‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн XXIII наадмын биатлоны эмэгтэй 10 км-н пасьют буюу хөөх уралдаан өчигдөр болж, медальтнууд тодорлоо.
Эмэгтэй биатлоны төрлөөр нэг олимпийн наадмаас спринт болон хөөх уралдаанд хоюуланд нь алтан медаль хүртэж давхар цохилт хийж байсан тамирчин гарч байгаагүй. ‘Альбервилль-1992’ олимпийн наадамд эмэгтэй хувийн ганцаарчилсан, ойрын зайн болон буухиа уралдаанд анх удаагаа олимпийн хөтөлбөрт багтсан бол ‘Солт-Лейк-2002’ олимпийн наадмаас хөөх уралдааны төрөл багтсан. Ингээд 2002 оны олимпийн наадмаас спринт уралдааны минутын үр дүнгээр шилдэг 60 тамирчныг хөөх уралдаанд гараанаас гарч уралдах болсон. Тэр цагаас хойш ‘Солт-Лейк-2002’, ‘Турин-2006’, ‘Ванкувер-2010’, ‘Сочи-2014’ өвлийн олимпийн наадмуудад эмэгтэй спринт уралдаанд түрүүлсэн тамирчин дараагийн хөөх уралдаанд амжилтаа хадгалан алтан медаль хүртэж байсан тохиолдол гарч байгаагүй. Харин 2002 онд Германы К.Вильхельм, 2010 онд А.Кузмина нар спринт төрөлд алтан медаль хүртээд хөөх уралдаанд мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл энэ удаа Герман бүсгүй Л.Далмайер хоёр төрөлдөө хоюуланд нь алтан медаль хүртэж олимпийн наадмын эмэгтэй биатлоны төрөлд шинэ түүх бүтээлээ.
Эмэгтэй 10 км-н хөөх уралдааны медалийн эзэд:
- Л.Далмайер (Герман) – 30 мин 35.3 сек (0-1-0-0)
- А.Кузмина (Словак) – 31 мин 04.7 сек (0-1-2-1)
- А.Бескон (Франц) – 31 мин 04.9 сек (0-0-0-1)
Энэ удаагийн олимпийн наадмын цаг агаарын таагүй нөхцөл таагүй байна. Хошой алтан медалийн эзэн, шинэ түүхийг бичигч Л.Далмайер тэмцээний дараа “цаг агаарын байдал үнэхээр амаргүй, хүйтэн бас салхитай байлаа. Бид хүнд нөхцөл байдал дунд уралдлаа” хэмээн ярьжээ.
Мөнгөн медалийг хүртсэн Словак бүсгүй А.Кузмина 13-с урагшаа дайрч тун сайн уралдлаа. Хэрвээ 4 сум алдаагүй бол А.Кузминад ч алтан медаль хүртэх боломж байлаа. Тэд хоёр дахь буудлагаа хийгээд гарахад А.Кузмина тэшилтээр Германы Л.Далмайерыг илүүрхэж байсан. Гэвч эхний босоо буудлага дээр хоёр сум алдсан нь түүнийг алтан медалийн төлөөх өрсөлдөөнөөс бараг л гаргасан гэхэд болно. Харин спринт уралдаанд шагналын тавцан дээр гараад байсан Норвегийн М.Олсбю 4 сум алдаж 4-р байранд орсон бол В.Виткова 3 сум алдаж 7-р байранд орлоо.
Мөн энэ өдөр Францын 30 настай тамирчин А.Бескон 19-өөс гарч маш сайн урагшилж медалийн тавцан дээр гарсан нь онцлох үйл явдал байлаа. Тэгвэл эсрэгээрээ медалийн төлөө өрсөлдөх учиртай К.Макарайнен 6 сум, Д.Вирер 5 сум, Д.Домрачева 6 сум алдаж хангалтгүй өрсөлдөөн үзүүлэв. Ялангуяа спринт уралдаанд ТОП-10-т багтаад байсан Д.Домрачева 6 сум алдаж бүр хойшоо 37-р байр хүртэл ухарсан.
Б.БЯМБАБАЯР