Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд хандлаа.
“Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нь “Эрдэнэт”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалж, зээл авсан нь Ерөнхий сайд асан С.Баярын Засгийн газрын үед хийсэн ажиллагаа бөгөөд энэ нь мөнгө угаалтын нэг хэлбэр. Хулгай хийсэн С.Баяр нарт хариуцлага тооцох ёстой гэх зүйлийг Ж.Батзандан мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяр өөрийг нь шүүхэд өгсөн тухай захидлыг бүрэн эхээр уншсан тухайгаа цахим хуудсаараа дамжуулан хариу барьж, “Баяр гуайн захидлыг бүрэн эхээр нь уншлаа. Шүүхдээ өгөөд ариун нэр төрөө цэвэрлэж ав даа. Ах минь. Би очно. Дуудсан газарт чинь” гэдэг тайлбар хийгээд байна.
Энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ерөнхий сайд асан С.Баяр нарын байр суурийг онцолж байна.
Ж.Батзандан | С.Баяр | |
-“Эрдэнэт”-ийн 51 хувийг С.Баярын Засгийн газрын үед баталгаа гаргаад “Жаст”-ын Ш.Батхүү зээл авсан нь мөнгө угаалтын нэг хэлбэр. Төр төрийн өмчийг барьцаалж, хувийн компанид зээл олгохыг хуулиар хориглодог. “Эрдэнэт”-ийн 49 хувийг олон сар ярилаа. 27 настай залуугийн дансанд 400 сая ам.доллар нэг банкнаас хоёрхон өдрийн дотор орсон. Мөнгө угаалтын хэлбэр л байна лээ. Хууль хяналтын байгууллага нь оролцсон гэдгээ зарласан. С.Баярыг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй, шалгах хэрэгтэй. Эрх баригч нам хариуцлага тооцож чадахгүй байна. Ардчилсан нам муухай гэж ярьдаг, Ардын нам 65-уулаа юм бол хариуцлагаа тооц л доо. Хууль зүйн сайд аа, хариуцлагаа тооц. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намынхан хулгай хийсэн гэж олон жил ярьсан. Одоо хариуцлагаа тооц. С.Баяртайгаа цуг хулгай хийсэн хүмүүсийг хорь. Ч.Ганзоригтой нь цуг хорь. С.Баярыгаа хэрэгт холбогдохоор дуугаа хураагаад суучихдаг. Өөр намын хүн хэрэгт холбогдохоор хамгийн чангаар хашгирдгаа болихгүй юм уу. | -Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү, энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу. Хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх ёстой зүйл бол хуулиа дээдлэх ёс. Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх ёстой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх ёстой. |
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ