Үгийн эрэлд бэдрэхийн жаргал зовлон

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Үгийн эрэлд бэдрэхийн жаргал зовлон

Монгол хэл агуу баян гэж билгүүн номч Ринчен гуай тэргүүтүүд бахархана.
Монгол хэл даанч хомсхон үгтэй гэж доктор С.Лочин тэргүүтүүд толгой
сэгсэрнэ. Нэг хэсэг нь аль талд орохоо эс мэдэн зайнаас ажисхийнэ.
Ингэхэд эх хэл маань хэр баян бэ? Цагийн хувьсалд хэр автамхай вэ?
Орчуулга хийхэд юуг түлхүү анхаарах вэ? Энэ мэтийн асуулт бодолд
эргэлдэх нь олонтаа. Дээр нь "Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-1,2"-ыг
уншсан танихгүй танилууд маань орчуулга хийхэд хүндрэлтэй асуудлуудаар
санал солилцох сонирхол ихтэй байгаа нь анзаарагдсан тул өөрийн бодлоо
өгүүлэх минь.
Аливаа нэгэн хэлнээс нөгөө рүү орчуулга хийнэ гэдэг эн
тэргүүнд тухайн буулгаж байгаа хэлээрээ илүү сайн сэтгэнэ гэсэн үг юм
шиг байгаа юм. Монгол хэл рүү буулгалаа гэхэд энэ өгүүлбэрийг монгол хүн
ингэж хэлж, ингэж хүлээж авна даа гэдгийг хамгийн түрүүнд бодож чадвал
орчуулга сайн болно. Түүнээс биш нөгөө хэл дээрээ сэтгэх юм бол монгол
үгтэй, гадаад галбиртай эрлийз бүтээл төрнө.
Хэл болгон өөр
өөрийн гэсэн логиктой, тэр нь өөр хэлнийхтэй тохирохдоо тохирч, зөрөхдөө
зөрдөг. Энэ зөрөөг хэр сайн номхотгож чадаж буйгаар нь орчуулагчийн
чадлыг хэмжиж болно.
Зохиолч хүн сэтгэлд буусан бодлоо өөрийн
дураар найруулан буулгаж болдог бол орчуулагчид тийм эрх байхгүй. Тэд
бусдын бүтээсэн суварганы хэлбэр дүрсийг өөрчлөх эрхгүй. Чанар чансаа,
өнгө будгийг нь муутгах эрхгүй. Тухайн хэлэнд байхгүй нэр томъёо,
ойлголтыг утга оноон буулгахаас өөр аргагүй. Ийнхүү хязгаарлагдмал
орчинд өндөр хариуцлага, хүнд дарамт дор зүтгэдэг амаргүй алба бол
орчуулагчийн хөдөлмөр билээ. Үүнийг ойлгож үнэлэхээсээ муулж өөлөх нь их
байдаг болохоор чухамдаа орчуулагч гэдэг тамд өөрийгөө сайн дураар
тушаагчид байдаг. Тэдний оновчтой оноон буулгасан үг тухайн хэлийг
баяжуулан сэлбэдэг. Нутагшин өөриймшдөг. Оновчгүй нь цагийн шалгуураар
орхигдон хаягддаг. Анекдот гэдэг үгийг 1980-аад оны дундуур шог үг, шог
яриа зэргээр орчуулж байснаа сүүл хавь руу онигоо гэдэг болсныг би
тодхон санаж байна. Тэр цагийн нэртэй сэтгүүлч Тогмидын Даваадорж
онигоо гэж хэвшүүлэх нь зөв гэж үзээд 1990 онд тийм нэртэй сонин
гаргаснаар манай үгийн санд энэ үг зохих байраа нэгэнт эзэлж чадсан юм.
Риск гэдэг үгийг 1990-ээд оны тэргүүн хагасаас эрсдэл гэж оноон
орчуулсан нь тухайн үедээ жаахан хөндий сонсогддог байсан бол одоо
нэгмөсөн өөриймшжээ. Энэ мэтээр шинэ үг үүсгэх нь зүйтэй ч дэлхий
нийтээр нэг үгээр нэрлэж хэвшсэн зүйлсийг заавал орчуулах албагүй
санагддаг. Түгээмэл бөгөөд тогтвортой нэр томъёо, тухайлбал IT-гийн нэр
томъёонуудыг орчуулалгүй хэрэглэх нь аль ч утгаараа зүйтэй байх.
Мэргэжлийн нарийн нэр томъёонуудыг орчуулах гэж оролдон орчуулга биш,
тайлбар хийчихсэн байх нь олон тохиолддог. Ингэхийн оронд тэр хэвээр нь,
зарим тохиолдолд монгол дуудлагаар ашиглаж хэвших нь дээр ч юм шиг.
Ном орчуулан хэвлүүлж буй залуу орчуулагчид өөрийн хэл найруулгадаа
итгэхгүй тохиолдолд сайн редакторт хандах нь дээр. Редактор гэдэг үүний
тулд л байдаг. Тэрээр орчуулагчийг халтирахад нь түшиж, хазайхад нь
тулдаг үнэнч туслагч, замч нь. Орчуулгын ертөнцөд хол зам туулъя гэвэл
сайн редактортой хамтрах нь хамгийн зөв сонголт, холч бодлого буюу.

http://galaarid.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж