“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын кёрлингийн холимог хосын төрөлд Оросын олимпийн баг хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр хойд хөршийн баг Норвегийн хосыг 8:4 оноогоор хожиж, медалийн болзол хангалаа. Энэ төрлийн аваргын алтан медалийн төлөө Канад, Швейцарийн багууд шалгарсан бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр19:05-с болно.
Энэ наадмаас эхлэн кёрлингийн холимог хосын төрөл нэмэгдсэн бөгөөд нийт найман баг өрсөлдсөн. Хэсгийн тоглолтоос Канад 6 хожил авсан бол Швейцарь 5, Оросын олимпийн баг, Норвеги 4 хожил авснаар хагас шигшээд үлдсэн. Харин БНХАУ 4, АНУ, БНСУ 2, Финланд нэг хожилтойгоор олимпийн наадмыг өндөрлүүллээ.
Кёрлингийн холимог хосын төрөл олимпийн наадмын нээлтийн өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 8-д эхэлж, өнөөдөр өндөрлөж байна. Кёрлингийн эрэгтэй, эмэгтэй багийн төрөл маргааш эхлэх бөгөөд медальтнууд наадмын сүүлийн өдөр буюу хоёрдугаар сарын 25, 26-д тодрох аж.