр эндэхээс хүйтэн. Чи дотор өрөөнд орж хэвт. Би эмч залуулж, хойт хаалгаар сэм ирүүлж үзүүлье” гэсэнд Чин Вэнь: “Чи Да найнайд хэлсэн дээрээ. Тэгэлгүй эмч ирүүлэхээр яриа гарна” гэв. Бао Юй нэг мөөмөөг дуудаад: “Ши Рэнь харихаар явсан учир Чин Вэнь манайд байгаа юм. Тэр ханиад хүрсэн бололтой. Түүнийг хариулбал энд хүн дутна. Эмч залж, хойт хаалгаар сэм авчраад энүүнийг үзүүл. Тайтайд хэлж хэрэггүй. Харин да Найнайд хэлж болно” гэж захив. Эмгэн яваад удаж удаж буцаж ирээд: “Да найнай хэдэн тун эм уугаад сайн болохгүй бол гадагш аваачиж сувилсан дээр гэж байна. Өнөөдөр цаг агаар муу байна. Өөр хүнд халдварлах нь бага хэрэг. Охидын бие чухал гэлээ” гэсэнд, дулаан өрөөнд хэвтээд үе үе ханиалгаж байсан Чин Вань уурлаж:
-Намайг халуун хижиг дайрсан биш. Хүнд халдаахаас айхдаа тэгж байгаа юм. Намайг эндээс зайлсан хойно, та нарын энэ насандаа ханиад дагшуур хүрэхгүй явахыг чинь үзэх юмсан гээд босох гэсэнд Бао Юй хориглож: “Битгий уурла. Энэ түүний хариуцлагын юм болох учраас тайтай мэдвэл, түүнийг буруушаахаас айж байгаа юм. Зүгээр л хэлсэн үг төдий гэж бодчих. Чи ер нь амархан уурладаг хүн. Энүүхэн хооронд л элэгний чинь гал бадраатахав уу даа” гэж тайвшруулав.
Энэ үед “Эмч ирлээ” гэв. Бао Юй босоод бичгийн тавиурын араар орж нуугдсанд, хойт хаалганы хоёр эмгэн, эмч дагуулан орж ирэв. Эндэх охид шивэгчид гарав. Эмгэд, дулаан өрөөний хатгамалт улаан хөшгийг буулгатал Чин Вэнь хөшигний цаанаас гараа гаргавал хоёр гурван ямх урт, будагтай хумстай ажээ. Эмчийг эргэж хартал, эмгэн ухасхийж, алчуураар гарыг бүтээтэл эмч судас барив. Баахан удаан судас дараад эмч үүдний өрөөнд ороод эмгэдэд: “Энэ авхайн өвчин бол гаднаас даарахын хамтад дотор идээ хурснаас болжээ. Ойрын өдөр тэнгэр муу тул цас шамаргатай байна. Золоор энэ авхайн идээ ундаа тэнцүүртэй, хүйтэн сэрүүн ч төдий их биш. Гэвч хий цус дорой тул гэнэт олсон төдий болой. Хэдэн эм уувал аяндаа зүгээр болно” гээд эмгэдийг дагаж гарав.
Энэ зуур Ли Шэнь хэдийн хүн явуулж, хойт үүдний хүмүүс, эндэхийн охид шивэгчдийг холдуулсан тул тэр эмч, энэ хүрээлэнгийн үзэмжийг харснаас бус нэг ч эмэгтэй хүн олж үзсэнгүй. Эмч, хүрээлэнгээс гараад үүд сахигчийн жасааны гэрт орж суугаад жор бичив. Хөгшин мөөмөө “Лао е түр хүлгэлзэж байна уу. Манай жаахан агь яршигтай хүн учраас, танаас асуух үг байж магадгүй” гэсэнд эмч гайхширан “Саяын үзсэн хүн маань, авхай биш агь байсан юм уу. Тэр чинь, ёстой авхайн л гэр байсан шүү дээ. Хөшиг татаж үзүүлсэн атлаа юунд агь гээд байгаа юм бэ” гэж асуув. Мөөмөө инээж: “Лао е минь ээ, бяцхан зарц “Өнөөдөр шинэ эмч залж ирлээ” гэсэн юмаа. Манай энэ айлын явдлыг та үнэхээр мэдэхгүй э. Тэр гэр бол манай агийн гэр. Тэр хүн бол түүний шивэгчин нь. Харин ч том шивэгчин юм. Та нэг авхайн үйл оёдлын гэр гэж бодсон уу. Хэрэв авхай өвдсөн бол тийм амархан орж чадах уу” гэсээр жорыг аваад явав. Бао Юй жорыг үзвэл, бор магаж, хурдан цагаан, сөгөөргөнө, жүрэнба зэрэг байх бөгөөд хойно нь бас яслаг жүрж, зээргэнэ зэргийг нэмжээ. Тэрбээр үзээд “Үхэж баймаар чинь, охидыг бас бидэнтэй адилхан эмнэх нь. Ямар нэг архаг өвчин байгаа биш. Энэ яслаг жүрж, зээргэнэ мэтийг хэрэглэж яана вэ. Энүүнийг хэн залж ирсэн бэ. Наадахыгаа түргэн явуулаад, манайхны танил эмчийг залж ир” гэж тушаав. Хөгшин мөөмөө “Эмийн сайн мууг бид мэдэхгүй. Одоо бяцхан зарцыг гүйлгээд Ван эмчийг залахад юү байхав. Харин тэр эмчийг бол мэдээчний гэрт мэдүүлэлгүйгээр залсан тул энэ мөнгийг нь өгөх хэрэгтэй” гэж хэлэв. Бао Юй: “Түүнд хичнээн өгөх юм бэ” гэсэнд эмгэн,
-Багадвал эвгүй. Нэг лан орчим бол манайх шиг айлын ёслолд сая нийцнэ гэхэд нь Бао Юй,
-Ван эмчийг үзэхээр хэд өгөх юм бэ гэж асуув. Эмгэн инээж: “Ван, Жан хоёр эмч дандаа ирдэг боловч зоос зугаа өгдөггүй юм. Жилээр нь нийлүүлээд аваачиж өгдөг заншилтай шүү дээ. Харин энэ хүн бол анх залагдаж ирж байгаа болохоор лав нэг лан зоос өгөхгүй бол горьгүй гэв. Бао Юй, Шө Юэг “Мөнгө авчир” гэсэнд, цаадах нь: “Хуа эгч мөнгөө хаана тавьсныг мэдэхгүй” гэсэнд “Тэр бяцхан хоргоноос мөнгө авч байх юм байхчилээ. Хоёул үзэх үү” гээд Ши Рэний юм хадгалдаг хоёр тасалгаатай хоргыг нээж үзвэл, дээдэхэд нь, бийр бэх, дэвүүр хөвүүр, хүж, хавтага, тэлээ зэргийг тавьжээ. Доодоход нь, хэлхээ зоос байх тул шургуулгыг татаж үзвэл, сүлжмэл саванд хэдэн хэсэг мөнгө, данс тавьжээ. Шө Юэ нэг хэсэг мөнгө авч дэнсний пял дээр тавиад “Алин нь нэг лангийн од юм бэ” гэж асуув. Бао Юй: “Юү гэнээ, чи бас шинэ ирсэн хүн үү” гэсэнд цаадах нь: “За тэгвэл хүнээс асууя” гээд явах гэвэл “За хар яршиг, ахиухнаас нь нэгийг өгчихгүй юү. Ямар наймаа хийж байгаа биш, хэмжиж юугаа хийнэ” гэхээр нь Шө Юэ нэг хэсгийг багцаалдаж үзээд “Энэ бараг лан байх. Илүү юү гэхээс дутахгүй. Хэрэв дутуу өгвөл тэр гуйлгачин чинь шоолох байлгүй. Тэр биднийг хэмжиж чадсангүй гэхгүй, шинжгүй л гэнэдээ гэсэнд үүдэнд харж зогссон мөөмөө инээж:
-Наадах чинь таван лангийн тойгны хагас байна. Багадаа л хоёр лан гэсэн үг. Одоо цавчуургүй болохоор, өөр бага сага юм байна уу охин чи эрж үзээч гэв. Шэ Юэ, хоргыг хаагаад: “Юү гэж дахин дахин эрж байдаг юм. Энүүнийг аваад л очихгүй юү” гэсэнд Бао Юй: “Алив Бэй Минг дууд, эмч залж ирэг” гэв. Эмгэн ч өнөөх мөнгийг аваад явав.
Төдөлгүй Бэй Мин ирээд Ван эмчийг залахаар яваад удсан ч эмчийг аваад ирэв. Ван эмч Чин Вэнийг үзээд, түрүүний эмчийнхээс өөр жор бичиж өгөв. Түүнд нь яслаг жүрж, зээргэнэ мэт алга болоод дэнгүүн, цагаан цээнэ, жүржийн хальс мэт нэмэгдсэн байв. Тийм боловч хувийг нь хасжээ. Бао Юй үзээд баярлан “Энэ бол охидын уух эм мөн байна. Хэдийгээр гэмийг хөөх гэвч хэтрүүлж болохгүй. Ноднин би даарч хөрөөд, хоол унд шингээхдээ муу болсонд Ван эмч үзээд, намайг зээргэнэ, гөлтгөнө, яслаг жүрж зэргийн хатуу эмийг даахгүй гэж байсан. Чи бид гэгч цөмөөр Юнь Эрийн намар надад ирүүлсэн нялх цагаан хайтан цэцэгтэй адил юм. Миний даахгүй эмийг та нар яаж чадах юм бэ. Яг л булшин дээрх улиасны салаа намаа нь хэдий сахлаг сайхан боловч үнэндээ гол нь хөндий байдагтай адил юм” гэсэнд Шө Юэ инээж:
-Хээрийн булшин дээр улиаснаас өөр нарс майлс мэт байж болохгүй юү. Хамгийн муухай нь улиас юм. Тийм их мод, төдий их навчтай байтлаа жаахан салхи гарахад л шуугиж эхэлдэг. Чи түүнтэй үлгэрлэвэл бас ч төдийлөн бүтээлтэй юм биш байна гэв. Бао Юй,
-Нарс майлсны чадлыг сая хүйтэн цагт л мэднэ гэсэн юм шүү. Үүнээс энэ хоёрын эрхэм дээдийг мэдэж болно. Ичих нүүргүй амьтан л түүнтэй дэмий жишээлнэ гэв.
Ийн ярилцаж байтал нэг эмгэн, эм авч ирсэнд Бао Юй даруй мөнгөн хумх авчруулж гал дээр тавин чануулав. Чин Вэнь “Шууд цайны газар өгөөд тэднээр чануулчихгүй. Гэрээр л нэг эмийн үнэр болох бишүү” гэсэнд Бао Юй: “Эмийн үнэр чинь цэцгийн үнэрээс сайхан шүү. Арш бурхан эмийн ургамал түүн боловсруулж, эрхэм дээд оточ сая эм хийж өвчин анагаадаг бишүү. Энэ бол орчлон дэлхийн хамгийн нандин зүйл. Энэ гэрт юм бүхэн бүрдсэн боловч ганцхан эмийн үнэр дутагдаж байсан юм. Тэр одоо ингээд бүрдэх нь энэ дээ” гээд эмийг чануулж эхлэв. Тэгээд Шэ Юэгээр бага сага юм бэлтгүүлж нэг эмгэнийг явуулан “Ши Рэнь минь битгий их уйлаарай” гэж ятгалгын үг илгээв.
Бао Юй энэ бүхнийг амжуулаад Жя Мү, Ван Фүрэнь нарт бараалхан амрыг эрж очих далимдаа будаа идэв. Тэгж байтал Фөн Жесанал хэлж Жя Мү, Ван Фүрэнь нартай зөвлөлдөн “Одоо өдөр богино болж, тэнгэр улам хүйтэрч байгаа тул цаашдаа их бэргэн, авхай, охидын хамт хүрээлэнд хооллож байвал сайн байна. Дулаарсан хойно бол нааш цааш холхих ямар хамаа байхав” гэсэнд Ван ФүРэнь: “Болох л юм. Салхи шуурганд нааш цааш гүйх ч амаргүй. Хоол идээд даарах муу. Бас өлөн хоосон байж даараад юм идэх ч муу. Хүрээлэнгийн хойт хаалга доторх таван тасалгаатай байранд манааныхан үргэлж тасрахгүй байдаг тул нэг хоёр бүсгүй тогоочоор тусгайлан хоол хийлгэвэл болох юм. Шинэ сонин ногоо цагаа боловч хувь хэмжээтэй тул зоос болон юмсыг ерөнхий мэдэгчийн тэндээс шууд өгүүлж болно. Тэр ятуу, гургуул, зүр гур мэтийн зэрлэг адгуус жигүүртний махыг тэнд янзлуулаад авч болно гэв. Жя Мү:
-Би бас санаж байсан. Тэгтэл гал тогооны гэр нэмэгдэхээс төвөгшөөсөн юм гэсэнд Фөн Жэ:
-Төвөгшөөх хэрэггүй. Адилхан хувь хэмжээтэй юм чинь, энд нэмэхэд тэнд хасагдана. Ажил нэмэгдсэн ч яамай. Бага авхай, охид даарч хөрөхөд, бие муутай Линь авхай бүр хэцүүднэ. Бао Юй дүү ч даарна. Цаад авхай, охидууд чинь тийм ч сүрхий чийрэг чанга биш шүү гэв. Фөн Жег ярьж байхад Жя Мү юм хэлэх янзтай харагдав. Чухам юү хэлснийг мэдье хэмээвээс доорх бүлгийг үзтүгэй!
Холбоотой мэдээ