М.Оюунчимэг: АН-ынхан боорцог тараасан

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

М.Оюунчимэг: АН-ынхан боорцог тараасан

М.Оюунчимэг: АН-ынхан боорцог тараасан

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажлын тайлангаа өнөөдөр /2018.02.13/ тус байнгын хорооны дарга дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл хийлээ.  УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 250 өргөдөл хүлээн авсны  196-г нь шийдвэрлэж, эерэг хариулт өгчээ. Мөн 57 өргөдөл нь хянаж, хэрэгжүүлэх шатанд яваа аж. Нийт ирүүлсэн 250 өргөдлийн зургаан хувь нь нийтийн эрх ашгийг хөндсөн байсан бол үлдсэн нь хувийн асуудлаар ханджээ. Тэгвэл УИХ-д нийт 13500 гаруй иргэнээс 9603 хуудас бүхий 1310 өргөдөл, гомдол иржээ. Нийт гомдол, өргөдлийн 63 хувь нь Улаанбаатар хотоос, үлдсэн 37 хувь нь хөдөө орон нутгаас ирүүлсэн байна.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

-Бид ирсэн өргөдөл бүхэнд хариуцлагатай, хянамгай хандаж байгаа. Ямар ч байсан улс эх орны болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд ач холбогдол өгч ажилласан. Нийт өргөдлийг дөрвөн бүлэгт хуваасан. Ингэхдээ өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд дөрвөн удаа томоохон хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эдийн засаг, нийгмийн том асуудлыг хөндсөн. Үүний үр дүнд тодорхой асуудлыг шийдэж чадсан.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 200 орчим тэрбум төгрөг  зарцуулсан байдаг. Гэвч бодитой үр дүн гарахгүй байсаар өнөөдрийн хүрсэн. Харин намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос тодорхой ажлууд зохион байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлт, Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан. Үүний үр дүнд БНСУ-аас 0,2 хувийн хүүтэй урт хугацаатай зээлийг зөвхөн  агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулахаар болсон.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-УИХ-ын бүтцээс Өргөдлийн байнгын хороо нь ард иргэдтэйгээ амьд холбоотой байдаг цорын ганц байнгын хороо. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд олон хүнээс өргөдөл хүлээн авсан. Өргөдлийн бүтцийг харахад бохирдолтой холбоотой асуудал түлхүү байна. Агаарын болон хөрсний бохирдол, Туул голын бохирдол зэрэг нийгмийг бухимдуулсан, цочроосон бас шийдэл хүлээсэн асуудал болсон байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн ихэнх өргөдөл агаарын бохирдол, утаатай холбоотой байсан. Утаатай холбоотой асуудлыг огт таслалгүй авч явсан. Олон ч үйл ажиллагаа явуулсан. Үр дүн нь гарч байгаа гэж хэлнэ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Өргөдлийн байнгын хороонд УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой өргөдөл, гомдол ирсэн үү. Түүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-УИХ-ын гишүүдтэй холбоотой өргөдөл, гомдол байнгын хороонд ирээгүй. Харин ТЕ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар иргэдээс гомдол, өргөдөл ирсэн. Уг өргөдөл, гомдлын дагуу нэр бүхий гишүүд иргэдтэй уулзсан. Мөн холбогдох хуулийн байгууллагад хандсан.

-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцтай холбоотой гомдол Өргөдлийн байнгын хороонд ирсэн гэж байсан. Энэ өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой гомдол бол ирсэн. Уг өргөдөл, гомдлын дагуу нэр бүхий гишүүд иргэдтэй уулзсан. Бид энэ асуудалд маш нухацтай, хуулийн дагуу хандсан. Хувь гишүүнийхээ хувьд гомдол ирүүлсэн иргэдтэй уулзсан. Улмаар энэ асуудлаар Нийслэлийн прокурорын байгууллагад хандсан. Б.Хурцтай холбоотой асуудлаар ямар арга хэмжээ авах асуудлаар маш тодорхой албан бичгийг хүргүүлсэн. Энэхүү албан бичигт н.Энхбат, н.Жаргал нараас гарсан гомдол, хүсэлтийг харьяалалын дагуу хүлээн авлаа. Прокурорын байгууллагаас ‘Б.Хурц нь өс хонзонгийн болон бусад хувийн сэдлээр н.Энхбаяр, н.Жаргал нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-т зааснаар үндэслэл тогтоогдохгүй байна. Тиймээс гомдлыг нь хүлээн авахаас татгалзаж байна’ гэсэн бичиг ирсэн.

-Сар шинийн өмнө УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, бэлэг тарааж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гурил тарааж байна гэх мэдээлэл гараад байна. Бэлэгний төсөв хаанаас гарсан бэ. Энэ талаар тайлбар өгнө үү?

-УИХ-ын гишүүд бэлэг тарааж байна гэхээсээ илүү тойргийнхоо өндөр настай буюу 70-аас дээш настай  ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн. Мэдээж бусад УИХ-ын гишүүд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлж байхад манай тойргийн ахмадууд ч гэсэн “бидэнд яагаад хүндэтгэл үзүүлэхгүй байна вэ” гэж бодно.  Иймээс ч хүндэтгэл үзүүлсэн. Үзүүлэхдээ хийсэн ажлынхаа тайланг өгсөн болохоос биш элсэн чихэр, будаа, гурил тараах биш шүү дээ. Тэгэхээр УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулчихаж болно. Тухайлбал, БНСУ-ын хуульд 5000 воноос дээш үнийн дүн бүхий эд материал тараахыг хориглоно гээд заачихсан байдаг шиг хуульдаа тусгаад өгчихвөл надад ч амар байна. Улсын төсөвт тойрогт зарцуулсан мөнгө суух болоогүй. 2018 оны улсын төсөвт суусан. Энэ мөнгө нь гишүүдээр дамждаггүй. Тухайн салбарын яам, агентлаг, төрийн өмчийн хороогоор дамждаг гэх мэт их хатуу болсон. УИХ-ын гишүүд хувиасаа зохицуулдаг. Ер нь энэ асуудлыг зохион байгуулалттай л дэвэргээд байх шиг байгаа юм. АН-ын гишүүд ч гэсэн боорцог тараагаад явж л байна. Бэлэг гэхээсээ хүндэтгэл гэж харах хэрэгтэй. Бүх гишүүд л ийм хүндэтгэл үзүүлж байгаа. Сүүлийн 20 жил явж ирсэн жишиг.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж