Пёнчан 2018 олимпийн наадмын биатлоны эрэгтэй 12.5 км-н пасьют буюу хөөх уралдаан өчигдөр болж, медальтнууд тодорлоо.
Спринт уралдаанд 8-р байранд орсон М.Фуркад 12.5 км-н хөөх уралдаанд торох зүйлгүй аваргын алтан медалиа хүртэж 2014 оны Сочигийн олимпийн хөөх уралдааны алтан медаль хүртсэн амжилтаа давтлаа. Түүний хувьд энэ улиралд хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан Й.Бьо спринтэд хангалтгүй уралдсан нь алтан медаль хүртэх боломжийг илүү өндөр болгосон. Тэр хөөх уралдаанд алтан медаль хүртснийхээ дараа “өчигдөр юу болсныг ч ойлгохгүй байна. би өнгөрсөн шөнө сэтгэл гонсгор байсан. Спринт төрөлд алтан медаль авахын төлөө шаргуу хөдөлмөрлөсөн. Миний алдаа нь намайг өнөөдөр алтан медаль авах боломжийг олголоо” хэмээн ярьжээ. Мэдээж түүний хувьд Ванкувер болон Сочигийн олимпийн наадмаас спринт төрөлд медаль хүртэж чадаагүй байсан. Иймд энэ удаа спринт төрөлд олимпийн алтан медалийг зүүж үзэх хүсэл их байсан нь дамжиггүй. Гэхдээ тэр хөөх уралдаанд алтан медаль хүртэж чадлаа.
Эрэгтэй 12.5 км-н хөөх уралдааны медалийн эзэд:
- М.Фуркад (Франц) – 32 мин 51.7 сек (1-0-0-0)
- С.Самуэлссон (Швед) – 33 мин 03.7 сек (0-0-1-0)
- Б.Долль (Герман) – 33 мин 06.8 сек (0-1-0-0)
Мөнгөн медаль хүртсэн Шведийн С.Самуэлссон финишийг сайн хийж мөнгөн медаль хүртлээ. Шведийн эрэгтэй шигшээ багт ирээдүй гэрэлтэй байна. Хамгийн сүүлд 2010 оны Ванкуверын олимпийн наадамд Б.Ферри хөөх уралдаанд алтан медаль хүртсний эс тооцвол Шведийн эрэгтэй биатлоны баг 1992 оноос хойш чимээгүй байсан. Харин энэ удаа 20 настай залуу тамирчин С.Самуэлссон мөнгөн медаль хүртэж эх орондоо бэлэг барьж байна.
Энэ өдрийн хөөх уралдаанд Герман залуучуудаас медаль хүртэх магадлал өндөр байсан. Учир нь А.Пайффер, Э.Лессер, С.Шемпп болон Б.Долл нар уралдааны тэргүүн хэсгүүдэд өрсөлдөж байсан. Үүний үр дүнд Б.Долль хүрэл медаль хүртэж Германчуудын медалийн тоог нэгээр нэмсэн бол А.Пайффер сүүлчийн буудлагандаа 2 сум алдаж 8 руу унасан. Тэгвэл Норвегийн Й.БЬо 31-с гарч 6 сум алдаж 31-р байранд орж бас л медальгүй үлдлээ.
Б.БЯМБАБАЯР