С.Хүслэн: Маш олон монгол охидоос найзын хүсэлт ирсэн

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

С.Хүслэн: Маш олон монгол охидоос найзын хүсэлт ирсэн

С.Хүслэн: Маш олон монгол охидоос найзын хүсэлт ирсэн

Дархан-Уул аймагт төрж, өссөн С.Хүслэн гэх залуу АНУ-ын загварын салбарт амжилттай яваа нэгэн. Найман настайдаа АНУ-д хөл тавьсан С.Хүслэн фитнессээр тогтмол хичээллэдэг. Тийм ч болоод түүний спортлог, булчинлаг бие, гадаад төрх загварынхны анхаарлыг татаж,  хэд хэдэн сэтгүүлийн нүүрийг чимж амжжээ. Авьяаслаг загвар өмсөгч С.Хүслэнтэй онлайнаар холбогдож, ярилцлаа. 


-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Бидний хувьд таныг цахим хаяг, зургуудаар тань л таньдаг учир уншигчдад таныг танилцуулах нь зөв байх?

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг алс холоос дэвшүүлж байна. Намайг Саруултуяагийн Хүслэн гэдэг. 25 настай. Би Дарханд төрж, эмээ, ээж  дээрээ өссөн. Найман настайдаа аав, ээжийн хамтаар АНУ-ыг зорьсон юм. Америкт ирээд, дунд сургуульд суралцсан. Монголоос тэс өөр санагдаж байсан шүү. Гэхдээ АНУ-д ирээд хэлний бэрхшээл гараагүй. Хүүхэд байхдаа хөлбөмбөгчин эсвэл цагдаа болно гэж л мөрөөддөг байсан. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа фитнессээр хичээллэж, түүндээ дурлаж, амьдралынхаа нэг хэсэг болгосон гэхэд болно доо.

-Хэдэн настайгаасаа фитнессээр хичээллэх болов. Таны бие үнэхээр гайхалтай харагдаж байна?

-Багаасаа л сонирхсон. Аав минь надад их нөлөөлсөн. Миний сонирхол, спортод элэгтэй хандлагыг аав аль хэдийн анзаарчихсан байсан. Аавыг маань Ральф Родригес гэдэг. Америк гаралтай. Ер нь би багаасаа ааваасаа үлгэр дуурайл  авч өссөн. Одоо ч хэвээрээ. Миний хамгийн сайн санадаг нэг зүйл байдаг юм. Нэг  өдөр аав  надад фитнессийн төхөөрөмж, дасгалын хэрэгсэл авч өгөөд, “Миний хүү чадна, заавал булчинтай болох нь чухал биш. Эрүүл чийрэг байх нь чухал” гэж хэлж билээ. Тэр үгнээс их урам зориг авч, бага багаар хичээллэж, сонирхлоо хөгжүүлж, хобби болгосон гэх үү дээ.  Эхэндээ ч зүгээр л гоё сайхан биетэй больё гэж л бодож байсан.

-Өдөр тутамдаа  англи хэлээр ярьдаг уу. Монгол хэлээр яриагүй  хэр удаж байна?

-Ер нь төрөлх хэлээрээ яриагүй удсан байна. Хааяа л нэг ээжтэйгээ монголоор ярьдаг.

-Цаашид модель, загварын чиглэлд ажиллах уу? Одоо юу хийж байгаа вэ?

-Одоогоор АНУ-д моделиор ажиллаж байна. Хоёр жилийн өмнөөс сэтгүүлийн зураг авалтад оролцдог болсон. Түүнээс хойш жүжигчин болно гээд шийдчихсэн байгаа. Өнгөрсөн онд ACE агентлагт харьяалагдаж, жүжигчний мэргэжлээр  давхар суралцаж байна. Удахгүй киноны санал ирнэ гэдэгт найдаж байна.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цаг гарвал ихэнхдээ баримтат кино үзэж, найзуудтайгаа уулзах гэх мэтээр цагийг өнгөрөөдөг.

-Сүүлийн үед таны талаар Монголын сайтуудад  их бичих болсон. Тэгэхээр мэдээж  олон охид сонирхож байгаа байх. Та найз бүсгүйтэй юу?

-Өнгөрсөн долоо хоногт 200 гаруй найзын хүсэлт нэг дор ирсэн. Ихэнх нь монгол охид байсан. Одоохондоо найз бүсгүйтэй болно гэсэн бодол байхгүй.

-Нүцгэн зургаа авхуулах үед танд анх ямар санагдаж байсан бэ?

-Миний хийх ёстой зүйлсийн л нэг байсан болохоор ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Яагаад эрэгтэй хүн биеийн галбираа бусадтай хуваалцаж болохгүй гэж. Энэ бол хүмүүсийн дунд байдаг л асуудал шүү дээ. Нүцгэн зургаа авахууллаа гээд эмзэглэх зүйл байгаагүй. Хэрвээ хийж байгаа ажлаасаа эмээж, эмзэглэх юм бол  эерэг үр дүн хүлээх хүлээх хэрэггүй.

-Гадаадад чамгүй удаан хугацааг өнгөрөөжээ. Эх орондоо ирэх бодол байдаг уу?

-Дараа жилээс очихоор төлөвлөж байгаа. Очоод Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялана гэж боддог. 
 

-Магадгүй таны ярилцлагыг уншсан хүмүүст фитнессээр хичээллэж  эхлэх бодол төрж болох юм. Тэдгээр  залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Би та нартай л адилхан гэж хэлмээр байна. Хамгийн анх фитнессээр зүгээр л оролдоод үзье гэж бодоод л эхэлсэн. Харин одоо миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байна. Хамгийн чухал нь хүн эрүүл хооллож, өөртөө цаг гаргах хэрэгтэй. Хүний амьдрал богинохон шүү дээ. Хэзээ ч амьдралд бууж өгөлгүйгээр мөрөөдөлдөө хүрэх ёстой.

-Цаашид хийхээр төлөвлөсөн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

-Олон зүйл төлөвлөсөн байгаа. Боломжийн саналтай гэрээ байгуулах тал дээрээ анхаарал хандуулна. Хамтарч ажиллах талаар олон хүнтэй санал солилцож байсан. Гэхдээ тэдний ихэнх нь намайг өөрт ашигтай байдлаар ашиглах хандлагатай байдаг. Би үүнийг зах зухаас нь ойлгосон. Хэдий тийм ч мөрөөдлөөсөө ухрахгүй.

-Та амьдралын үнэ цэнийг хэрхэн ойлгодог вэ?  

-Би америкчууд шиг дутагдах гачигдах зүйлгүй амьдардаг хүмүүст их атаархдаг. Бусад орны идэх хоолгүй, уух цэвэр усгүй хүүхдүүдэд туслах юмсан гэж бодож явдаг. Дэлхий дээр бидний оршин байх хугацаа маш богинохон. Хүмүүс намайг хөрөнгө чинээтэй, баян айлд өссөн гэж боддог юм шиг байна лээ. Гэтэл би Монголд байхдаа тарчигхан амьдралд дунд өссөн. Манай гэр бүл маш их хөдөлмөрлөж байж, өнөөдрийн байгаа амьдралдаа хүрсэн. Амархан зүйл гэж хаа ч байхгүй. Тиймээс би хөдөлмөрийн үнэ цэнийг сайн мэднэ. Зарим хүмүүс амьдралынхаа эцсийн мөч хүртэл өөрт байгаа нандин зүйлсийнхээ үнэ цэнийг мэддэггүй, хөрөнгө мөнгө, эд материалын араас хөөцөлдөх нь утгагүй санагддаг. Хүний амьдралын хамгийн эрхэм чухал зүйл бол гэр бүл юм. Тэдэндээ цаг зав гаргаж байх нь чухал шүү.

-Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж