Пёнчан 2018 өвлийн олимпийн XXIII наадамд 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж байгаагаас өнөөдөр биатлон, тэшүүр, гүйлтийн цана, уран гулгалт зэрэг төрлүүдэд 18 багц медалийн эзэд тодроод байна.
Герман 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Нидерланд, АНУ 3 алт, Норвеги, Франц, Канад 2 алтан медальтай удаалж байна. Наадмыг зохион байгуулагч БНСУ шорт-трекийн төрлөөс нэг алтан медаль авч наймдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд 18 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Монгол улсын гүйлтийн цанын тамирчид энэ удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцоно. Манай тамирчид ирэх пүрэв, баасан гаригуудад буюу хоёдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Алтпениса гүйлтийн цанын төвд уралдана.
Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-т ОУХМ Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-д, ОУХМ Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-д уралдах хуваарьтай.
Ч.Отгонцэцэг “Сочи 2014” өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн онд В ангиллын ДАШТ-ээс шагналт IV байрт орж байсан юм.
Тэгвэл анхны олимпийн наадамд уралдах гэж буй Б.Ачбадрах 2017 оны В ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байгаа.
Энэ удаагийн цанын багийн дасгалжуулагчаар Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байна.