Нью Йоркийн 21 граффити зураач 5Pointz барилгын ханан дээр зурсан бүтээлийг нь барилга барихаар сүйтгэснийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргажээ. Харин Нью Йоркийн шүүгч барилгын эзнийг граффити бүтээлийг сүйтгэсэн хохирлыг барагдуулж, 6.7 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой хэмээн үзжээ.
Нью Йорк хотын 5Pointz хэмээх хуучин барилгын эзэн 21 граффити зураачаар 2013 онд барилгын гаднах ханан дээр битүү зураг зуруулсан ажээ. Гэвч үүнээс нэг жилийн дараа тансаг орон сууцны барилга барихын тулд хуучин барилгыг нураасан байна.
Граффити зураачид 1990 онд батлагдсан АНУ-ын визуаль уран бүтээлчдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу эрхээ хамгаалахаар шүүхэд хандсан ажээ.
Эх сурвалж: AP