АН-148 онгоцны осол: Зорчигчдын дунд гурван хүүхэд байжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

АН-148 онгоцны осол: Зорчигчдын дунд гурван хүүхэд байжээ

АН-148 онгоцны осол: Зорчигчдын дунд гурван хүүхэд байжээ

Зорчигч тээврийн онгоц осолдсон ОХУ-ын Москва мужийн Раменский сууринд самналт үргэлжилж байна. Гэвч осол болсон газар битүү цастай байгаа учраас самналт хийхэд төвөг учирч байгаа ажээ. Өнгөрсөн ням гаригт (2018.02.11) болсон ослын үеэр ОХУ-ын "Саратов Эйрлайнс" компанийн зорчигч тээврийн АН-148 Антонов онгоцны багийн зургаан гишүүнээс гадна 65 зорчигч бүгд амиа алдсан юм.

Онгоц Москва хотын "Домодедово" нисэх буудлаас хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа осолдсон.

Ослын шалтгаан юу байв?

Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй шинжээчид хөдөлгүүр мөстсөн байж магадгүй гэдэг таамаг дэвшүүлжээ. Гэхдээ онгоцны ослын ихэнх тохиолдолд нэг биш, нэлээд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн байдаг нь судалгаагаар нотлогджээ. Тиймээс шинжээчид цаг агаарын таагүй нөхцөл байдал, хүний хүчин зүйл болон техникийн гэмтэл саатлын аль алин нь байж магадгүй гэж үзэж байна. ОХУ-ын Нисэгчдийн үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч Альфред Малиновский хэлэхдээ “Өвлийн ийм цагт чийгшилт өндөр,агаарын хэм 0°С-аас бага байгаа үед хөдөлгүүр мөстөх аюултай байдаг. Хөдөлгүүрийн мөстөхөөс хамгаалах систем ажиллагаагүй болсон бол хөдөлгүүрт мөс тогтож, дэлбэрсэн байх магадлалтай. Онгоц осолдсон газарт том хонхор үүссэнээс  харахад онгоц босоогоор унаж, дэлбэрсэн байх” хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.

Нисэх буудлаас онгоцыг хөөргөхдөө эхлээд 1800 метрийн өндөрт гарсан ч гэнэт 1500 метр хүртэл доошилсон байна. Үүний дараа асар хурдтай унахынхаа өмнө огцом 1800 метрийн өндөрт хөөрчээ. Зарим шинжээчид нисгэгчийг онгоцыг суурингийн дээрээс унагахгүйн тулд эзэнгүй талбай эрэлхийлсэн байж магадгүй гэж таамаглаж байна. Ослын  үеэр онгоцны ахлах нисгэгч Валерий Губанов ослын дохио илгээгээгүй. Шинжээчдийн таамаглаж буйгаар онгоц гэнэт уруудсан учраас нисгэгчдэд дохио илгээх цаг байгаагүй бололтой.

Осол гарах үед ойролцоо байсан гэрчүүд агаарт дэлбэрэлт болсныг баталж байгаа бөгөөд хөдөлгүүр нь дэлбэрсэн гэж таамаглаж байгаа гэнэ. Онгоц осолдсон газарт 19 метрийн диаметртэй, 25 метр газарт хонхор үүссэн байжээ. Онгоцны их бие хэдэн хэсэг болон тарсан. Мөн онгоц унахдаа ойролцоох моднуудын оройг хугалсан байсан гэнэ. Онгоцны сэгийн дийлэнх нь Казахстаны хилийн ойролцоох Орск орчмоос олдсон байна. Шинжээчид одоогоор онгоцны ослыг ямар нэгэн алан хядах ажиллагаатай холбоотой гэж үзэхгүй байна. Гэхдээ онгоцны хар хайрцгийг шинжилсний дараа ослын талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргана гэж мэдэгджээ.

Ан-148 онгоцны хохирогчид хэн байв?
 

ОХУ-ын Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр хохирогчдын цогцсыг таних ажиллагаанд дор хаяж нэг долоо хоног шаардлагатай гэнэ. Одоогоор ослын газарт самналт хийж байгаа мөрдөгчид хохирогчдын тасарч, хуваагдсан биеийн 200 орчим хэсгийг олоод байна. Онцгой байдлын ажилтнууд ослын газарт очсон хохирогчдын ар гэрийнхнээс ДНХ-ийн шинжилгээ авчээ. Мөн онгоцонд зорчиж явсан 65 зорчигч болон нислэгийн багийн зургаан гишүүний нэрсийн жагсаалтыг гаргасан байна. 

Зорчигчдын дунд бага насны нэг, өсвөр насны хоёр хүүхэд зорчиж явснаас гадна Швейцарь, Азербайжаны нэг нэг иргэн байжээ  Хохирогчдын нэг нь ОХУ-ын “Адмирал” хоккейн багийн тоглогч Сергей Ильины сүйт бүсгүй Дарья Толмосова байсан аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм. Мөн АНУ болон Их Британийн Засгийн газар ийм осол болсонд гүнээ харамсч буйгаа мэдэгджээ.

хар хайрцаг олдсон ч…
 

2017 он иргэний агаарын тээврийн салбарт осол аюулгүй жил байсан бөгөөд сүүлийн нэг жил гаруй хугацаанд дээрх шиг олон хүн осолдсон аймшигтай осол гараагүй юм.

ОХУ-ын ослын шинжээчид онгоцны хоёр дахь хар хайрцгийг өчигдөр /2018.02.13/ олсон байна. Гэвч ослын улмаас хар хайрцаг хэмхэрч, сүйдсэн учир шинжлэх ажиллагаа хэдэн сар үргэлжилж магадгүй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж