Эцэггүй гэсэн шалтгаанаар нярайг уутанд хийж хаяжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Эцэггүй гэсэн шалтгаанаар нярайг уутанд хийж хаяжээ

Эцэггүй гэсэн шалтгаанаар нярайг уутанд хийж хаяжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрлах хогийн цэгт өлгийтэй хүүхдээ хаясан гэх дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт иржээ. Хасах 20 хэмийн хүйтэнд энэ орчлонд, ээжий дээрээ ирээд нэгхэн хонож буй нярай үрээ хогийн саванд хаяна гэдэг дэндүү өр өвтгөмөөр хэрэг.

Эл хэргийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид нярайн эхийг олж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Цагдаагийн алба хаагчид /2018.02.08/-ны өдрийн 15 цагийн орчимд нярайг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгчээ. Нярай хүүгийн эх нь 22 настай А гэгч бөгөөд эмнэлгээс гарахдаа нэг хоногтой бяцхан хүүгээ гялгар уутанд хийгээд хаясан байна. Харин азаар нярайн бие эсэн мэнд ЭХЭМҮТ-д эмчлүүлж  байгаа аж.

Энэ асуудлаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баярбаясгалангаас дараах зүйлийг тодруулав.

-Хүүгээ хаясан ээжийг олсон уу?

-Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа А гэгч нь 22 настай тодорхой эрхэлсэн ажилгүй, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Төв аймгийн харьяат иргэн бөгөөд  нийслэл хотод түр оршин суух хаягтай эмэгтэй байгаа.

-Одоогоор нярайн биеийн байдал ямархуу байна вэ?

-Нярайн ээж А нь ЭХЭМҮТ-д /2018.02.08/-ны өдөр төрөөд маргааш нь эмнэлгээс гарахдаа эмнэлгийн ойролцоох хогийн саванд торонд хийгээд хаячихсан байсан. Нярайг хаягдсан даруйд нь олсон учраас биеийн байдал эсэн мэнд, сайн байна.

-Ямар шалтгааны улмаас хүүхдээ хаясан юм бол?

-Хүүгийн эх “Эцэггүй хүүхэд төрүүлсэн” гэсэн шалтгаанаар хаясан нь тогтоогдсон.

-Хүүгээ хаясан эхэд ямар ял шийтгэл оноох вэ?

-Монгол Улсын Эрүүгийн хууль 2017 оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуучин байсан хуулиараа бол хоёр жил хүртэл хорих ялаар шийтгэдэг байсан юм. Харин шинэ хуульд  хүүхдээ “хаях, төөрүүлэх” гэсэн гэмт хэргийн зүйлчлэл шинээр бий болсон. Эл хуулийн дагуу хүүхдээ хаясан эхэд “зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх” байх. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсны дараа л эцэслэн шийдвэрлэгдэх байх л даа.

-Хүүгийн эх сэтгэцийн хувьд эрүүл байсан уу?

-Сэтгэцийн хувьд цоо эрүүл байсан. Хамгийн гол нь эцэггүй хүүхэд төрүүлсэн гэсэн шалтгаанаар хаясан байгаа юм.

– Нярайг асрамжийн газарт өгөх үү?

-Тийм. Хүүхдийг улсын асрамжид авна. Өөрөөр хэлбэл төр өөрийнхөө иргэнийг хамгаалж асрамжид авч байгаа гэсэн үг.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж