Хойд Солонгосын хосын бэлтгэл хангагджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Хойд Солонгосын хосын бэлтгэл хангагджээ

Хойд Солонгосын хосын бэлтгэл хангагджээ

Өвлийн спортын хамгийн үзэх сонирхолтой төрлийн нэг уран гулгалтын төрөл байдаг. Мөн энэ төрлийн үзвэрийн билет ч хамгийн их эрэлттэй. 

Пёнчан 2018 өвлийн олимпийн наадмын уран гулгалтын багийн төрөл өчигдөр өндөрлөж, Канад, Оросын олимпийн баг, АНУ эхний байруудад шалгарсан. Тэгвэл маргаашаас Каннэ ордонд хосын төрөл эхлэх гэж байна.

Энэ удаагийн хосын төрөлд оролцох Хойд Солонгосын хос болох Ким Жү Сик, Лём Дэ Уг нар юм. Харин тэднээс бэлтгэлийн үеэр яриа авах гэж өмнөдийн сэтгүүлчид зүтгэл гаргасан ч талаар болсоор байна. Тэд зөвхөн “Зүгээрээ, бэлтгэл хангагдсан” гэхээс өөр зүйлийг дуугараагүй аж.

Хойд Солонгосын эрэгтэй уран гулгагчдын шилдэг тамирчдын нэг Ким Жү Сик энэ жил 26 настай бөгөөд тэрбээр 2001 оноос эхлэн уран гулгалтаар хичээллэж байгаа аж. Харин түүний хамтрагч Лём Дэ Уг хоёрдугаар сарын 2-д 19 нас хүрчээ. 

Ким Жү Сик, Лём Дэ Уг нар хосын төрөлд 2015 оноос эхлэн өрсөлдөж эхэлсэн бөгөөд Азийн нээлттэй тэмцээнд түрүүлж, “Cup of Tyrol 2016”, “Asian Winter Games 2017” тэмцээнээс  хүрэл медаль хүртсэн. Тэд өнгөрөгч онд Германд болсон тэмцээнээс гуравдугаар байранд орсноор Пёнчаныг зорих эрхтэй болсон байна. Хэдийгээр олимпийн эрхээ авсан ч оролцох эсэх нь тодорхой бус байсан. Харин гулгагчид нэгдүгээр сарын 9-д болсон хоёр Солонгосын уулзалтын үр дүнд Пёнчаныг зорих болсон юм.

Хосын төрлийн үзүүлбэр хоёрдугаар сарын 14-д богино үзүүлбэрээр эхэлж, 15-ны өдөр чөлөөт үзүүлбэр болсноос медальтнууд тодорно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж