Гагнуурчин Л.Ганцоож: Онгоцны гагнуурт мэргэших нь миний ойрын зорилго болоод байна

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Гагнуурчин Л.Ганцоож: Онгоцны гагнуурт мэргэших нь миний ойрын зорилго болоод байна

Гагнуурчин Л.Ганцоож: Онгоцны гагнуурт мэргэших нь миний ойрын зорилго болоод байна

Бразилийн Сао Паоло хотноо зохиогдсон “Дэлхийн ур чадвар” тэмцээнд Монгол улс 2015 онд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан билээ. Тус тэмцээний гагнуурын төрөлд амжилттай оролцож байсан  Л.Ганцоожтой “Монгол ур чадвар-2018” гагнуурын тэмцээнд шүүгч хийж байхад нь дараах ярилцлагыг авлаа. Тэрбээр МИАТ ХК-ийн Техник үйлчилгээний хэлтэст дагалдан техникчээр ажиллаж байгаа юм байна.

-“Монгол ур чадвар-2018” тэмцээнд шүүгчээр ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээний онцлог юу байна вэ?

-27 сургуулийн 31 оролцогч өрсөлдөж байна. Миний үед цахилгаан гагнуур гэсэн ганцхан төрлөөр зохион байгуулагдаж байсан бол энэ жил гагнуурын гурван төрлөөр, “Дэлхийн ур чадвар” тэмцээний стандартаар явагдаж байна.

-Гагнуурчин мэргэжлийг яагаад сонгож байсан бэ. Дүү нартаа юу гэж захидаг вэ?  

-Гагнуурчин бол гэж хэлдэг. Хамгийн анх гагнуур хийснээ мартдаггүй юм. Арван жилд байхдаа ах нартайгаа барилга дээр ажилладаг байлаа. Нэг удаа дээвэр янзалж байхад ах маань гагнуур хийсэн. Оч үсрээд л үнэхээр гоё харагдсан л даа. Тэгэхээр нь ахыг гуйж нэг гагнаж үзсэн юм. Төмрийг залгаж оёсон нь үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж төрсөн. Ингэж л гагнууртай танилцаж, үүнээс хойш гагнуурчин болъё гэж хатуу шийдсэн.

Хоёрхон ажил гүйцэтгээд л гагнуурчин боллоо гэж бодож болохгүй. Амархан сурдаг ажил биш. Гагнуурчин хүнд гарын хөдөлгөөн их чухал. Үүнийг хүмүүс гарын мэдрэмж гэж ярьдаг. Гагнуурын алхны үзүүрийг хөдөлгөх, сүүлийг нь хөдөлгөх хоёр өөр “оёдог”.

-Хэзээнээс мэргэжлийнхээ амт шимтэнд орсон бэ?

-Техник технологийн политехник коллежид сурах хугацаандаа би үнэнийг хэлэхэд төдийлөн хичээдэггүй байсан. Хичээлээ таслах ч үе байсан. Гэтэл тэр үед миний амьдралыг өөрчлөх нэг зүйл тохиолдсон. Мөнгөний асуудал гарсан юм. Тэгэхэд багш нар маань сургуулиа амжилттай төгсвөл ажилд авна гэж хэлэхэд нь “Сайн суръя, цалинтайгаа шууд золгоё” гэж бодсон. Ингэж төгсөх хүртлээ үнэхээр их хичээсэн. Өдөрт зургаан цаг заадаг байхад би багшаас гуйж байгаад найман цаг хичээллэдэг байсан. Гагнуураар би мөнгө олно, гагнуураар би гэр бүлээ тэжээнэ гэж бодсон. Гэр бүл, багш нар маань, сургуулийн удирдлага гээд олон хүн тусалсан. Тэр олон хүний хүч дэмжлэгээр дэлхийн тэмцээнд явсан. Сургуулиа багшаар үлдэж байсан.  

-“Дэлхийн ур чадвар” тэмцээнд хэр их бэлтгэж оролцож байсан бэ?

-Эхлээд сургууль дээрээ, дараа нь БНСУ-д хоёр ч удаа бэлтгэл хийж байсан. Солонгост очиход тоног төхөөрөмж, орчин нөхцөл, материал хангамжийг нь манайтай харьцуулахад газар, тэнгэр шиг санагдсан. Би чинь амьхандаа л улсад түрүүлчихсэн, өөрийгөө сүрхий амьтан гэж бодож очиж байгаа шд. Гэтэл Солонгост очоод өөрийгөө маш их голж байсан. Монголд байхгүй аппарат дээр ажиллаж үзсэн. Солонгос оюутнууд ямар ч алдаагүй оёж байгааг хараад тэднээс суралцах зүйл их байгааг ойлгосон. Тэд нар дөрвөн жил бэлтгэл хийсэн хүүхдүүд шүү дээ. Тэгэхэд би 14 хоногийн бэлтгэл хийхээр очиж байгаа юм. Дараа нь Оюутолгой компани дээр бэлтгэл хийсэн. Одооных шиг “Дэлхийн ур чадвар” тэмцээн нийгмийн анхаарал дунд байгаагүй.

-Тэр сүрхий солонгосын оюутнууд тэр жилийнхээ тэмцээнд хэддүгээр байрт орсон бэ?    

-Эхний гуравт ч ороогүй. Өрсөлдөөн ихтэй шүү дээ, дэлхийн тэмцээн гэдэг чинь. Би гэхэд санасан амжилтаа үзүүлж чадаагүй. Нээлт нь яг олимп шиг болдог. Тэгэхэд л анхны сандрал эхэлсэн. Дэлхийн ур чадварын тэмцээн бол Дэлхийн ур чадварын олимп юм гэдгийг ойлгосон.

Гагнуурын дөрвөн төрлийн алх байдаг юм. Монголд бол тус тусдаа төхөөрөмжтэй. Гэтэл дэлхийн тэмцээн энэ дөрвийг нийлүүлсэн нэг л аппарат дээр явагддаг. Монголд бол өөр төрлийн гагнуур хийхдээ дамрыг нь сольдог бол дэлхийн тэмцээнд аппаратны товчлуурыг дарахад өөр төрлийн гагнуур хийхэд бэлэн болно. Солонгост очоод соёлын шок шиг зүйлд орж байсан чинь “Дэлхийн ур чадвар” тэмцээнд дөрвөн тусдаа аппаратыг нэгд багтаасан, хамгийн сүүлийн үеийнх дээр ажиллах болоход жинхэнээсээ шоконд орсон. Одоо бол Монголд, Оюу толгой компанид энэ аппарат бий. Дараа, дараагийн “Дэлхийн ур чадвар”-т оролцох хүүхдүүд энэ аппарат дээр бэлтгэл хийх боломжтой.  

Мөн бид анх удаа дэлхийн тэмцээнд оролцож байгаа учир цагийн зохион байгуулалт дээр алдаа гаргасан. Цагтаа амжиж даалгавраа гүйцэтгэж чадаагүй. Нэг сандрахаар маш их хэцүү юм билээ. Гараараа бариад гагнаж байхад л гагнуурын үзүүр чичрээд байсан. 2017 оны оролцогч Ж.Жанлав-Ойдов өмнө нь Шанхайд нэг тэмцээнд орсон байсан. Би өмнө нь нэг тэмцээнд орсон байсан бол арай гайгүй амжилт үзүүлэх байсан юм болов уу гэж боддог. Миний бодол л доо.

-2017 оны оролцогч, Тусгай байрын шагналт Ж.Жанлав-Ойдов та хоёрын хувьд ямар холбоотой байна вэ. Хоёулаа нэг сургуулиас гарч ирсэн?

-Намайг сургуульдаа багшилж байхад нэгдүгээр курст орж байсан. Багш, шавийн харилцаатай. Намайг багшаа гэж дууддаг. Найман сар гаруй хамтдаа ноцолдсон хоёр байгаа юм. Би өмнө нь дэлхийн тэмцээнд орж үзсэн байсан болохоор мэдэхээсээ, мэдэхгүй бүх зүйлийг хэлж өгсөн.

Ж.Жанлав-Ойдов бид хоёр хоёулаа Техник технологийн политехник коллежийн бүтээгдэхүүнүүд. Манай сургуулийн тоног төхөөрөмж муудаа орохгүй. Багш нар ур чадвар сайтай. Хүүхэд бүртээ тулж ажилладаг. Өөрсдөөс шалтгаалах бүгдийг хангадаг нь ингэж амжилт үзүүлэхэд нөлөөлдөг байх гэж боддог.

-Одоо МИАТ ХК-д ажиллаж байна. Ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?  

-Цехийн ахлагч, гагнуурчид маань шинээр ажилд ороод удаагүй байгаа надад маш их тусалдаг. Манайх дөрвөн гагнуурчинтай. Энэ завшааныг ашиглаад Х.Баясгалан, М.Бямба, Б.Бат-Эрдэнэ ах нартаа баярлалаа гэж хэлмээр байна. МИАТ-ийн Техник үйлчилгээний хэлтэс онгоцны гагнуурын эрх авахаар ажиллаж байгаа. Үүн дээр мэргэших нь миний ойрын зорилго болоод байна. Үүний тулд хэлээ сайн сурах ёстой, мэргэжлийн хувьд улам төгөлдөржих ёстой. Миний мөрөөдөл том.

-Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж