У.Галхүүгийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

У.Галхүүгийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй гэв

У.Галхүүгийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй гэв

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн У.Галхүү 2014 оны гуравдугаар сарын 30-ны өдөр тус сумын III багт барилгын ажил эрхэлж байх үедээ таван давхраас унаж, гэмтжээ.

"Тухайн үед ажлын байран дээр хоёр хүн осолдож, үйлдвэрлэлийн осол гарчихаад байхад аймгийн шүүхээс хэргийг ахуйн осол болсон гэж үзсэн. Залуу хүний эрч хүчээр ямар ч ажил гололгүй хийж ирсэн ч өнөөдөр хөдөлмөрийн чадвараа алдаж хохирлоо. Эхнэр намайг хоёр хүүхэдтэй маань үлдээгээд, хаяад явсан. Хөгжлийн бэрхшээлтэй болохоор хүнсний талонд хамруулдаггүй. Гэтэл мянгат малчин хүртэл хүнсний талонд хамрагдаад явж байх юм. Дарга нарыг ирэхээр аймгийн иргэд хатуу үг хэлж чаддаггүй. Залуучууд чинь биегүй болж дууслаа. Залуучуудаа ажлын байртай болгох тал дээр анхаараач ээ" хэмээн тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хэнтий аймагт ажиллах үеэр хэлж, өөрт тохиолдсон зүйлийг ярьсан юм.  

Үүний дараа У.Галхүүгийн асуудлыг аймгийн удирдлагууд хүнсний талонд хамруулах, биед нь тохирсон ажлын байр олж өгөх, биеийн байдлыг нь харгалзан 80 хувийн групп тогтоож өгөх зэргээр анхааралдаа авчээ . Мөн иргэний шүүхэд хандаж, нөхөн төлбөр гаргуулах, үйлдвэрийн осол гэдгийг нь тогтоолгох тал дээр хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болсон.  Үүнээс гадна, Хэнтийн цахилгаан түгээх сүлжээ салбараас У.Галхүүгийн гэрийн цахилгааны төлбөрийг 60 хувь хөнгөлөх болсноо дуулгасан юм.

Тэгвэл өчигдөр /2018.02.13/ У.Галхүүгийн гэмтсэн асуудалтай холбоотойгоор Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгийн газраас хариу тайлбар хийв. 

Тайлбар:

Дээрх хэрэгтэй холбоотой давж заалдах шатны шүүх хурал хамгийн сүүлд 2016 оны гуравдугаар сарын 10-нд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзэн, прокуророор дамжуулж, цагдаагийн байгуулагад шүүхийн захирамжийг хүргүүлсэн. Үүнээс хойш хэргийн материал шүүхэд эргэж ирээгүй.  Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй. Энэ хугацаанд хохирогч У.Галхүү эмчилгээний зардал, хохиролдоо хэрэгт холбогдогч нараас тодорхой хэмжээний нөхөн төлбөр, үл хөдлөх хөрөнгө авсан.

Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгийн газрын тайлбараар бол 2016 оны аравдугаар сарын 18-ны өдөр Прокурорын тогтоол гарчээ. Уг тогтоолд “Хэргийн холбогдогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм зөрчсөн нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх зүйлд хамрагдсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт холбогдогч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлөхөө илэрхийлсэн" гэж дурджээ. 

А.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж