Д.Чойжамц: Эв түнжингээ хичээх цаг ирж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Д.Чойжамц: Эв түнжингээ хичээх цаг ирж байна

Д.Чойжамц: Эв түнжингээ хичээх цаг ирж байна

Монгол түмэн тахиа жилээ үдэж, шороон нохой жилийн босгыг давах гэж буй энэ үед ирэх жилийн өнгө, үр шим ямар байх талаар Гандантэгчэнлин хийдэд Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.

-Улиран одож буй  тахиа жилийн үр өгөөж ямар байв. Сургамжтай, анхаарууштай зүйл юу байсныг дүгнэх хэрэгтэй байх. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Бид өнгөрсөн жил Монгол орны хөгжил дэвшлийг бүгд харцгаалаа. Засаг төр нь цэгцэрч, хөгжлийн замд орсон үе байлаа. 1990 оноос хойш Монгол оронд ихээхэн өөрчлөлт гарсан, Улаанбаатар хотод өндөр барилгууд сүндэрлэж, хөгжил дэвшил их гарч байгаа нь сайшаалтай. Лам, хамба хүний хувьд улс орныхоо амьдралыг сонирхож байхад хүмүүсийн яриа, харилцаа, үзэл бодолд өөрчлөлт гарлаа. Бүтээн байгуулалт их хөгжиж, шинээр үйлдвэр барилга баригдаж, эдийн засаг өсөн дэвшиж байна. Өр ширээ төлсөн сайхан жил болж өнгөрлөө.

-Ирж буй шороон нохой  жилийн өнгө ямар байна вэ?

-Энэ жилийн нигуурыг үзвээс нохой жил сайхан жил болох төлөвтэй байна. Гэхдээ онцгой анхаарах хэд хэдэн зүйлс байгаа. Ялангуяа ахмад үеийнхэн ажил хөдөлмөр, биедээ болгоомжтой хандах шаардлагатай. Харин малчид малдаа хянуур хандах хэрэгтэй. Мал бусдын эрхэнд орж мэдэхээр зурхайд буусан байна.

Сүүлийн үед цагаан сарын баярыг зиндаархах гэж тэмдэглэдэг болсон гэх шүүмжлэл байгаа. Ер нь цагаан сарын баярын мөн чанар юу юм бол. Ямар байдлаар тэмдэглэх ёстой вэ? 

-Хүмүүс гоё сайхан тавгийн идээ зассан байна гэж хамаатан садандаа хэлүүлэх  гэж л хүчээ барахаас биш энэ баярт омгорхоод байх нь тун ховор шүү дээ. Ихэнх нь үр хүүхэд, хамаатан садандаа сайхан  харагдах гэж хичээх болж. Тэр  нь хүний араншин биз дээ. Түүнийг хорино гэж байхгүй дээ. Эд агуурсаар ядуу явахаас сэтгэл санаагаараа ядуу явах нь илүү хэцүү байдаг. Тиймээс баян чинээлэг гэж хөөрөхгүй, ядуу зүдүү байна гэж гутарч гунихгүй сэтгэлээ ариусгах хэрэгтэй. Хэрэв өөрийгөө болохгүй байна даа гэж бодсон бол хичээ, хөдөлмөрлө. Гэхдээ зөв бодол санааг агуулж сайн зүйлийн төлөө хичээж, чармайх хэрэгтэй. Цагаан сараар өөрт тохирсон сайхан тавгийн идээ засаж, бэлэг сэлт бэлтгэх нь зөв шүү дээ. Миний багш их эрдэмтэй мундаг лам хүн байсан. Цагаан сараар багшийнхаа гэрт ороход ууц чаналгүй жижигхэн мах чанаад царан дээрээ тавьчихсан, жижиг  тавгийн идээ зассан байдаг байсансан.  Хамгийн гол нь цагаан сар бол монголчуудын уугуул үндэсний баяр гэдгийг  ойлгох хэрэгтэй. Цагаан сар бол Монголын ард түмний эв түнжин, нөхөрлөлийн баяр. Хүн хэн нэгэнд муу санаж, мунхаг ухаанаар бодож явсан бол түүнийгээ цайруулж, цагааруулдаг баяр юм.

-Цагаан сарыг залуучууд  үл ойшоох болжээ. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хуучин цагт бие биедээ торго ч байсан өгөөд, өгсөн торгыг  нь оёж шидээд  дээл хийгээд өмсдөг байсан. Монголчуудын бэлэг бол хүнд хэрэгтэй, зүйл  өгдөг уламжлалтай. Залуучуудын хувьд   Европ зүгийн соёлыг дуурайх болсныг хэн хүнгүй л мэдэж байгаа. Залуу хүнд шинэлэг, өөр байдал руу  тэмүүлэх үе  гэж байдаг даа. Таван жилийн дараа гэхэд тэр бодол өөрчлөгдөж бидний эгнээнд нэгдэнэ шүү дээ /инээв/. Бид ч бас залуудаа шинэ зүйл хүсэж мөрөөдөж байсан. Хуучны уламжлалыг мэдэхгүй үл ойшоодог л байсан. Ерөнхийдөө  энэ байдал цагийн эрхэнд засарна даа.

– Ер нь цагаан сарын бэлэгний гол учир юу вэ?

-Буян хийх гэж байгаа хүний буяныг хэрэггүй гэж хорьж болохгүй. Эрдэнэт хүмүүний төрлийг олсон эгэл нь ч бай, ихэс дээдэс ч бай ямартай ч гэсэн буян хийх хэрэгтэй. Буяны хураахын нэг зүйл нь эд зүйлсийн өглөг байдаг. Гэхдээ харамгүй өглөг юу юунаас чухал. Үүнийг их бага гэж тогтоодоггүй. Тиймээс бие биедээ бэлэг өгч буян хураах гэж байгаа бол түүнийг хорих гээд хэрэггүй шүү дээ. Хүмүүс одоо бүхий л зүйлийг мөнгөөр хэмжих гээд байх юм. Битгий тэгээсэй. Мөнгө бүгдийг шийддэг бол хүн болгон орчлонгийн мөнх бусыг үзэхгүй амьдарсаар л байна биз дээ. Мөнгө бүгдийг чаддаг, хүчтэй мэтээр ойлгодог нь маш эндүү мунхагийн сэтгэл бөгөөд мөнгөнөөс үнэ цэнэтэй зүйл бол та бидний чин ариун буяны сэтгэл юм.

-Та ард түмэн сүсэгтэн олондоо хандаж юу гэж хэлмээр байна даа?

-Энэ үед бидэнд өөрчлөх нэг зүйл байгаа. Бид сүүлийн 26 жил  боогдмол хавчлагатай нийгэмд байсан. Сэтгэлдээ бодож байгаа зүйлийг бие хэл сэтгэлээрээ илэрхийлэх чадвар муутай байсан. Тэгвэл 1990 оноос дэндүү чөлөөтэй боллоо шүү дээ. Үндсэн хуульд “Бусдын эрх чөлөөгөөр хувь хүний эрх чөлөө хязгаарлагдана” гэж заасан байдаг даа. Ардчилал хязгааргүй эрх чөлөө гэж ойлгож болохгүй. Бид нар сайн ч муу ч юм болсон үгийг нь дутуу  сонсож шүүмжилдэг болсон байна.  Энэ нь бүр нийтлэг анзаарагдах болж. Хүний үгийг сайхан тайван сонсож, хүлээж авч, дараа нь түүн дээр нь анализ хийж, тунгаан бодсоны дараа л  шүүмжлэх хэрэгтэй.Тэр шүүмжлэлээс болоод дотроо хуваагдаж нийгэм хоорондоо задраад л. Эв  түнжингээ хичээх цаг ирж байна даа  гэж айлтгая даа.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж